“Тэмүүлэнбаатар” компани 1.2 тэрбум төгрөгөөр иргэдийг хохироожээ

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр "Хангарьд" ордны 14 давхрын хурлын танхимд боллоо. Өнөөдрийн хуралдаанаар Дулааны V дугаар цахилгаан станцын газрыг чөлөөлүүлэх тухай, зөвшөөрөлгүй барилгын талаар авах зарим арга хэмжээний тухай, Нийслэл, дүүрийн Засаг даргын зарим захирамжийг хүчингүй болгох тухай, Ерөнхий боловсролын сургуулийн захирла, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай журмын төсөл зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.


Баянзүрх дүүргийн II хороо, Ургах наран хорооллын замын урд 43 га газарт Дулааны Vдугаар цахилгаан станцийг барьж, тус газрыг эзэмших эрхийг Эрдэс баялаг эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатай газар өмчлүүлэх эрхийг шийдвэрлэх талаар хэлэлцсэн. Уг газар нь нийслэл хотын ундны усны хамгаалалтын дотоод муж, Төмөр замын хамгаалалтын мужид багтсанаас гадна Богд уулын хамгаалалтын бүсэд багтдаг аж. Гэвч тус газрын орчим хууль бус газар олголтоор зөвшөөрөл авсан хэд хэдэн аж ахуйн нэгж байгууллага орон сууц болон бусад зориулалтаар ашиглаж байсныг 2009 онд НИТХ-ын тогтоол гарч цуцлах арга хэмжээ авсан юм байна. Одоогоор тус газарт  дулааны цахилгаан станц барихад бүрэн боломжтой гэж байгаа ч ундны усны хамгаалалтын бусэд багтаж байгаа нь байгаль орчны нөлөөлөл хэр байхыг судлах шаардлагатай гэж хуралд оролцогчид үзлээ. Тиймээс тус газарт байгаль орчны үнэлгээ, судалгааг хуулийн дагуу хийж гүйцэтгэх эрхийг Эрчим хүчний яаманд олгохоор тогтлоо. Улмаар байгаль орчны үнэлгээ  гарч, уг газарт дулааны цахилгаан станц арьж болох эсэхийг эргэн ярилцах болсон юм.
Зөвшөөрөлгүй барилгын талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэхээс өмнө хотын дарга нэгэн тайлбарыг өгсөн. Тэрбээр " Зөвшөөрөлгүй барилгын талаар гэж ярих нь буруу. Учир нь зөвшөөрөлгүй гэдэг нь холбогдох байгууллагуудас ямар ч зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэж ойлгогдож байна. Гэтэл ингэж дур мэдэн барилгын ажил эхлүүлсэн аж ахуйн нэгж хэдхэн байгаа. Тиймээс зөрчил гаргасан барилгын компаниудын талаар хэлэлцэнэ  гэж мэдээлэл өгөх нь зүйтэй" гэв. Энэхүү асуудлаар НМХГ-ын дарга М.Ням-Очир мэдээлэл өгсөн.
2012 оны аравдугаар сард  нийслэл хотод баригдаж буй 600 гаруй барилгыг шалгасан бөгөөд шалгалтад 172  барилга зөрчилтэй байсан аж. Шалгалтад бүдэрсэн 172 барилгын эздэд компани бол 4 сая хүртэл төгрөгөөр, эзэмшигчнь хувь хүн бол 500 мянгаас 2.0 сая хүртэл төгрөгөөр торгож, нийт 250 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан аж. Өнөөдрийг хүртэл дээрх барилгуудын эзэд зөрчлөө арилгаж, энэ хавраас үйл ажиллагаагаа үргэлжүүлэх эрхтэй байгаа гэнэ. Харин одоо 80 барилга зөрчилтэй хэмээн үйл ажиллагаагаа эхлэх боломжгүй байгаа гэнэ. Эдгээр барилгын эзэд албан шаардлагын дагуу зөрчлөө арилгасан тохиолдолд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болох юм байна. Гэхдээ Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо, VI  сургуулийн урд байрлах "Авзага трейд" ХХК-ний орон сууцны барилга, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Тэмүүлэнбаатар" ХХК-ийн орон сууцны барилга, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, орон сууцны 14,15 дугаар байрны урд байрлах "Адоре пропертиз" ХХК-ний зочид буудлын барилгыг буулгах хүртэл арга хэмжээ авах талаар мэдээлсэн.


Авзага трейд" ХХК-ний орон сууцны барилгын хувьд гүйцэтгэгч компани газрын хэмжээг хэтрүүлж, VI дугаар сургуулийн газрын дур мэдэн өмчилсөн, "Тэмүүлэнбаатар" ХХК-ийн орон сууцны барилгын хувьд  тус компани нь газрын зөвшөөрлийн зориулалтыг өөрчилсөн, "Адоре пропертиз" ХХК-ний зочид буудлын барилгын хувьд гүйцэтгэгч компанийн зөрчил гэхээсээ илүүтэй иргэдээс ирсэн санал гомдлыг үндэслэсэн хэмээн мэдэгдлээ.

"Тэмүүлэнбаатар" компани  нь 13 давхар, 77 айлын орон сууц барьж ашиглалтад оруулна хэмээн иргэдээс 1.2 тэрбум төгрөгийн урьдчилгааг авсан аж. Гэтэл шалгалтад бүдэрч үйл ажиллагаа нь цаашид үргэлжлэх эсэх нь тодорхойгүйболсон тул захиалга өгч хохирсон иргэд тус компанийг шүүхэд өгсөн гэнэ. НМХГ-аас ч тус компанийг шүүхэд өгөөд байгаа юм байна.

Иймд шүүхийн шийдвэр гарсны дараа тус барилгын асуудлыг дахин хэлэлцэж, иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах талаар шийдвэр гаргах аж.  Түүнчлэн жилийн жилд баригдаж байгаа болон баригдсан барилгын араас хөөцөлдөж торгох нь гол биш, гэхдээ торгуулийн хэмжээг нэмэгдүүлснээр зөрчил багасна. Мөн барилга барих эрх олгож, хууль зөрчсөн дарга, албан тушаалтнаар хохирлыг барагдуулдаг хууль эрх зүйн орчинг бий болгох асуудлыг шийдвэрлэх зүйтэй гэж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд үзлээ.
П.Наран

0 comments:

Post a Comment