"You Tube" сайтад байршуулсан "2070 оноос ирсэн захиа" гэдэг бичлэгийг үзээгүй хүн цөөхөн биз. Энэ бичлэгт өгүүлснээр бол хүн төрөлхтөн ердөө 60 орчим жилийн дараа усыг балга төдий хэмжээгээр хэрэглэнэ гээд боддоо. Ус бараг уудаггүй учир 50 настай хүн 85-тай юм шиг оворжуу харагдана. Тосны гаралтай нэг удаагийн чийгшүүлэгч цаасаар биеэ арчина. Урт сайхан үсээ намируулдаг бүсгүйчүүд ус хэрэглэж чадахгүй болохоор бүгд халзан толгойтой байхыг хүснэ. Хүрээлэн байгаа орчин тэр чигтээ элсэн цөл болон хувирна... Энэ мэт жишээгээр үргэлжлэх уг бичлэгт шууд итгэх нь учир дутагдалтай хэдий ч ирээдүйд ийм аюул нүүрлэхийг үгүйсгэх аргагүй юм. Монголчууд бид амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг. Энэ үг хорвоод хүн болж төрөхийн утга учрыг алтны үнэ цэнтэй зүйрлэсэн утга санаа юм. Гэхдээ одоо алтан аягаар уух нь битгий хэл амьдралыг тэтгэгч ус маань "алга" болж байна. Алтаар аяга хийж гангарах уу аль эсвэл зүгээр усаа уух уу? Уул уурхайн үйлдвэрлэл олборлолт эрчимтэй явагдаж буй манай оронд энэ асуулт бүр ч их хамаатай. Усны хомсдлын аюул дэлхий дахин хэрхэн тулгарч буй мэдээллийг хүргэе.2025 он-Ангасан хүн ам
Дэлхийн усны хэрэглээ ирээдүйд хэрхэх вэ? Дэлхийн улс орнууд усны арвин нөөцтэй нэг рүүгээ дайрах магадлал өндөр байгаа тухай сануулгыг НҮБ-аас арваад жилийн өмнө гаргаж байжээ. Өнгөрсөн тавин жилийн хугацаанд улс орнуудын хооронд устай холбоотой маргаан олон удаа дэгдэж байсны дийлэнхийг энхийн замаар шийдвэрлэжээ. "Үндэстний Тойм" сэтгүүлийн нэгэн дугаарт дурдсан энэ өгүүлбэр ирээдүйд нүүрлэх аюулыг батлах мэт. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан усны төлөөх улс орнуудын хоорондох тэмцэл цаашид улам ширүүсэх магадлалтай хэмээн 2000 онд анхааруулж байсан аж.
2025 он гэхэд хүн амын өсөлт ихтэй Африк, Дундад Азийн орнуудын гол мөрөн ширгэж усны нөөцийн аюул ихээр тулгамдана. Тиймээс цангаагаа тайлахын тулд зэвсэг барин тэмцэх магадлалыг нэмэгдүүлнэ хэмээн шинжээчид сануулжээ. "Дэлхийн усны нийт нөөцийг шилэн аягаар зүйрлэвэл хэмжээ нь талдаа орлоо" хэмээн НҮБ-ын судалгаанд онцолсон байна.
Усны сайн нөөцтэй орнууд: Финланд, Канад, Шинэ Зеланд, Япон, Их Британи Усны хомсдлын асуудал тулгамдаж буй орнууд: Бельги, Морокко, Энэтхэг, Иордан, Судан
Харин Монголд?
Усны цоргоо нээсэн чигээрээ шүдээ угааж зогсдог хэдэн хүн байна? Гар өргөн хүлээн зөвшөөрөх хүн олон бий. Хүн амын тоо усны хэрэглээнд шууд нөлөөлдөггүй. Хүн ихтэй хэрнээ хэрэглээ багатай орнууд усны нөөцөө зөв зарцуулан амьдарч байна. Гэтэл бид усыг асгаж цутгаж хэрэглэдэг нь үнэн. "2030 онд гүний усны хомсдолд орох магадлал тун өндөр байна. Учир нь нийслэлийн иргэд хоногт дунджаар 300 мянган шоо мерт усыг хэрэглэж байгаа" гэсэн тооцоог "Жайка"-гаас гаргажээ.
Монгол Органик хөтөлбөрийн ерөнхий зохицуулагчийн Д.Онон илтгэлдээ "Монголчууд нийт хэрэглээний 91 хувийг гүний усны нөөцөөс хэрэглэдэг бөгөөд 20 жилийн дараа гэхэд нөөц дуусна. Уул уурхай үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ихээр ашиглах юм бол 10-аас бага жилийн дотор нөөц барагдаж хомсдолд орох цаг хугацаа ойртож буй гэж сануулсан.
Бусад оронтой харьцуулбал нэг хүнд ноогдох хувь хэмжээ их мэт боловч Монголын нийт хүн амын 50 хувьд усны хомсдол нүүрлэх аюул тун ойртсон гэдгийг судалгаанууд баталж байна. Усаа гамнах уу эсвэл зоргоороо хэрэглэх үү?
Э.ГАНЧИМЭГ
0 comments:
Post a Comment