Өчигдөр үдээс хойш Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, бидний нэрлэж заншсанаар Дамбадаржаагийн гүүрний ойролцоо "Автобус III" компанийн УБЧ 03-58 дугаарын автобусны жолооч Н ноцтой осол гаргаж, дөрвөн настай хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.
Үүнээс сар гаруйн өмнө нийтийн тээврийн автобус осол гаргаж, хэд хэдэн хүний аминд хүрснийг бид мэдээлж байсан билээ. Тэдний хоёр нь ээж, аавынхаа өврөөс ч гараагүй бага насны хүүхдүүд байсан юм. Ер нь нийтийн тээврийн жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах ундаа хэрэглэсэн, хурд хэтрүүлж хүний амь хохироосон, ухрахдаа хүн дайрсан, шүргэж гэмтээсэн гээд өч төчнөөн хариуцлагагүй, харамсалтай үйлдлийг гаргах болов.
Ойр ойрхон гарч, хүний аминд хүрч буй эдгээр осол жолооч нарын хариуцлага, ур чадвар ямар хэмжээнд байгааг харуулж байна. Үүнд холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ.
Ингэхэд автобусны жолооч нарыг ямар шалгуураар сонгодог вэ?
Үнэндээ манай улсад автобусны ангилалтай л бол хэн ч байсан нийтийн тээврийн жолооч болох эрхтэй байдаг аж. Уг нь автобусны жолооч хамгийн шилдэг, хариуцлагатай байх ёстой.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 800 орчим автобус үйлчилдэг. Хүнээ өрсөж авахын төлөө нэгэнтэйгээ уралддаг автобусууд энэ маягаараа ажиллаад байж таарахгүй. Тиймээс автобус, троллейбусны жолооч, тэдгээрийн харьяа байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт тогтмол хийж, дүрэм стандартыг шинэчлэх, үүрэг хариуцлагыг нь өндөржүүлэх шаардлагатай байна.
Тэгэхгүй аваас тэдэнд үнэндээ ухамсар, хариуцлага алга. Хөдөлгөөнд оролцож буй жолооч нар "Автобусны хойно явах маш хүндрэлтэй. Тэд зам хөндөлсөөд явуулдаггүй" гэсэн гомдол мэдүүлдэг.
Зөвхөн нэгдүгээр эгнээгээр явах ёстой автобуснууд хаа байсан гуравдугаар эгнээнээс нэгдүгээр эгнээ рүү, нэгээс гурав руу гэх мэтчилэн зам дээр дураараа авирлах эрхийг өөрсдөдөө олгосоор байна.
Дээрээс нь техникийн бүрэн бүтэн байдал болоод аюулгүй ажиллагаа хангалттай хийгдэж чадахгүй байгаа нь түгшүүр төрүүлж байна. Зорчигч сууж, бууж амжаагүй байхад хөдөлгөөнөө эхэлнэ, хаалгандаа хавчина, цаашлаад огцом тоормослоход зорчигч унавал "хохь нь" болоод өнгөрнө.
Тэгсэн хэрнээ нийтийн тээврийнхэн өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцэхдээ сайн. Цалингаа тэдэн хувиар нэмэгдүүлнэ хэмээн ажил хаяж, жагсаж эсэргүүцнэ. Хэдхэн хоногийн өмнө өчигдөр осол гаргасан автобусны компани ажлаа хаяж баахан юм "нэхэж" сандаргасныг уншигчид санаж буй байх.
Өөрсдийнхөө эрхийг дээгүүрт тавьдаг шиг нийтийн, зорчигчийнхоо эрхийг ч бас хүндэтгэмээр байна.
Ц.ЗАЯА
Эх сурвалж: Top.mn
0 comments:
Post a Comment