Манай оронд анх удаа болох гэж байгаа эмэгтэй чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээний оролцогчид түрүүчээсээ Монгол нутагт хөл тавьж эхэллээ. Мягмар гаригийн үдэш Канад улсын хүчтэй баг Улаанбаатарт дөнгөж газардаад байна. Агч модны навчит орны багийн бүрэлдэхүүнд 2012 оны дэлхийн аварга Жессика Макдональд (51 кг), Жюстин Бушар (63 кг), ДАШТ-ий хүрэл медальт Бриттани Лавердюр (55 кг) тэргүүтэй долоон бөх болон дасгалжуулагч, шүүгчийн хамт иржээ.
Сонирхолтой нь Канадын багийг монгол хүн удирдаж байгаа юм. Тэрхүү эрхэм бол УБДС, "Хүч" нийгэмлэгийн тамирчин, "Хилчин" спорт хорооны дасгалжуулагч явсан, олон улсын хэмжээний мастер Н.Лхамсүрэн. Тэрээр арав шахам жил Канадын Ванкувер хотноо амьдарч, тус улсын шигшээ баг болон "Burnaby Mountain" клубт дасгалжуулагчаар ажиллаж байгаа билээ.
Ц.Ганбат

0 comments:
Post a Comment