"Үлэг гүрвэлийн төрөлжсөн музей бий болно"
Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор "Соёлын өвийг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палеонтологийн олдворыг нийтэд сурталчлах" зорилгоор "Үлэг гүрвэлийн төв музей" байгуулахаар болсон билээ. Үүний дагуу Соёл, спорт, аялал жуулчлалын яам олон нийтийн дунд Үлэг гүрвэлийн төв музейн захирал болон ерөнхий палеонтологичийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан юм. Харин уг шалгаруултаар МУИС-ийг газарзүйч мэргэжлээр төгссөн орос, англи, болгар хэлтэй, Намсрайн Жавзмаа хэмээх эмэгтэй шинэхэн музейн захирлын албанд томилогдсон билээ. Бид энэ удаад түүнтэй шинэхэн байгуулагдаж буй музейн үйл ажиллагаа болон цаашид хийх ажлынх нь талаар ярилцлаа.-Юуны өмнө танд шинээр байгуулагдаж байгаа "Үлэг гүрвэлийн төв музей"-н захирлаар томилогдсонд баяр хүргэе.
-За баярлалаа. Тэгэхээр Монгол орон Палеонтологийн олдвороор элбэгтэй улс. Энэ зүйлийг олон нийтэд дэлгэн харуулах, дэлхийд сурталчилан таниулах анхны суурийг нь хоёргүй сэтгэлээр дэлгэн тавьсанд би хувьдаа баяртай байгаа. Бид өнөөдөр зөвхөн уул уурхай гэж ярилгүй газрынхаа хөрсний асар дээр байгаа энэ ховор санг бүртгэлжүүлэх, баримтжуулах, тэгснээрээ бид дэлхийн хэмжээнд мэдээллийн сантай болох гэсэн ийм чухал цаг үед энэ байгууллагын даргаар томилогдсон нь надад итгэл хүлээлгэсэн ч давхар асар том хариуцлага ирж байгаа гэж ойлгож, хүлээж авсан. Манай ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл бол их дайчин, мундаг эмэгтэй. Энэ хүн монголын палеонтологийн олдворийг, ялангуяа үлэг гүрвэлийг дэлхийн брэнд болгоход чиглэсэн гол ажлыг хийлээ. Би чинь өөрөө ан амьтдын шилдэг олзворуудаар байгуулсан "Ан агнуурын музей"-н үзмэрүүдийн сонголтыг хийж, нөхөр маань ар талынх нь зургийг зурж байлаа.
-Таны нөхөр "Богд хааны ордон музей"-н захирал байсан байх аа?
-Тийм. Манай талийгаач чинь 1987 онд Репиний академийг урлаг судлаач, зураасан зургийн мэргэжлээр төгссөн хүн л дээ. Түүнээс гадна манай хүн чинь шашины шинжлэх ухаан, шашны музейг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан гэж боддог.
-Уг музейн барилга яг хэдийд танай мэдэлд шилжиж ирэх бол. Жаахан асуудалтай байгаа шүү дээ?
-Надад яамны сайд болоод баг хамт олных нь өмнө хүлээсэн үүрэг бий. Тэгэхээр ярих юм байна, ярихгүй ч юм байгаа. Байр савны талаар би юу ч хэлж чадахгүй. Яагаад гэхээр би мэдэхгүй. Намайг хаана ажилла гэнэ, би тэнд нь л ажиллах болно.
-Тэгэхээр музей маань үлэг гүрвэлийн төрөлжсөн музей болно гэж ойлгож болох уу?
-Ер нь тэгж ойлгож болно л доо. Яагаад гэхээр Палеонтологийн шинжлэх ухаан гэдэг чинь геологи болон биологийн гэсэн хос шинжлэх ухаан. Учир нь геологийн хурцанд эртний амьтан, ургамал чулуужсан байдлаар хадгалагдаж ирсэн байдаг юм. Бид энэ удаад мезизон эриний ерийн галавт амьдарч байсан үлэг гүрвэлийн музейг байгуулах гэж байна. Ирээдүйд бидний эрхэм зорилго бол нэг юмаа барих бус нэгдсэн палеонтологийн музей болно гэж би бодож, зорилго тавьж байгаа.
-Үлэг гүрвэлийн олдвор дэлхийд хичнээн улсаас олддог юм бэ?
-Дэлхийд тархсан газрууд нь Өмнөд Америк, Канад байна. Төв Азиас Монгол, зүүн өмнөд Азиас Хятадын хэсэгхэн газарт палеонтологийн олдвор тархсан байдаг. Дэлхийн үлэг гүрвэл судлаачдын хэлж байгаагаар бол хамгийн том махан идэшт үлэг гүрвэл Монголоос олдсон, Байгалийн түүхийн музейд байгаа Тарбoзавр байдаг юм. Ингэхээр манай оронд зөвхөн динозавр биш арслан заан, соёотой арслан гээд тухайн үед байсан, одоо энэ цаг үед хадгалагдаж ирсэн палеотологийн ховор, үнэт олдворууд олон байгаа.
-Америкийн нэгдсэн улсад Монголоос хууль бусаар очсон болох нь нотлогдсон үлэг гүрвэлийн хэргээс хойш манайд энэ тухай нилээд идэвхитэй ярьж байна. Тийм ч болохоор энэ музейг байгууллаа. Тэгэхээр цаашид эх орныхоо хөрсөнд буй олдворуудыг нээн илрүүлэх тал дээр хэрхэн ажиллах гэж байгаа вэ?
-Ер нь бол би ажлаа аваад дөнгөж хоёр л хонож байна. Байр, өрөөгүй л яваа шүү дээ. Тэгэхээр яагаа ч үгүй байж том юм амламааргүй байна. Тэгэхдээ ямар ч байсан Монголоос гадаад руу гарсан, эх орныхоо хаа нэгтээ байгаа олдворуудыг эхний ээлжинд баримтжуулж, зурагжуулж хаашаа ч гарах аргагүй болгоно. Ингээд дараа нь мэдээллийн сантай болгоно. Тэгэхээр хэн ч манай цахим хуудсаар ороод бүхий л мэдээллийг авч болохоор болгох гэх мэт ажлын төлөвлөгөө их байна. Мөн музейн үзмэрүүдийн хадгалалтыг сайжруулахаас гадна орчинг нь яг л эртний байдлаар нь тохижуулахаар бодоод хүмүүстэй ярилцсан.
-Дэлхийн бусад оронд үлэг гүрвэлийн олдворуудын насжилтийг уртасгахын тулд ямар арга хэмжээ авч, хадгаладаг юм бол?
-Нэгдүгээрт би энэ тал дээр нарийн гүнзгий орж чадаагүй байна. Хоёрт гэвэл би чинь өөр мэргэжилтэй хүн шүү дээ. Би өөрөө маш сайн менежер байна гэж бодож байгаа. Ер нь аливаа байгууллагын дарга, захирал заавал мэргэжлийн хүн байх албагүй. Гагцхүү сайн зохион байгуулагч, менежер л байх хэрэгтэй гэж би боддог.
-Ингэхэд та багаа бүрдүүлсэн байгаа юу?
-Миний хамгийн ойрын туслагч бол мэргэжлийн маш сайн палеонтологич байх ёстой. Мөн сайн аргазүйч, мэргэжилтэнгүүд байх хэрэгтэй. Музей гэдэг бол сэтгэлтэй байж хийдэг ажил. Би өөрөө хүний ноён нуруу, ажилдаа туршлагатай, зүрх сэтгэлтэй хүмүүсийг хүндэлж, хайрладаг. Тэгэхээр миний баг хүний мөстэй, ноён нуруутай, шударга хүмүүсээс бүрдэнэ. Надад бодсон юм бий.
ЯРИЛЦСАН: Т.ДАРХАНХӨВСГӨЛ
0 comments:
Post a Comment