Н.Түвшинбаяр: Дасгалжуулагч болохоор шийдсэн
Лондонгийн олимпийн дэвжээнд монгол түмний итгэл найдвар нь байж, бахархах бахдах сэтгэл, хамгийн сайн сайхан мэдрэмж бүхнийг дээд цэгт нь хүргэж чадсан Н.Түвшинбаяр аварга эх нутагтаа очмогц дасгалжуулагчаар ажиллаж, Монголын жүдочдын залгамж халааг бэлтгэхэд сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулна гэдгээ элэг нэгт монголчууддаа уламжиллаа. Бээжингийн олимпийн алт, Лондонгийн олимпийн мөнгө, энэ амжилтаараа Монголын спортын түүхэнд олимпийн анхны хос медальтан болсон тэрбээр хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Нью-Йорк хотноо мэс засал хийлгэсэн билээ. Маш хүндэд тооцогдох түүний мэс засал амжилттай болж, өдгөө биеийн байдал сайн гэх таатай мэдээ ирсээр байна.Түүний өвдөгний чагтан шөрмөс тасарч, миниск гэмтэж, ясны гадаргууг нь гурван хэсэгт эмчилж, мэс засал хийжээ. МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулгын найз, АНУ дахь Монголын хүндэт консул Кармен Кэбеллийн тусламжтайгаар Нью-Йорк мужийн их сургуулийн анагаах ухааны салбарын эмч Жон Марцо мэс заслыг удирджээ. ОУЖБХ-ны энх тайваны комиссын дэд дарга, "Хүч" спорт хорооны дарга Б.Пагва, түүний АНУ дахь найзууд, мөн Н.Түвшинбаярын багын найз Монгол Улсын заан М.Өсөхбаяр гээд олон хүний тус дэмэнд мэс засал амжилттай болсонд Н.Түвшинбаяр аварга сэтгэл өег буйгаа уламжилсан. Дахин барилдаж болох нь уу гэсэн бидний асуултад тэрбээр "Болдог бол одоо босоод ч бэлтгэл хиймээр л байна. Жин их нэмэгдэж байна. Гэхдээ би их спортоо орхихгүй ээ. Юутай ч эмчлүүлээд, дасгалжуулагчаар ажиллах болж байгаа. Монгол түмэндээ баярлалаа. Удахгүй эх нутагтаа очно оо" хэмээв.
Д.БАЯРСАЙХАН
0 comments:
Post a Comment