“Зоос” банкны хэрэгт Д.Бямбасүрэнг эрэн сурвалжилж эхэллээ

"Зоос" банктай холбоотой хэрэгт иргэн Д.Бямбасүрэн гэх этгээдийг Эрүүгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж эхэллээ. Түүнийг "Зоос" банкинаас хуурамч баримт бүрдүүлэн их хэмжээний мөнгө залилсан гэх 20941028 тоот  хэрэгт яллагдагчаар татсан байна. Эрэн сурвалжлагдаж байгаа Д.Бямбасүрэн нь  Дорнод аймагт төрсөн.  Тэрбээр хэрэгт татагдахаасаа өмнө Техникийн их сургуульд багш, Барилга хот байгуулалтын яаманд тус тус ажиллаж байжээ.

Хэдийгээр "Зоос" банк дампуурсан хэргийг хууль шүүхийн байгууллагаас шалгаж шүүхээр орсон ч буцах хаяггүй буух эзэнгүй болсонд хохирогчид бухимдалтай байгаа.

Бүр зарим нэг нь цагаатсанд цагаатсан тохиолдол ч бий.  Тухайлбал өнгөрөгч 2010 оноос хойш "Зоос" банкны захирал Ш.Чуданжийд Эрүүгийн хуулийн хуулийн 150.3 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс зургаан жилийн хорих ял оноосон юм.

Гэвч түүний ялыг 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж зургаан жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учруулсан 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах шийдвэр гаргаж байв.

Гэтэл давж заалдах  шатны шүүхээс Ш.Чуданжийг 1.6 тэрбум төгрөгийн хохирол төлүүлэх асуудлыг иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргаж олны чихийг дэлдийлгэсэн. Уг хэргийг шалгах үеэр томилогдсон шинжээчид түүнийг харилцагч, хадгаламж эзэмшигчдийн 1.6 тэрбум төгрөгийг үрэгдүүлсэн гэсэн дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтийг үндэслэн 1.6 тэрбум төгрөгийг төлүүлэх нь зөв гэсэн шийдвэр гарч байв.

 Түүнчлэн уг банкыг дампуурахад гар бие оролцсон эрхмүүдийн жагсаалтыг зүй ёсоор тэргүүлэх хүмүүсийн нэгдүгээрт, тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нар юм. Гэтэл эдгээр эрхмүүдэд ч шүүхээс дорвитой хариуцлага тооцож чадаагүй юм.

Н.Түвшин

0 comments:

Post a Comment