ШУТИС-ийн оюутнуудын сургалтын төлбөрийг хуучин удирдлагууд нь арилжааны банкнуудад хадгалуулж хүүг нь завшсан гэх мэдээлэл өнөөдрийн зарим сонинд нийтлэгдсэн юм. Эл мэдээллийг АТГ–ас тодрууллаа. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар их, дээд сургуулийн оюутнуудад сар бүр 70.200 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Эл журам өнгөрөгч жилийн нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн юм. Тэгвэл энэхүү оюутны тэтгэлэгтэй холбоотой гомдол санал АТГ-т ирэх болсноор тус газраас зарим их, дээд сургуулийг шалгалтад хамруулжээ. Шалгалтын дүнгийн талаар ч АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон дараахь мэдээллийг өгч байна.
-Шалгалтын явцад ямар зөрчил илрэв?
-Их, дээд сургуульд суралцагчдад сар бүр олгодог 70.200 мянган төгрөгийг цаг хугацаанд авч чадахгүй байна гэсэн гомдлын мөрөөр нийт төрийн өмчийн 6, хувийн хэвшлийн 14 их, дээд сургуульд манай АТГ-аас шалгалт хийсэн. Шалгалтад хамрагдсан сургуулиудаас 11 нь оюутнуудын тэтгэлгийг цаг тухайд нь олгоогүй 300 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа зөрчил илэрсэн. Их, дээд сургуулийнхан оюутнуудыг тэтгэлгийг хугацаанд нь тавиагүй тухайгаа "Хичээл тасалдаг, шилжсэн" гэх зэрэг тайлбарыг хийж байна. Журамд иймэрхүү үндэслэлээр суралцагчдын тэтгэлгийг өгөхгүй байх тухай заагаагүй.
Түүнчлэн оюутнуудад 70.200 төгрөг шилжүүлэхээс 70 мянгыг нь өгсөн нь тохиолдол ч бий. Манай зүгээс шалгалтаа дуусгаад өнгөрөгч долоо хоногт суралцагчдын данс руу 70.200 төгрөгийг нь шууд шилжүүлж байх зөвлөмжийг салбарын сайдад нь хүргүүлсэн. Өнгөрөгч 2012 оны есдүгээр сараас эхлээд оюутнуудтай холбоотой мэдээллийн сан үүссэн учраас хүндрэл учрахгүй тэтгэлгийг шилжүүлэх боломжтой гэж үзэж байна.
-Эрүүгийн шинжтэй зөрчил шалгалтад хамрагдсан сургуулиудаас гарсан уу?
-Ноцтой зөрчлийн хувьд Урлах эрдэм дээд сургууль, Цахим дээд сургууль дээр гарсан. Эдгээр сургуульд нарийвчилсан шалгалтыг хийх талаар холбогдох хуулийн байгуулагад зөвлөмж хүргүүлсэн
Тодруулбал, Урлах эрдмийн хувьд олон сая төгрөг суралцагчдад олгосон гэх боловч баримт байхгүй. Бэлнээр хүлээж авсан гарын үсэгтэй баримт ч байхгүй. Цахим дээд сургуулийн хувьд захирал нь оюутнуудад олгох ёстой мөнгийг өөрийн хувийн данс руу шилжүүлсэн зэрэг зөрчил илэрсэн.
ШУТИС-ийн хуучин удирдлагууд оюутнуудын сургалтын төлбөрийг арилжааны банкинд хадгалуулж улмаар хүүг нь завшсан гэх мэдээлэл байна. ШУТИС-ийг шалгасан уу?
-ШУТИС-ийн хувьд өнгөрсөн долоо хоногийн шалгалтад хамрагдаагүй. ШУТИС-тай холбоотой гомдол мэдээлэл хараахан манайд ирээгүй байна. Хэвлэл мэдээллийг хэрэгслээр гарсан мэдээллийг үндэслэн шалгаж болно.
Н.Түвшин
0 comments:
Post a Comment