Улаанбаатар хотод суугаа Сүхбаатар аймгийнхан гурав дахь жилдээ сар шинийн баярын золголтын арга хэмжээ буюу "Наран мандах нутаг" шашин урлагийн цэнгүүнийг энэ сарын 28-нд Бөхийн өргөөнд зохиохоор болжээ. Энэ удаагийн шашин урлагийн цэнгүүнийг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутгийн зөвлөлийнхөн зохион байгуулж байгаа юм билээ. Энэ талаар тоглолтыг зохион байгуулагч Мөнххаан сумын уугуул Б.Энхбаяртай уулзаж, тодрууллаа.
-Юуны өмнө энэ удаагийн шашин урлагийн цэнгүүнийг зохион байгуулах үүрэг Мөнххаан сумынханд оногдсоны учрыг асуумаар байна …?
-Энэ жил манай сумын 90 жилийн ой тохиож байгаа. Үүнийг олон түмэнд мэдээлэх, сурталчлах зорилгоор "Наран мандах нутаг" нэртэй шашин урлагийн цэнгүүнийг зохион байгуулж байна. Тиймээс Сүхбаатар аймагт төрж өссөн, энэ нутгаас гаралтай хэн бүхнийг энэ сарын 28-нд Бөхийн өргөөнд саатан морилохыг урьж байна. Цэнгүүнд манай нутгаас төрсөн алдартнууд бүгд оролцоно. Тухайлбал, Ардын жүжигчин Ш.Чимидцэеэ, Ч.Шархүүхэн, морин хуурч, Ардын жүжигчин Ч.Батсайхан, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Отгон, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд амжилттай оролцож байгаа МУГЖ Э.Амартүвшин, "Наран мандах нутаг" дуугаараа Сүхбаатарчууд төдийгүй нийт монголчуудын хүндлэлийг хүлээсэн "Жаахан шарга" театрын дуучин Д.Осгон, МҮОНТ-ийн хөтлөгч Д.Цовоо, н.Ариун-Эрдэнэ, н.Хүрэлбаатар, н.Батбаатар, "Морины" хэмээн тодотгогдох болсон А.Мөнхбат зэрэг алдарт хүндтэй олон уран бүтээлчид оролцоно. Түүнчлэн ЦДБЭЧ-ын найрал хөгжимчид, удирдаач миний бие, бүжигчид гээд ЦДБЭЧ нэлээд олон хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Цэнгүүнд оролцох бүх дуучдын 70 орчим хувь нь оркестртой амьд дуулна. Мөн Сүхбаатар аймгийн уугуул хөгжмийн зохиолч Д.Гунаажавын алдартай бүжгийн чуулбар гэж бий. Энэ бүжгийг манай ЦДБЭЧ-ын бүжигчид бүжиглэнэ. Ер нь их сонирхолтой тоглолт болно гэдэгт итгэлтэй байгаа.
-Энэхүү шашин урлагийн цэнгүүний үеэр ирсэн зочид бие биеийнхээ амар мэндийг мэдэх сайхан боломж байх шүү?
-Тиймээ. Тоглолт 18.00 цагт гэж зарлагдсан. Гэхдээ олон жил уулзаагүй нутгийн хүмүүстээ бие биеийнхээ амар мэндийг эрэх боломж өгч байгаа. Өөрөөр хэлбэл 30 минут золголтоо хийчихээд, цэнгүүн 18. 30 цагт эхэлнэ. Мэдээж, шашин урлагийн цэнгүүн гэдэг утгаараа шашны үйлээр эхэлнэ гэж ойлгох хэрэгтэй. Алтан овоо, Шилийн богд гэхчилэн нутгийнхны шүтээн уулын сан болон хийморийн сан гэхчилэн хэд хэдэн номыг Сүхбаатар аймгийн хийдийн лам нар болон Мөнххаан сумын лам нар хурах юм.
-"Наран мандах нутаг" тоглолтоор Сүхбаатар аймгийнхаа онцлогийг харуулах уу?
-Тэгэлгүй яахав. Хөтөлбөрт маань нутаг орноо магтан дуулсан дуунууд нэлээд бий. Мөн аав ээжийн дуу ч дуулна. Ер нь Сүхбаатар аймагтай холбогдолтой уран бүтээлүүд голлох байр суурь эзэлнэ дээ.
-Золголтонд УИХ-ын гишүүд оролцох уу?
-Гурав дөрвөн жилийн өмнөөс энэ арга хэмжээ зохион байгуулагдсан юм билээ. Өнгөрсөн жил Түвшинширээ сумынхан нэлээд сайн зохион байгуулсан. Энэ жилийн арга хэмжээнд Сангийн сайд, УИХ-ын гишүүн, нутгийн зөвлөлийн дарга Ч.Улаан, УИХ-ын гишүүн М.Зоригт, аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нар оролцоно. Түүнчлэн аймгийн бүх сумдын Засаг дарга нар яг энэ үеэр Улаанбаатарт семинартай байх юм билээ. Тэгэхээр тэд бас оролцох болов уу.
-Ингэхэд энэ цэнгүүний тасалбарын үнэ хэд байх вэ?
-Тасалбарын үнэ тийм ч өндөр биш болов уу гэж бодож байна. Нутгийнханд маань өөр хоорондоо уулзаж золгоод, 10 мянган төгрөгийн тасалбар бүхий тоглолт үзэхэд тийм ч хүндрэлд тусахгүй байх. Бөхийн өргөөний кассаар тасалбарыг борлуулж байгаа. Мөн арваас дээших тасалбарыг захиалгаар хүргэж өгч үйлчилнэ. Эцэст нь, наран мандах нутгийн ард түмнээ "Наран мандах нутаг" тоглолтонд тавтай морил гэж урья.
П.Наран
0 comments:
Post a Comment