БНСУ-ын ерөнхийлөгч тангараг өргөлөө

Өнгөрсөн онд болсон сонгуулиудын бас нэгэн онцлог нь анх удаа Өмнөд Солонгос улс эмэгтэй ерөнхийлөгчтэй болсон явдал байсан. Харин өнөөдөр тус улсын ерөнхийлөгч ирэх таван жилд улс орноо удирдан чиглүүлэх ажлаа албан ёсоор эхлүүлэх тангаргаа өргөлөө.

Тэрээр ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Сөүл хотын хонхны гудамжинд байрлах "Босингак" хэмээн алдартай хонхыг цохисноор эхлүүлсэн.

Ингэхдээ тэрээр алдарт хонхыг 33 удаа цохиж хонхны цангинах дууг гаргаж иргэддээ хандан үг хэлсэн байна. Түүний хонх цохих ёслолд төрийн өндөр дээд албаны 18 хүн хамтран оролцсон гэж Солонгосын KBS телевизээр дамжууллаа.

Пак Кын Хе ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг үзэхээр 300 гаруй мянган хүн хонхны талбайд цуглажээ. Ерөнхийлөгч Пак Кын Хе ард иргэддээ хандан улс орны гэрэл гэгээтэй хөгжил цэцэглэл, хүчирхэг эдийн засаг, ажлын байр, нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулахын зэрэгцээ хууль ёсоо чандлан дээдэлдэг ирээдүйг бий болгохоор зүтгэхээ амласан  юм.

Солонгосын ард иргэд ч  түүнд нэлээд итгэл хүлээлгэж байгаа. Түүний улс төрч гэр бүлээс гаралтай  байдал нь ч олон зүйлд нөлөөлнө хэмээн ярьж байгаа ажээ. Одоо энэ улсын  эдийн засаг муу биш ч анхаарал хандуулах шаардлагатай байгаа гэж эдийн засагчид хэлж байна.

Түүнчлэн Пак Кын Хе өөрөө ерөнхийлөгчийн алба хаших үедээ бусад орнуудтай харилцах харилцаагаа өргөжүүлэхн хажуугаар хамгийн их санааг нь зовоож байгаа Умард Солонгос улстай харилцаагааа нэг алхмаар ч болов сайжруулахын төлөө ажиллах болно гэдгээ өөрийн илтгэлдээ тусгажээ. Тэрээр 2002 онд Умард Солонгост айлчилж тус улсын удирдагч агсан Ким Чен Иртэй уулзаж байсан.  Тухайн үед болсон уулзалт эерэг хандлагатай болж байсан нь өнөөдрийн горьдлогыг төрүүлж байгаа хэрэг хэмээн шинжээчид хэлж байгаа юм.

Тангараг өргөх ёслолд олон нэртэй хамтлаг дуучид ирж улс орныхоо онц чухал ач холбогдолтой энэ арга хэмжээнд оролцсон. Тэдгээрийн дундаас олны сэтгэлийг ихэд хөдөлгөсөн дуучин бол реппэр PSY байжээ. Тэрээр дэлхий дахинд алдаршиж You tube сайтаар анхны  нэг тэрбум үзэгчтэй болсон "Gangnam Style" дуугаа дуулсан аж. Ёслолын арга хэмжээ энэ үдшийг дуустал үргэлжлэх бөгөөд олон сая солонгосчуудын хувьд энэ өдөр баярын өдөр болж байна.

Э.Мөнхнасан

0 comments:

Post a Comment