Монгол Улсын шадар сайд, Уул уурхайн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нарын хамтарсан тушаалаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Налайх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран тус дүүргийн нүүрсний далд уурхайнуудад нэгдсэн шалгалт хийлээ. Энэ үеэр иргэдийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, тэдний эрүүл ахуйг сахиулах зорилгоор зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид зөв технологиор, зохистой ашиглах шийдлийг олж, стандарт, шаардлага, аюулгүй ажиллагаа хангасан орчин үеийн техник, технологи бүхий хүчин чадал сайтай нэгдсэн уурхай байгуулах, эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийлгэх, ногоон бүс байгуулах зэрэг асуудлаар шалгалт хийлээ. Шалгалтын хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд холбогдох хууль тогтоомжийг хэрхэн хангаж хэрэгжүүлж байгааг шалгаж, хувиараа ашигт малтмал олборлогчдын нөхөн сэргээлтийн ажлын явцтай танилцаж өмнөх онуудад хийж гүйцэтгэсэн нөхөн сэргээлтийн ажлыг орон нутгаас томилогдсон ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн акттай тулган шалгах, хийгдээгүй нөхөн сэргээлтийг хийлгэх арга хэмжээ авах, улсын байцагчаас өмнө нь өгсөн албан шаардлага, акт, тэдгээрийн биелэлтийг шалгах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар уурхайн бэхэлгээ, агааржуулалт, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, малталтын хөндлөн огтлол, малталтын налууг газар дээр нь шалгах зэрэг ажлуудыг зохион байгуулав.
Тус дүүрэгт 200 орчим далд уурхай байдгаас 28 нь үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байсан аж. Эдгээр уурхайнууудад 1500 орчим уурхайчин ажиллаж байгаа ба хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, техник, эдийн засгийн үндэслэлгүй, байгаль орчны үнэлгээгүй, уурхайчдын аюулгүй ажиллагаа нь хангагдаагүй зэрэг ноцтой зөрчлүүд цөөнгүй гарчээ. Сүүлийн арав гаруй тус уурхайнуудад ажиллаж байсан 200 гаруй хүн амь насаа алдсан бол түүнээс ч олон хүн гэмтэж бэртсэн тохиолдол бүртгэгдсэн аж. Тиймээс иргэдийн аюулгүй байдал, байгаль орчны бохирдол, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор одоогоор 185 уурхайн амны үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоосон байна.
Цаашид Налайх дүүрэгт гар аргаар нүүрс олборлолтыг зогсоож, ажилчдыг нь өөр газарт ажиллуулах байдлаар зохицуулах, нэгдсэн зохион байгуулалттайгаар нүүрс олборлох нөхцөл болоцоог судалж, төрөөс дэмжихэд анхаарах аж. Тодруулбал, энэхүү шалгалтын дүнг орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан ирэх сарын 01-ны дотор Уул уурхайн сайдын зөвлөлд танилцуулж, энэ оны хоёрдугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.
П.Наран

0 comments:
Post a Comment