Ингэж тодорхойлох үндэслэл бий. Энэ хоёр улс хоёулаа лалын шашны томоохон орны нэг. Тийм учраас менталитетэд нь лалын үзэл суртал нэвт шингэсэн байдаг. Хэдийгээр ардчилалыг нэвтрүүлэх гэж хичээсэн ч олон зууны лалын соёлыг нэг мөсөн арилгаж чадахгүй нь нүцгэн үнэн. Тиймээс лалын хоёр урсгал болох Суннит, Шийтүүд талцаж, дээрээс нь өдрөөс өдөрт эрчээ авч байгаа христ шүтлэгтнүүдийг дарна гэдэг бас л амаргүй. Тиймээс сүүлийн жилүүдэд хүчирхийлэл энгийн зүйл болон хувирчээ. Олон улсын хүний эрхийн судалгаанаас гарсан дүгнэлтээс үзвэл "Индонези улсад шашны мөргөлдөөн, хуваагдал газар авсан. Засгийн газар нь энэ талаар арга хэмжээ авдаг ч дарж чаддаггүй" гэжээ. Яг ийм тодорхойлолт Пакистаныг ч бас дагадаг. Индонезид гарч байгаа хүчирхийлэл Пакистаны хажууд өчүүхэн байж болох ч сүүлийн таван жилийн дотор шашны мөргөлдөөн эрчимжсэн нь хүний эрхийн тив давнасан байгууллагуудын хараанд өртөхөд хүргэсэн байж болох. Гэтэл бодит байдал дээр энэ хоёр улсад иргэний эрх, чөлөөт сонгууль, үг хэлэх эрх чөлөө төлөвшиж байгаа гэсэн дүгнэлт бий. Индонез, Пакистан бүгд эрх чөлөөт нийгмийг хүссэн. Энэ тэмцэл нь 20 жилийн хугацаанд эрчимжсэн. Өмнө нь тэмцэл байгаагүй биш байсан. Гэхдээ соёл, зан заншилдаа дарагдаж байсан нь илэрхий. Хэдийгээр тэмцэж байгаа ч амжилтыг эс олсоор сүүлдээ Индонез, Пакистанд ардчилал оршин тогтнох уу гэсэн асуултанд хүргээд байна.Учиг хаана байна...
Энэ хоёр улсад ижилхэн бас нэгэн шинж тэмдэг бий. Хэдийгээр засгийн газраас нь хүчирхийлэл, шашны мөргөлдөөнийг намдаах гэж олон арга хэрэглэдэг ч олон улсад нэг зүйл нь ил болсон. Пакистанд ч тэр, Индонезид ч тэр батлан хамгаалахын байгууллага нь өөрсдийн шүтдэг шашны урсгалын хэт даврагсдыг дэмждэг. Энэ нь олон улсад ил болсон. Хэдийгээр сүүлийн гурван жилийн хугацаанд энэ байдлыг арилгахын тулд албан тушаал, цалин хөлстэй ярьдаг гэх ч амьдрал дээр хэргэжсэн зүйлс одоогоор алга. Өдрөөс өдөрт хүчирхийлэл хүрээгээ тэлэх тусам хүчирхийллийн арга хэлбэр нь ч улам харгис болчихов. Ард иргэд нь ч айдас хүйдэст автдаг хэдий ч шашны гүн филосифид итгэдэг учраас юу ч хэлж чадахгүй. Сүүлийн жилүүдэд Индонез улсад барууны хэв маяг, залуусын үгээ хэлэх байдал зэрэг нь өөрчлөгдөх дүр зураг ажиглагдаж байгаа ч лалын шашныг тугаа болгосон хэт даврах бүлэглэлүүд хамгийн түрүүнд ийм хүмүүсийг хараандаа авдаг аж. Нэгэнт батлан хамгаалахын салбар нь хэт даврагсдыг дэмжиж байгаа болохоор байдал дээрдэхгүй байж болох талтай.
"Засгийн газарт нь үүнээс өөр арга байхгүй ч юм шиг. Жишээлбэл Индонезид бол парламентын гишүүдийн ихэнх нь лалын шашинтай байдаг. Хэрвээ нэг талд нь хэлбийсэн шийдвэр гаргах юм бол байдал эсрэгээрээ эргэнэ. Тиймээс засаг дээрээ нүдээ тагалж, чихээ бөглөх нь гарцаагүй болж хувирч байгаа юм" гэж CNN агентлагын олон улсын тоймч Панкаж Мишра ярьжээ.
Уламжлалт улстөр
Шашны үзэл суртал нь нөлөөлсөн, хар багаасаа шашны хүмүүжлээр хүмүүжсэн шинэ цагийн улстөрчид өргөс авч байгаа юм шиг шийдчихгүй нь тодорхой. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Индонез, Пакистан улсад гадаадад сурцагчдын тоо нэмэгдсэн. Тэд нь бүгд төрийн дунд хэсэгт ажилладаг болохоор үг нь улстөрчдөд хүрэх нь сул. Уг нь парламентын гишүүдийн бага ч гэсэн хувь нь гадаадад суралцсан хүмүүс байгаа ч олонх, цөөнхийн зарчимд амаа үдэх нь бодит үнэн.
Пакистан улсын засгийн газар Пунжаб дүүрэгт оршидог. Энэ дүүрэг бол Пакистаны шашны хамгийн их мөргөлдөөнтэй бүс хэмээн тооцогддог аж. Суннит болон Шийтүүдийн төлөөлөл энд олон арваараа бий. Тиймээс байсхийгээд л дэлбэрэлт болдог гэхэд дэгс болохгүй. Хамгийн сүүлд суннитын хэт даврагсад машин дэлбэлж, үр дүнд нь 90 хүн тэнгэрт хальжээ.
Индонезийн хувьд 1940-өөд оны үед лалын хэт даврагсад л нэг хүний дарангуйллыг халах хөдөлгөөн өрнүүлж, хувьсгалыг эхлүүлсэн. Түүнээс хойш улстөрийн ямар ч онолоор тодорхойлогдохооргүй технократ засаглал тогтжээ. Өмнөх нийгмийн бүх л үзэл суртал амь бөхтэй үлдсэний дээр төрийн бүх хэргийг шашинтайгаа уялдуулан шийдсэн нь шашны мөргөлдөөнийг үүсгэсэн гэдэг. Улмаар дэлхийн бүх улс оронд өөрчлөлт, шинэчлэлт өрнөж байсан 80-аад оны сүүлээс иргэний эрх, эрх чөлөө, мэдэх эрх гээд ардчилсан нийгмийг нигймийн зарим хэсэг дэмжиж байсан нь Индонезийг өөрчлөх нэгэн хөшүүрэг болсон юм. Гэтэл одоо энэ өөрчлөлт нуран унахад ойрхон ирээд байна. Төрийн бүх л хэсэгт уламжлал нь нэвт шингэсэн учраас өөрчлөлт тийм амархан ирээгүй, ирсэн ч удахгүй байхад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэдгийг дэлхий нотолдог билээ.
Саналын худалдаа, их гүрнүүдийн сонирхол
Улсын хүч ард иргэдийн хүч нөлөөлж эхэлснээр тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн гэдгийг олон нийтэд итгүүлэх дуртай энэ хоёр улсын бодит байдал нь "саналын худалдаа". Хэдийгээр сүүлийн арав гаруй жилийн турш чөлөөт сонгуулийг цогцлоосон гэдэг ч хүмүүсийн саналыг худалдах, ил тодоор шахаж шаардах байдал арилаагүй л байна. Хамгийн сүүлд 2009 онд болсон сонгуулийн үеэр Индонези улсад суннит шашинтай газрын эзэд ажиллагсад болоод эргэн тойрныхныгоо заналхийлж сонгуулийн дүнд нөлөөлж байсан нь олонд ил болов. Энэ хоёр улсын байдлыг сүүлийн жилүүдэд сонирхох болсон их гүрнүүдэд ч бас учир бий. Хэрвээ эдгээр улсын байдлыг намжаах зорилгоор дайн зарлавал азийн эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Афганистанд олон жилийн турш явуулсан цэргийн ажиллагааны үр дүнд Воллстрийтэд тодорхой хэмжээнд нөлөөлдөг болох нь тогтоогдсон. Хийж болох дараагийн дүгнэлт нь энэ хоёр улсын байгалийн баялаг. Газрын тос болоод төмөрлөгийн нөөцийн хувьд чамгүй гэгдэх энэ улсын сүүлийн үеийн улстөрийн байдал ихээхэн эмзэг болсон. Өмнөд азийн орнуудын зөвлөл ч энэ байдлыг анхааралдаа авна гэдгээ илэрхийлээд байгаа. НҮБ ч Индонезийн асуудлыг ярилцах цаг ирсэнийг удаа дараа сануулж байгааг мартаж болохгүй.
Ямар ч байсан ил тод байдлын үнэр, чөлөөт сонгууль бүрэн утгаараа ирээгүй байсан нь олонд ил болов. Харин энэ хугацаанд их гүрнүүд "шатар хэрхэн нүүх" нь тодорхойгүй байна.
Б.БОЛОРСҮХ
0 comments:
Post a Comment