Б.Хишигбат: Ширээн дээр 20 сая төгрөгөө тавьчихаад, та л бидэнд тусал гээд зогсоод байсан

Улаанбаатар хотын  Гаалийн газрын дарга Б.Хишигбаттай ярилцлаа.

-Улаанбаатар хотын гаалийг удирдаж ажиллахаар томилогдож ирсэн. Энэ салбарт хийхээр төлөвлөсөн ажил их байгаа байх?

-Миний хувьд Улаанбаатар хотын Гаалийн газрын даргаар томилогдож ирээд 100 дахь хоногтойгоо тун удахгүй золгох гэж байна. Ер нь Монголын гааль 2222 жилийн түүхтэй учраас дэлхийд нэлээд арвин намтартай гаальд тооцогддог. Харин шинэ үеийн гаалийн байгууллагын түүх өнөөдөр 101 дэх жилтэйгээ золгоод явж байна. Тэгэхээр би шинэ зууны эхэн үед Улаанбаатар хотын гаалийг удирдаж байна гэсэн үг. Нөгөө талаас миний амьдралын 13 жил нь гаалийн байгууллагатай холбоотой. Үүнээс сүүлийн зургаан жил гаалийн улсын байцаагчаар ажилласан. Өмнө нь гаалийн хуулийг хэрэгжүүлэгч байсан бол одоо бодлого тодорхойлогч байдлаар ажиллах нь. Гаалийн ерөнхий  газраас барьж буй бодлогоор өнөөдөр гаалийг ардчилсан гэх утгаар бус хуулийг сахин хэрэгжүүлэгч тусгай чиг үүргийн байгууллагын үүднээс удирдан ажиллах ёстой гэсэн зарчим юм. Гэхдээ хуулийг сахин хэрэгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн бодлогыг хөгжүүлэх зорилтоос гадна нэн түрүүнд Улаанбаатар хотын Гаалийн газар нь улсын төсөвт оруулах хувь хэмжээг нэмэгдүүлэхэд оновчтой, зөв арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй. Ер нь гааль үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүргийн байгууллага гэдэг утгаараа эрсдэлтэй төрийн тусгай алба юм. Улаанбаатар хотын Гаалийн газар бол нийслэл хүрээний нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гүний гааль. Хилийн гаалиас хотын гааль дээр аливаа бараа бүтээгдэхүүн орж ирээд Монголын зах зээлд нэвтрэх процесст бид эхлээд үндэсний аюулгүй байдлаа, эдийн засгийн хөгжил, бодит үр дүнтэй татвараа төлүүлсний дараа иргэн тухайн бүтээгдэхүүнийг худалдаа, эдийн засгийн эргэлтэд оруулдаг үйл ажиллагаатай. Миний барьдаг нэг зарчим бол үндэсний гаалийн хэмжээнд сэтгээд, нийслэл хүрээний нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлье гэдэг санаа. 2013 оныг ГЕГ-аас хуулийг сахин биелүүлэх жилийн аян зарласан. Энэ хүрээнд хотын гааль ажиллана. УИХ-аас гаалийг шинэчлэх тухай хууль батлагдсан тохиолдолд цаг хугацаанд нь хэрэгжүүлж ажиллах үүрэг хүлээнэ. Улаанбаатар хотын гаалийн байгууллагын хүрээнд электрон хяналтын тогтолцоог шинэ шатанд гаргаж ажиллах зорилт тавиад явж байна. Үүний санхүүжилтийн асуудлын шийдсэн энэ ондоо электрон гаалийн ажил цэгцрэх байх. Мөн хотын гаалийн хэмжээнд цахим нэг цонхны гаалийн үйлчилгээ нэлээд сайн хөгжиж байна. Түүнээс гадна Улаанбаатар хотын гаалийн хамт олны оюунлаг хүрээлэл, мэдлэг мэргэшлийн ур чадвар бол маш өндөр.

-Ер нь олон нийтийн дунд байдаг нэг  ойлголт бол гаалийнхныг авлигад амархан автдаг тухай. Нэг хүний хариуцлагагүй, өргөсөн тангарагтаа үнэнч бус байсны төлөө салбарт тэр чигээрээ л доргидог?

-Гаалийн байцаагчдын ажлыг чиг үүрэгтэй нь холбоотойгоор авлига хээл хахуулийн асуудал яригддаг. Энэ нь эдийн засгийн хөгжлөө дэмжихийн тулд татвар хураамж авч байгаатай нь холбодог. Дээр хэлсэнчлэн эрсдэлтэй ажил. Авлига гэдэг бол нэг талдаа татвараас зайлсхийх гэсэн оролдлого. Татварын орлого төлөхгүй байхыг хүсэгчдийн үйл ажиллагаатай уялдаад энэ үйлдэл бий болдог. Нөгөө талаар гаалийн улсын байцаагчийн өргөсөн тангарагаа хэрэгжүүлэх үйл явцтай харшилдаад байгаа л хэрэг. Төр байгаа учраас татвар буй, татвар буй учраас төлөгч бас байна гэсэн үг. Тэгэхээр төлөгчөөс татвар хураагч бас байх нь ээ. Тэр нь гаалийн байгууллага. Хэдийгээр үндэсний аюулгүй байдлыг хангаж, эдийн засгийн хөгжлийгдэмжиж байгаа ч татвар хураагчийн үүргийг арай өөр механизмаар хэрэгжүүлж байгаа байгууллага бол гааль. Саяхан  Ерөнхийлөгч авлигаар эхний байрт байдаг байсан гаалийн байгууллагын үзүүлэлт өөрчлөгдсөнд ихээхэн талархалтай хандаж байна лээ. Түүнээс гадна оны өмнөхөн гарсан судалгаанаас харахад авлигын индексээр Монгол улс 20 гаруй байраар урагшилсан үзүүлэлттэй байсан. Тэгэхээр  нэг жилийн дотор төр засаг нь зөв бодлого барьж явах юм бол нийгэм хүртэл эрүүлжиж байгаагийн нэг хэлбэр юм. Үүнд манай хамт олон бас хувь нэмрээ оруулах ёстой.

-Ер нь авлига гээд ярихаар олон л хүчин зүйл яригдах байх. Нөгөө талаас гаалийн байцаагч гэдэг бол төрийн өмнө тангараг өргөдөг хариуцлагатай алба. Тэгэхээр хувь хүний ёс зүйтэй холбоотой асуудал яригдах байх?

-Гаалийн улсын байцаагч байх нь тангараг. Энэ тангараг бол бидэнд хуулийн эрх барих дээд байгууллага батлаад өгсөн хууль л гэсэн үг. Хуулийг хэрэгжүүлэх ёстой гаалийн улсын байцаагч тангараг өргөснөөр ёс зүйгээ өөрөө дархлаатай болгож байгаа юм. Хуулиндаа Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлнэ, хэний ч нөлөөнд үл автана гээд тангарагт нь оруулаад өгчихсөн байна шүү дээ. Тэгээд шударга ёс, тэгш байдлыг дээдэлж, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж ажиллана гээд бүүр нарийвчлаад оруулаад өгчихсөн. Нөгөө талаас тангараг гэдэг үгээ бодох ёстой. Гэрт байгаа асуудлаа төрийн албаны ажилтай хутгаж ойлгох л юм бол энэ утгаа алдана. Ер нь авлигыг харахаар төр хэдий чинээ цэвэр, эрхзүйн зохицуулалт нь оновчтой байна тэр хэрээр л хууль бус үйлдэл бага шүү дээ. Нэг хэсэг гаалийн байгууллагыг нийгэм авлигад автсан гэж ойлгож байсан үе бий. Харин өнөөдөр байдал арай өөр болж мэдлэгт суурилсан оюунлаг гаальчдаас бүрдсэн баг ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй. Ер нь бол яахав гаалиар шинээр үйлчлүүлэгчид л ойлголт арай буруу байдаг. Тийм учраас тэд сөрөг үйлдэл үзүүлэх хандлага бий.

-Нэгэнт авлига гээд ярьсан учраас саяхан танд тохиолдсон асуудлыг асуухгүй өнгөрч чадахгүй нь. Яг ямар үйл явдалболсон юм бэ?

-Монгол Улсын гүний гаалийн нутаг дэвсгэр дээр нэг бус удаа хориглосон ба хязгаарласан бараа импортлохтой холбоотой асуудал. Тухайлбал, хорио цээр тавигдсан нутаг дэвсгэрээс бүтээгдэхүүн Монгол Улсад оруулж ирэх, стандартад байхгүй бараа бүтээгдэхүүнийг гаалиар оруулахыг завдсан үйл ажиллагаа болсон. Солонгос, БНХАУ болон Зүүн өмнөд азийн бүс нутгаас гахайн өөх оруулж ирэхгүй байхыг хязгаарласан. Гэвч энэ журмыг зөрчиж дээрээс нь гаалиар татваргүйгээр бараа оруулах хүсэл, шуналтай хэсэг хүмүүсийн үйлдэл юм. Ер нь Улаанбаатар хотын гааль он гарсаар ийм төрлийн 13 удаагийн зөрчлийг илрүүлэн 80 гаруй тонн гахайн өөхийг хураагаад байна. Эдгээр үйлдлүүдийн зарим нэг нь шалгагдаад шүүх хяналтын болон хэрэг бүртгэлийн шатандаа байгаа. Гаалийн хойшлуулшгүй зөрчлийн үйл ажиллагаа явагдаж байх нөхцөлд буюу Улаанбаатар хотын даргын өгсөн чиг үүргийн хүрээнд өнгөрсөн сарын 18-нд иргэн Х миний өрөөнд орж ирээд 20 сая төгрөг өгөх санал тавьсан. Түүгээр ч барахгүй биднийг хэрэгжүүлж байгаа удирдамжаа зогсоохыг шаардаж, та бүхний ажилд дэм туслалцаа үзүүлэх маягаар мөнгө өгөх тухай хэлсэн. Тухайн үед би иргэн Х-д "Та ийм хууль зөрчсөн үйлдэл гаргаж болохгүй. Нэгэнт гарсан удирдамж чиглэлийнхээ дагуу бид ажлаа явуулж байна. Бидний ажил хэвийн явагдаж байгаа, та ажилд бүү саад бол" гээд үдээс өмнө нөгөө хүнийг явуулсан. Гэтэл дахиад иргэн Б орж ирээд өмнөх хүний тавьсан саналыг тавьж намайг гаргасан удирдамжаа зөрчихийг хүссэн. Тэгэхээр нь өмнөх хүний адилаар "Та бид хоёр хууль зөрчиж болохгүй, тэгээд ч би орлогч даргатайгаа хамтарсан шийдвэр гаргаж удирдах зөвлөлөөрөө батлуулан байцаагч нартаа мөрд  гэж хэлчихээд түүнийгээ эргээд өөрөө зөрчихгүй" гэдгээ хэлсэн. Гэтэл өдөр цайндаа ороод сууж байтал нөгөө хүмүүс өөр газар хоол идэх санал тавиад хувийн машинаа явуулж байгаагаа хэлэхэд нь би эсэргүүцсэн. Ингээд байж байтал үдээс хойш нь миний өрөөнд 20 сая төгрөгөө барьчихсан иргэн Г-тэй хамт орж ирсэн. Тэгснээ, 20 сая төгрөгөө ширээн дээр тавиад, та л бидэнд тусал гээд зогсоод байсан. Би өмнөх үйлдлүүдэд нь өгч байсан тайлбараа хэлээд дээрээс нь "Чи хууль бус бараа оруулж ирсэн, тэгээд бас надад авлига өгөхийг завдсан зэрэг чинь чамайг хэрэгт татах үндэслэл болно. Одоо энэ байдлаа зогсоо" гэсэн боловч тэгээгүй. Би ер иймэрхүү байдал үүсч магадгүй гэдгийг тооцоолоод өмнөх өдөр нь ГЕГ-ын дэд дарга нарын хэмжээнд болон орлогч дарга болон ажлынхандаа ийм үйл ажиллагаа явагдах байх гэдгийг хэлчихсэн байсан. Одоо энэ үйлдэл мөрдөн байцаалтын шатанд явагдаж байгаа. Авлига өгөхийг завдсан гэдгээрээ Б, Г, Х нар АТГ-т харин нөгөө гахайн өөхний асуудал нь ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байна. Ер нь хувь хүний хувьд болон энэ хариуцлагатай албыг хашиж байгаа хүний тухайд хэлэхэд гаалийн байцаагчийн өргөсөн тангараг, гэр бүлийн болон өөрийн нэр төрөө хадгалах нь шударга ёс, тэгш байдлыг хангах үүднээс ухамсарт үйл ажиллагаа явуулсан болов уу гэж бодоод байгаа шүү.

-Гаалийн байгууллагын нэг үүрэг бол эдийн засгаа дэмжих татвар хураалт байдаг. Энэ жилийн төлөвлөгөө ямар байна. Сүүлийн үед улсын төсөв тасалдаж байгаа яригдаад байна?

-Шинэ үеийн гаалийн түүхэнд өнгөрсөн жилийн хувьд гаалийн байгууллага улсын төсөвт их наяд төгрөг оруулсан байдаг. Ер нь татвар хураалтад нөлөөлдөг зүйл бол эдийн засгийн хямрал, Азийн үндэсний баярууд, дэлхийн нийтийг хамарсан янз бүрийн өвчин зэргээс манай эдийн засаг хамааралтай. Энэ байдлуудаас шалтгаалж өнгөрсөн жил татвар хураалтын төлөвлөгөө тасалдсан зүйл байгаа. Яахав ерөнхий агуулгаараа татвар хураалтын дүн хэдийгээр хасах байсан ч гэсэн Улаанбаатар хотын гаалийг ололттой үед нь хүлээж авсан. Тийм учраас энэ ололттой байдлыг нь хадгалаад  энэ онд нэг  их наяд гаруй төгрөгийн татварын бүрдүүлэлтийг биелүүлэхийн төлөө зорилт тавин ажиллаж байна. Ер нь гаалийн байгууллагын хувьд авч үзвэл улсын төсвийн нийт орлогын 56 хувийг дангаараа Улаанбаатар хотын гааль бүрдүүлдэг. Энэ бол 200 орчим гаалийн улсын байцаагч дээр чиглэгдэж хийгдэх ажил юм. Үүнд зөв бодлого, удирдлагын зөв арга барилаар энэ хамт олныг зангидаж ажиллах нь миний үүрэг. Тэгэхээр эрсдэлтэй гэхээсээ илүү хариуцлагатай ажил юм.

0 comments:

Post a Comment