"Хүмүүнлэг энэрэнгүй үйлсийг хөхиүлэн дэмжинэ"

-"Grand people-2012" ёслолын ажиллагаа тун удахгүй болох гэж байна. Тиймээс энэхүү ёслолын ажиллагааг зохион байгуулж байгаа "Гранд" сэтгүүлийн талаар яриагаа эхлэе?
-2010 оны аравдугаар сард анхныхаа дугаарыг худалдаанд гаргаж байлаа. Тэр цагаас хойш гурван жил болоход 32 дугаар уншигчдынхаа гар дээр тавиад байна. Үргэлж анхдагч байхыг эрхэм зорилгоо болгосон манай сэтгүүл өнгөрсөн оноос фото мэдээллийн www.grandnews.mn портал сайттай болж, хүрээгээ улам тэлээд байгаа. Үүгээрээ бид чанартай сонирхолтой мэдээллийг уншигчдад хүргэхээс гадна шуурхай ажиллах боломжтой болсон юм. Түүнээс гадна мэдээллийн эрин гэгдэх өнөө цагт нүсэр бичвэрээс зайлсхийж фото зураг, баримт фактаар өгүүлэх бодит мэдээ, мэдээллийг хүмүүс илүүтэй таашаан хүлээн авах болсонтой ч холбон тайлбарлаж болох юм.
-2012 он танай хамт олны хувьд нэлээд амжилт ололттой байсан гэж сонссон. Энэ тухай?
-Тийм ээ. Өнгөрсөн он бидний хувьд амжилт, урам зориг дүүрэн жил болж өнгөрлөө. Хамгийн шударга, мэргэжлийн өндөр шалгаруулалттай хэмээгддэг "Болор үзэг" наадмаас манай сэтгүүл "Шилдэг сэтгүүл" хэмээх өргөмжлөлийг хүртсэн. Мөн олон нийтийн санал асуулгаар салбар бүрийн шилдгүүдийг тодруулдаг "Best of Mongolia" арга хэмжээний 2012 оны "Шилдэг сэтгүүл" болсондоо баяр, бахархал дүүрэн байгаа. Мөн давтагдашгүй өвөрмөц ертөнцтэй эрхмүүдийн дотоод сэтгэлийн нарийн нууц, арвин туршлагаас хуваалцсан "Гранд хүмүүс" ярилцлагын номоо гаргалаа. "Гранд лэди" ёслолын ажиллагаагаа ч хоёрдахь жилдээ амжилттай зохион байгуулсан гээд олныг дурдах байна. Энэ бүхэн бидэнд маш их урам зориг өгсөн. Тэр ч утгаараа улам сайн хөдөлмөрлөж, илүү чанартай мэдээллийг хүргэж бай гэсэн "Гранд"-ыг амтархан уншдаг уншигчдын маань хүлээлгэсэн үүрэг даалгавар гэж бодож байна.
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгэмд ихээхэн нөлөө үзүүлдэг. Тэр утгаараа танай сэтгүүл нийгмийн салбарт хэр оролцоотой ажилладаг вэ?
-Нийгмийн оролцоотой, хариуцлагатай байхыг бид үргэлж эрхэмлэдэг. Бусдыг ч үүнд уриалж ажилладаг. Энэ хүрээндээ "Гранд" сэтгүүлийнхээ нээлт болоод Олон Улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан "Гранд лэди" ёслолын ажиллагааг зохион байгуулж 21-р зуунд нийгмийн бүх салбарт манлайлж, хөгжлийн түүчээ болон яваа хүчирхэг, бүсгүйчүүдээ алдаршуулж, энэхүү үйл ажиллагаагаа уламжлал болгосон. Харин энэ жилээс цар хүрээгээ тэлж "Гранд мэн"-үүдээ мөн шалгаруулж "Grand people" нэртэйгээр зохион байгуулах гэж байгаа юм.
-Сүүлийн үед "оны шилдэг" хэмээх нэрийн дор зохион байгуулагддаг арга хэмжээ олон болсон. Харин "Grand people" арга хэмжээ юугаараа онцлог давуу талтай вэ?
-Хүмүүнлэг энэрэнгүй үйлсийг хөхиүлэн дэмжих зорилготой энэхүү үйл ажиллагаа Улс төр, Урлаг, Бизнес, Нийгэм соёл, Спорт, Хүмүүнлэгийн салбарт нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүмүүнлэг үйлсэд гар бие оролцон, тухайн онд салбартаа амжилт гаргасан эрхмүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулдагаараа онцлогтой. Олон нийтийн санал гэдэг хамгийн ардчилсан, шударга шүүлт байж чаддаг. Тиймээс бид шагнал гардуулах өдрөөс 14 хоногийн өмнөөс нэр дэвшигчдийн товч танилцуулгыг зургийн хамт фото мэдээллийн www.grandnews.mn цахим хуудаст байршуулж, санал хураалтаа эхлүүлээд байгаа. Манай арга хэмжээ ирэх баасан гарагт болох тул саналаа урд өдөр нь буюу 14-ний 18.00 цаг хүртэл хураана.
-Оролцогчдыг ямар шалгуураар шалгаруулж , нэр дэвшүүлсэн бол?
-Нэр дэвшигчдийг манай сэтгүүлийн редакцийн хамт олон тухайн жилд хийсэн бүтээсэн ажлыг гол болгон дэвшүүлсэн бөгөөд комиссын гишүүд санал болгосоны үндсэн дээр тодруулсан. Мэдээж нэр дэвшигчид маань өнгөрсөн жил салбар салбартаа манлайлан ажиллаж, нийгэмд өөрсдийн байр суурийг тунхаглаж чадсан хүчирхэг эрхмүүд байгаа.
-Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа гэхээр багагүй хугацааг үджээ. Мэдээж нийгэмд сайн сайхан зүйл хийж бүтээж байгаа хүмүүсийг урамшуулж, алдаршуулах нь зүйн хэрэг. Энэ нь цаашдаа хүмүүст илүү ихийг хийж бүтээх урам зориг өгдөг байх?
-Тийм шүү. Эргээд харахад өнгөрсөн хоёр жил зохион байгуулагдсан арга хэмжээнээс "Гранд лэди"-гээр өргөмжлөгдсөн бүсгүйчүүд маань өдгөө нийгмийн салбарт манлайлагч болон ажиллаж, ард түмний талархалыг хүртээд байгаа нь бахархууштай санагддаг.
Б.БАЯСАХ

0 comments:
Post a Comment