Зүүн азийн тоглолтын урилга ирлээ

Азийн сагсан бөмбөгийн холбооноос 2 жилд нэг удаа Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Анхдугаар тэмцээн 2009 онд Японы Комаки хотод, II тэмцээн Хятадын Нанжинд тус тус явагдсан бол энэ жил Солонгосын Инчеон III тэмцээний зохион байгуулагч хотоор нэрлэгджээ. Тэмцээний тов ч тодорхой болж 2013 оны 5 сарын 16-21 хооронд явагдхаар болсныг Солонгосын сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоонд урилга илгээн албан ёсоор мэдэгдлээ.

Зүүн азийн бүсэд хамаардаг БНХАУ, ХонгКонг, Макао, Япон, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Монгол, Тайвань гэсэн 8 орны баг тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөх юм. Эхний 3 баг дараагийн шатанд шалгарах дүрэмтэй.

Монголын шигшээ багийн тухайд зүүн азийн тэмцээнд тасралтгүй оролцсоор ирсэн. Энэ удаад ч бүсээсээ шалгарч ААШТ-нд оролцох зорилго тавин бэлтгэл сургуулиалтандаа гараад байна. 2013 оны шигшээ баг онцлог ихтэй гэхэд болно. МСБХ тоглогч бүрийг тогтмол цалинтай болгосон. Холбооны зүгээс цаашид ч энэ мэтчилэн тамирчиддаа чиглэсэн олон ажил төлөвлөсөн. 2013 оны Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багт нийтдээ 26 тоглогч дуудагдаад байна. Сонгон шалгаруулалтаар 14 тоглогч шигшигдэж улсын нэрийн өмнөөс Зүүн азийн тэмцээнд оролцоно. Харин шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар  О.Баярцогт, туслах дасгалжуулагчаар АНУ-ын иргэн Luke Simons нар  ажиллаж байна.

Дашрамд дурдахад шигшээ багийн бэлтгэл  сургуулиалт орчин үеийн, стандартыг хангасан Хан-Уул дүүрэг дахь "Сити" клубын зааланд явагдаж байгаа ба  МСБХ-ны удирдах зөвлөлийн гишүүд болох С.Төгөлдөр, Сити клубын захирал Мөнхбаяр нар шигшээ багийн бэлтгэл сургуулиалтанд туслалцаа дэмжлэг үзүүлж байгаад МСБХ талархаж байна.

0 comments:

Post a Comment