МАХН-аас санаачилсан "Шударга ёс"-ны аян өнөөдөр эхэлж байна. Уг аяны хүрээнд МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийнхэн иргэний хөдөлгөөнийнхэнтэй хамтран ажиллах болжээ. "Шударга ёс"-ны аяны талаар УИХ-ын дэд дарга Л.Цогоос тодрууллаа
-Шударга ёсны аяны хүрээнд ямар ажлыг хийхээр төлөвлөж байна вэ?
- УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ, Засгийн газраас явуулж байгаа үйл ажиллагаа, улс орны өнөөгийн байдлын талаар уламжлал ёсоороо хэлэлцэнэ. Ингэхдээ орон нутгийн иргэдийн саналыг сонсоно. Энэ утгаараа өнөөдөр жил хагасын өмнө байгуулагдсан "Шударга ёс" эвслийнхэн цугларч байна. МАХН-ын санаачлаад буй бүс аймгуудаар явах уулзалтын талаар ярилцана. Дур зоргоороо авирлаж байгаа эрх баригчид байх ёсгүй. Шинэ их хурлын бодлого хэрэгжилтийн талаар иргэд ямар бодолтой байгааг сонсох зорилгоор бүх аймгуудаар аянаа үргэлжлүүлнэ.
Түүнчлэн намынхаа анхан шатны байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх бодлого давхар явагдана. Өөрөөр хэлбэл өнөөдрөөс "Шударга ёсны" жилийн ая эхэлж байгаа юм. Эхний ээлжинд говийн аймгуудаар явна. Байгалийн баялгаа хэрхэн цөлмүүлж байна. Бэлчээрийг яаж тахалж байгааг нүдээр харна. Иргэдийн дуу хоолойг сонсох юм.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн тоонд таны нэр бий. Хэрхэн хүлээж авч байна вэ?
- Бага чуулганы хуралдаанаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой гэсэн 4-5 хүнээ нэрлэсэн. Олон түмэнд таниулах үүднээс. Миний нэр бий. УИХ-ын дэд даргын хувиар, энэ намыг байгуулсан хүний хувиар миний нэр оруулсныг хүлээн авч байгаа. Шийдвэр гарах болоогүй.
-МАН-тай МАХН нэгдэх тухай асуудал ямар шатанд явна вэ?
-Хоёр нам нэгдэнэ гэсэн ойлголт байхгүй. Хамтрах тухай асуудал байж болно. Монголын ард түмний язгуур эрх ашгийг хөндсөн асуудалд бид хамтарна. Ер нь угшил нэгтэй нам. Жирийн гишүүдийн саналыг сонсох ёстой. Судлах ёстой. Хамтрах тухай асуудлыг үгүйсгэж болохгүй. МАХН-ын зүгээс МАН-д нэг л шаардлагыг тавьж байгаа. Манай нам шударга ёсны төлөө тэмцэнэ.МАН-ыг шинэчлэх хүсэлтэй хэсэг бүлэг хүн бий. Тэднийг ажиглаж байна. МАН-ын толгойд байгаа олигархуудаасаа салж чадах эсэхийг ажиглаж байгаа. Үүний үр дүнг харна. Намаа шинэчилж чадвал хоёр нам нэгдэхгүй гэж хэлэхгүй. Хэрэв цэвэрлэж чадахгүй бол нэгдэх тухай ойлголт байхгүй. Бид шударга ёсны тэмцлээсээ ухрах боломжгүй.
-Хууль зүйн дэд сайд албан тушаалаа огцрох өргөдлөө намынхаа удирдлагуудад гаргасан гэсэн. Хүлээж авсан уу?
- Хууль зүйн дэд сайд ажлаа өгөх хүсэлтэй байгаа тухай өргөдлөө өгсөн. Тухайн хүн ажлаасаа татгалзах хүсэлтээ гаргах нь өөрийнх нь эрхийн асуудал. Өргөдлөө татаж авсан. МАХН-ын зүгээс дэд сайдын өргөдлийг хүлээж аваагүй.
-Ямар үндэслэлээр ажлаа өгөх хүсэлтээ илэрхийлсэн юм бол?
- өөрийнх нь асуудалд би тайлбар өгөх нь зохимжгүй л дээ.
-Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН болон МАН хамтарч оролцох уу?
-Хамтран орох тухай асуудал байж болно. Хүчтэй ярьж байгаа. Шийдвэр гараагүй байна.
-Эцсийн байдлаар шийдвэр хэзээ гарах уу?
-Манай намын бага чуулганы хуралдаан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дөрөвдүгээр сард болно. Энэ үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хүний нэрийг эцсийн байдлаар тодорхой болгоно. Хоёр нам хамтарч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэхийг нь эцэслэн шийднэ.
Н.Түвшин

0 comments:
Post a Comment