"Челси", "Интер" хожигдлоо

UEFA буюу Европийн хөлбөмбөгийн холбооны "Европийн лиг"-ийн шөвгийн наймын төлөөх эхний тоглолтууд боллоо. Нэр хүнд, цар хүрээгээрээ "Аваргуудын лиг"-ийн дараа нэрлэгддэг энэхүү тэмцээний шөвгийн 16-д Англи болон ОХУ-ын гурван баг шалгарсан нь хамгийн олонд тооцогдоно. Өнгөрсөн жилийн "Аваргуудын лиг"-ийн аварга "Челси" энэ удаа Румыны "Стяуа Бухарест" багийн талбайд зочлон, 1:0-ийн харьцаатай хожигдлоо. Румыны Үндэсний цэнгэлдэхэд болсон энэ тоглолтын 34 дэх минутад "Челси"-гийн зүүн жигүүр хамгаалагч торгуулийн талбайдаа алдаа гаргасныг эсрэг багийн Русеску "чулуу" болгосон байна.

"Стяуа" (Румын) - "Челси" (Англи) - 1:0

Гоол: Русеску, 34 пенальти.

"Стяуа" (Бухарест):
Тэтэрушану, Латовлевич, Кирикеш, Рыпе, Шукала, Тэнасе (Тату, 82), Боурчану, Пинтили (Препелицэ, 58), Кипчиу, Попа, Русеску (Гардош, 90+2).

"Челси" (Лондон):
Чех, Терри, Иванович, Давид Луиз, Бертранд, Лампард, Бенаюн (Мата, 64), Оби Микел, Азар (Марин, 75), Оскар, Фернандо Торрес.

Харин энэ жилийн "Европын лиг"-ийн шөвгийн наймын хамгийн "Тоттенхэм" талбайдаа Италийн "Интер" багийг хүлээн авч, 3:0-ийн харьцаатай бут ниргэлээ. Энэ хоёр багийн тоглолтод олон гоол ордог уламжлалтай. Эдгээр багууд 2010 оны "Аваргуудын лиг"-ийн А хэсэгт учраа таарч, хоёр тоглолтод нийтдээ 11 гоол орж байсан юм. Эхний тоглолтод "Тоттенхэм" талбайдаа 3:1-ийн харьцаатай хожсон бол хэсгийн сүүлийн тойрогт "Интер" талбайдаа 4:3-ийн харьцаатай хожсон. Хэсгээ тэргүүлэхийн төлөөх энэхүү тоглолтод "Тоттенхэм" багийн Гаретт Бэйл 52, 90, 91 дэх минутад гурван гоол оруулж, карьерынхаа анхны хэттрикийг хийж байсан билээ. Өнгөрсөн шөнийн тоглолтод Гаретт Бэйл мөн гайхалтай тоглолтыг үзүүлсэн юм.

"Тоттенхэм" (Англи) - "Интер" (Итали) - 3:0

Гоол:
Бэйл 6, Сигурдссон 18, Вертонген 53

"Тоттенхэм":
Фридель, Галлас, Ассу Экотто, Вертонген, Уолкер, Леннон (Наутон, 82), Паркер, Бэйл, Сигурдссон (Холтби, 71), Дефо, Дембеле (Ливермор, 64).

"Интер": Ханданович, Занетти, Киву, Перейра, Раноккиа, Жуан Жезус (Паласио, 46), Камбьяссо, Гаргано, Альварес (Жонатан, 67), Ковачич (Гуарин, 55), Кассано.

"Европийн лиг"-ийн шөвгийн 16 багийн эхний тоглолтын дүн:

Виктория Плзен /Чех/ 0–1 Фенербахче /Турк/
Анжи /ОХУ/ 0–0 Ньюкаслле Юнайтед /Англи/
Бенфика /Португаль/ 1-0 Бордо /Франц/
Штутгарт /Герман/ 0-2 Лацио /Итали/
Тоттенхэм /Англи/ 3-0 Интер /Итали/
Леванте /Испани/ 0-0 Рубин /ОХУ/
Базель /Швейцарь/ 2-0 Зенит /ОХУ/
Стуяа /Румын/  1–0 Челси /Англи/

Хариу тоглолт долоо хоногийн дараа буюу гуравдугаар сарын 14-нд болсноор 2013 оны "Европийн лиг"-ийн шөвгийн найман багийн нэр тодрох учиртай.

2013 оны "Европийн лиг"-ийн шигшээ тоглолт Недерланд улсын нийслэл Амстердам хотын "Амстердам АренА"-д болно.

Б.БИЛЭГ

0 comments:

Post a Comment