АНУ-д хүний дархлал хомсдлын вирусийн (ХДХВ) халдвар авсан хүүхдийг эмчилсэн нь бүр эхний шатанд эмчилж эхлэвэл бие махбодид байгаа вирусийг устгаж болдгийг нотолж байна. ДОХ-оос урьдчилан сэргийлж, тэмцэх Оросын төвийн тэргүүн, Оросын анагаах ухааны академийн академич Вадим Покровский сурвалжлагчтай ярилцахдаа ингэж мэдэгдэв.
АНУ-д эхний үед нь вирусийн эсрэг эм бэлдмэл өгч байсан ХДХВ-ийн халдвартай хүүхдэд эмийг нь зогсоосны дараа халдварын шинж тэмдэг илрээгүй байна.
"Онолын үүднээс, хэрвээ өвчний бүр эрт үед эмчилгээ хийж эхлэвэл, өвчин цаашид даамжрахаас сэргийлж болно гэсэн утгаар энэ тохиолдол сонирхолтой юм" гэж академич тэмдэглэжээ. Вирус биеэр тарж, "ретровирусын эсрэг бэлдмэлээс "нуугдаж" болох тийм газрыг олж амжаагүй байна хэмээн судлаачид өөрсдөө таамаглаж байгааг" Покровский дурджээ. "Вирус "нуугддаг", тиймээс бид эмчилгээг илүү хожуу шатанд эхлэвэл, вирус цуснаас алга болж, харин эмийг зогсоосны дараа вирус хаанаас ч юм дахин гарч ирдэг" гэж эрдэмтэн ярьж байна.
"Энэ нуугддаг газар нь нугас юмуу тархины эсүүдэд байж болох бөгөөд энд вирус нэг ёсондоо унтаа байдалд байдаг гэж таамаглаж байгаа юм. Харин АНУ-ын энэ хүүхдээс ийм вирус дахин илрээгүй байна" гэж Покровский хэлжээ. Тиймээс "вирус дөнгөж тархаж эхлэсэн хамгийн эхний үед халдварыг тань чадсан байна хэмээн таамаглаж болно" гэж эрдэмтэн үзэж байна.
Насанд хүрсэн хүнд ч ийм явдал тохиолдож болох бөгөөд хэрвээ дөнгөж халдвар авсаныг ямар нэг байдлаар мэдэж, эмчилгээ хийж эхлэвэл, вирус биеэр тарахгүй байж болох талтай.
"Харамсалтай нь, ийм тохиолдлын учир холбогдол цаашдын ажилд тийм их биш, яагаад гэвэл олонхи тохиолдолд бид халдвар авсан энэ хамгийн эртний үеийг таньж чаддаггүй юм" гэж академич тайлбарлажээ.
Одоо урьдчилан сэргийлэхэд л илүүтэй найдлага тавьж байгаа юм. ХДХВ-ийн халдвар авсан бүх эмэгтэй жирэмслэсэн үедээ болон хүүхэд төрүүлэх үедээ ретровирусийн эсрэг эм бэлдмэл хэрэглэдэг, ингэснээр халдвартай хүүхэд төрөх эрсдэл ердөө хэдхэн хувь байдаг байна. Үүнээс гадна, хэрвээ эхнэр, нөхөр хоёрын нэг нь ХДХВ-ийн халдвар авсан бол, нөгөөд нь зохих эмчилгээ хийвэл, тэр халдвар авахгүй ажээ.
ОХУ-д ХДХВ-ийн халдварын байдал жилээс жилд дордож байна. "Байдал тун тааруу байгаа. 2012 онд шинэ тохиолдлын тоо сүүлийн 10 жилийн дотор хамгийн олон байлаа" гэж Покровский дурджээ. Орост халдвар авсан нийт хүний тоо 700 мянгаас хол даваад байна. Өнгөрсөн жил ХДХВ-ийн халдвар авсан 70 мянга орчим тохиолдол шинээр бүртгэгджээ.
С.Золбоо
0 comments:
Post a Comment