"Монголбанкинд байршуулсан хоёр тэрбумыг эргэлтэд оруулъя"
1 цаг 0 минутын өмнө
Өнгөрсөн 20 жилд Монголбанкнаас лиценз авсан банкны тоо 34 ажээ. Харин одоо ажиллаж буй нь 14. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд арилжааны 20 банк дампуурлаа зарласан гэсэн үг. Он цагийн эргэлтэд хоцорч үлдсэн арилжааны 14 банкыг элдэв хэл ам тойрдоггүй. Зээлийн хүү болоод зээлдэгчид тавих шаардлага өндөр, том бизнес эрхлэгчдэд илүү үйлчилдэг, ахан дүүсээрээ нийлэн мөнгө хүүлж байна гэхчилэн банктай холбоотой хатуу шүүмжүүд "Монголын эдийн засгийн форум-2013"-ын хэлэлцүүлгийн үеэр ч сонсогдож байлаа. Тиймээс бид Монголын банкны холбооны ерөнхийлөгч, "Тэнгэр" санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал М.Болдоос банк тойрсон зарим асуудлыг тодруулан асуулаа. -Форумд оролцогчдын зүгээс хамгийн ихээр хөндөн тавьсан асуудал нь зээлийн хүү. Үйлдвэрлэлийн хөгжилд чөдөр тушаа болоод байгаа энэ асуудлыг хэрхэн зохицуулах ёстой вэ?
-Манай улсад санхүүгийн зах зээлийн хөгжил сул байгаагаас ихэнх зээлийг арилжааны банкууд нуруундаа үүрч байна. Аль ч улсын арилжааны банк эрсдлийг нарийн тооцдог жамтай. Түүний дээр манай улсын арилжааны банкны үйл ажиллагаа Төрийн мөнгөний бодлоготой уялдаж явдаг. Арилжааны банкууд Монголбанкнаас гаргасан журам,дүрмийг хуульчлан дагадаг. Өнөөдөр арилжааны банкуудын зээлийн санхүүжилтийн 70 хувь нь хадгаламжаас бүрдэж байна. Тэгэхээр хадгаламжийн өндөр байгаа үед зээлийн хүү буурах боломж үгүй юм.
-Үйлдвэрлэлийг дэмжих зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж бий юү?
- Манай улсад ямар ч төрлийн зээлийг нэг шалгуураар олгож байгаад хамаг учир байна. Тухайн зээлдэгч үйлдвэрлэл явуулах гэж байна уу, хэрэглээний зээл авсан уу гэдгээс шалтгаалахгүйгээр нэг шалгууур тавьдаг нь үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндээр тусдаг. Тиймээс үүнийг Төрийн мөнгөний зохистой бодлогоор зохицуулах ёстой. Өнөөдөр хэргэлээг дэмжсэн бодлого л яваад байна. Өнөөдөр Монголбанкнаас арилжааны банкуудын эргэлтийн мөнгөний 25 хувийг эргэлтэд оруулахгүй барьж байдаг. Үйлдвэрлэлийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүүг бууруулахын тулд Төрийн мөнгөний бодлогыг сулруулж, байгаа мөнгөө бүхэлд нь ашиглах хэрэгтэй байна. Тэр мөнгийг чөлөөт эдийн засаг руу оруулж үйлдвэрлэлд зориулж болно.
-Монголбанкнаас бодлогын хүүг бууруулах бодлого барьж байгаа. Энэ шийдвэр үр дүнгээ хэзээ өгөх бол?
-Монголбанкнаас бодлогын хүүгээ бага зэрэг бууруулсан. Гэвч хүү бууруулсан хэмжээ нь эдийн засагт дорвитой нөлөө үзүүлэхүйц хэмжээнд хүрч чадаагүй. Цаашдаа үнэт цаасны хүүг нэг оронтой тоонд оруулж гэмээнэ мэдэгдэхүйц үр дүн гарна. Одоогоор хоёр орчим их наяд төгрөгийг Монголбанк заавал байх нөөцөд хөдөлгөөнгүй байршуулдаг. Тэр мөнгийг эргэлтэд оруулах шаардлагатай. Мөн бодлогын хүүг дорвитойхон буулгах хэрэгтэй.
-Зээлийн хүүг бууруулах, үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд гадаадаас хөрөнгө татах боломж хэр байна вэ?
-Банк санхүү болоод бусад салбарт хөрөнгө оруулалтыг татахад хамгийн том саад болж буй зүйл нь манай улсын улстөр болоод хууль эрхзүйн тогтворгүй байдал. Томоохон хуулиуддаа дөрвөн жил тутам өөрчлөлт оруулдаг. Энэ нь сонгуулийн үеэр сонгогчдыг татах зорилгоор хийгддэг нь бүр ч аюултай. Энэ нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын гэрээ хэлцлийг зөрчих, бизнест нь эрсдэл үүсгэх нь бий. Сонгогчдыг татах гэсэн шийдвэрээс болж зөвхөн хөрөнгө оруулагч нар хохироод зогсохгүй эгэл жирийн иргэд ч ажлын байргүй болж хохирдог. Ийм байдлыг гаргуулахгүйн тулд төрийн залгамж халааг бий болгох хэрэгтэй юм. Ялангуяа УИХ хууль эрхзүйн орчныг тогтвортой байлгахад анхаарах цаг болсон. Хууль эрхзүйн болон улстөрийн хувьд тогтвортой байж чадвал Монголыг сонирхох сонирхол байсаар байна.
Д.ЦЭЭНЭ
0 comments:
Post a Comment