Дотоод хэргийн их сургуулийн багш, цагдаагийн хурандаа Г.Даваадоржтой аврах, гал унтраах албаны ажил мэргэжлийн талаар ярилцав. Доктор, профессор Г.Даваадорж 1976 онд хуучин ЗХУ-ын Ленинград хотын Галын тусгай дунд сургууль, 1984 онд Москвагийн ДЯЯ-ны Галын аюулгүйн инженерийн дээд сургууль, 1996 онд Боловсролын хөгжлийн сургуулийг төгссөн. Гал сөнөөгчөөс эхлээд энэ салбарт 40 гаруй жил ажиллаж байна.
-Галын аюулаас хамгаалах талаар эрдмийн ажил хийсэн хүн тун цөөхөн байх. Та ямар сэдвээр докторын зэрэг хамгаалав, бүтээлийн тань үр дүн хэр гарч байна вэ?
-Манай улсад хэрэглэж байгаа гал түймэр унтраах техник хэрэгслийн ашиглалтын байдалд хийсэн судалгаанаас харахад энэ төрлийн техник хэрэгслийн 80 хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн байснаас техникийн үзүүлэлтүүд нь ажлын шаардлага хангаж чадахгүй болжээ. Энэ нь техникийн бэлэн байдлыг бууруулах үндсэн шалтгаан болж байсан юм. Миний докторын ажил ч үүнд чиглэсэн. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө хийсэн "Гал түймэр унтраах техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах нь" сэдэвт бүтээл юм даа. Улаанбаатар хотын гал түймэр унтраах ангиудын техник хэрэгслийн ашиглалт, эдэлгээний хугацаа, үйлчлэх хүрээ зэргийг математик загварчлалаар тогтоосны үндсэн дээр сүүлийн жилүүдэд манай Засгийн газраас Японы "ЖАЙКА" байгууллагатай хамтран тэдгээрийг шинэчлэх төслийг үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн. Гэсэн ч зарим талаар холбоотой учраас удааширч байгаа тал бий.
-Амьдрал дээр гал командын машинууд аливаа хашаа байшин, эд юмсыг шатаж дуусаны дараа ирдэг гэсэн гомдол гардаг. Тэгэхээр гал унтраах ангиудын бэлэн байдал хангалтгүй байгаа юм уу?
-Аврах, гал унтраах ангиудын бэлэн байдал сайн байгаа боловч саад болох гадны гол хоёр хүчин зүйл нөлөөлж байна. Юуны өмнө шуурхай албаны автомашин хүрч очиход ялангуяа нийслэлийн гэр хорооллын гудамж эмх цэгцгүй, зам хааж хашаа барьсан, эгнээ давхарлаж гаргасан, хашаагаа сунгаж хаалга үүдийг нь хааж, галын машин орох гарцгүй болгосон учраас мухардах явдал байнга гардаг. Эдгээр саадыг арилгахын тулд хугацаа алддаг. Хоёрдугаарт хотын доторхи замын хөдөлгөөний нягтрал их, ихэнхдээ түгжрэл үүссэн байдаг шүү дээ. Тэгээд жолооч нар шуурхай албаны автомашинуудад зөм чөлөөлж өгдөггүй. Үүнийг хүмүүс төдийлөн ойлгохгүй бухимдсандаа бурууг гал унтраах албаныханд тохдог. Түүнээс биш манай онцгой байдлын албаны аврагч, гал сөнөөгчдийн бэлэн байдал эрс дээшилсэн.
-Та байлдагчаас онцгой байдлын хурандаа, гал сөнөөгчөөс их сургуулийн доктор, профессор хүртэл ихээхэн туршлага хуримтлуулсан хүн. Гал түймрийн аюул гол төлөв юунаас шалтгаалж гарч байна вэ?
-Улсын хэмжээнд гарч байгаа гал түймэр ихэвчлэн хүний анхаарал болгоомжгүйгээс үүдэж байна. Дараа нь цахилгаан ашиглалтын буруугаас, ахуйн болон үйлдвэрлэлийн хүрээнд техник технологийн горим, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс гал гарч, хүний эрүүл мэнд, амь нас эрсдэх явдал өсөх хандлагатай байна. Судалгаанаас үзэхэд гал түймрийн 40 гаруй хувь нь цахилгаанаас үүдсэн байдаг. Улаанбаатарт жилд хэдэн зуун барилга байгууламж шинээр ашиглалтад орж байгаа боловч сүүлийн 20 жилд гал унтраах иж бүрэн автомат (усаар, хөөсөөр, хийгээр, нунтгаар, уураар) төхөөрөмж бараг тавигдаагүй. Зөвхөн 10 орчим хувьд нь мэдрэгч тавигдаж байгаа нь хангалтгүй гэж үзэж байна. Гадаадаас хуулбарлан авсан барилгын зураг төслийн зурагт галын аюулгүй байдлын зургийг хасч, мэдээлэгчээр орлуулаад байна ш дээ. Төв пульт Мэдээлэл удирдлагын төвтэй холбогдоогүй нөхцөлд зөвхөн обьект дотор байгаа жижүүр хамгаалагчид л мэдээлэл дамжуулна шүү дээ. Тэгсний дараа нөгөө л түгжрэлтэй замаар аврах, гал унтраах бие бүрэлдэхүүн очно гээд бодоод үз дээ.
-Шинэ барилга байгууламжийг ашиглалтад улсын комисс хүлээн авахдаа энэ талаар яагаад анхаардаггүй юм бэ. Цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-80-аад оны галын аюулгүйн норм дүрэм, стандарт нэгэнт хуучирсан тул зарим заалтыг шинэчлэх, шинээр баригдаж буй обьектын зураг төсөлд гал унтраах иж бүрэн автомат төхөөрөмжийг заавал байрлуулах зэрэг заалтыг оруулах шаардлагатай болжээ. Мөн барилгын зарим туслах бүтцэд шатдаггүй материал ашиглах заалтыг өөрийн орны онцлогт тохируулан тусгах хэрэгтэй. Өөр нэг санаа зовоодог зүйл бол гамшигт нэрвэгдэгсдийн сэтгэцэд хяналт тавих асуудал. Манай ерөөсөө хэрэгждэггүй. Хүмүүс гэнэтийн галын аюулын үед хэн нэг нь эрсэдсэн, орон байр, эд хөрөнгөө алдсан үед сэтгэл зүйн гүн тресст орсон байдаг. Иймээс тайвшруулах цогц үзлэг, эмчилгээ хийхгүй бол сэтгэцийн өвчтэй болохыг үгүйсгэхгүй. Үүнийг ЭМЯ холбогдох байгууллагуудтай хамтран хийх цаг нь болсон.
Улаанбаатарын замын гэрэлтүүлэг, троллейбусны шонд төрөл бүрийн цахилгааны утас холбож ил татсаныг газар доогуур монтажилж, дүрэм норм, стандартад нийцүүлэхгүй бол хотын хэмжээнд галын аюул нүүрлэх магадлал маш өндөр байгаа. 60-аад оны үеийн барилгуудын дээврийн хөндийн цахилгааны монтажийг нэг бүрчлэн шалгаж, яаралтай засч янзлахгүй бол нэг л өдөр дүрсхийхийг байг гэхгүй.
Их төлөв гэр хороолол, зарим өргөтгөл засвар хийсэн, шинээр баригдсан барилга байгууламжуудад цахилгааны монтажийг хамгийн хямд, стандартын бус утсаар, өөрөөр хэлбэл чанар муутай кабель, муу контакттай тоног төхөөрөмж, уртасгагчийг ашиглаж байгааг УМХГ, ЦШСГ, мэргэжлийн бусад байгууллагатай хамтран шалгаж, чанаргүй материал, бүтээгдэхүүнийг хил гаалиар оруулахгүй байх хэрэгтэй.
Цаашилбал ядаж их, дээд сургуулиудад гамшгийн менежмент хичээлийг сургалтын хөтөлбөрт зайлшгүй оруулж өгөх хэрэгтэй. Хоёр жилийн өмнө бидний хэдэн мэргэжлийн багш эрдэмтэд гамшгийн сургалтын эргэ зүй нэртэй сургалтын төлөвлөгөө, сурах бичгийг боловсруулж бэлэн болгосон.
Ингээд БХИС-д гамшгийн техник технологийн мэргэжилтэн бэлтгэх салбарын дээд болон мастер, докторын сургалтыг зохион явуулах саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт хүргүүлсэн боловч одоо хүртэл шийдвэрлэсэнгүй. Үүнийг хэрэгжүүлсэн бол яваандаа Монгол Улсын энхийг сахиулах 2005-2020 оны стратеги төлөвлөгөө болон Гамшиг ослын техникийн бэлэн байдлыг хангах, хүмүүнлэгийн үйлсэд аврах, гал унтраах алба оролцох боломжтой юм.
-АНУ-д болсон Катрина хар салхины гамшгийн үеэр Таныг сэргээн босгох үйл ажиллагаанд оролцох хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад гаргаж, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Бушид хүртэл захидал бичиж байсан гэдэг.
-2005 оны есдүгээр сард АНУ-ын Луизиана, Шинэ Орлеан, Миссипи, Алабама, Билокси мужид Катрина хар салхинд нэрвэгдсэн Америкийн ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор Засгийн газраас сайн санааны хандивын олон хэлбэрийн арга хэмжээнд нэгдэхийг уриалсан. Иймээс зовох цагт нөхрийн чанар танигдана гэсэн монгол жудгийн дагуу Цагдаагийн академийн ОБЕГ-ын факультетийн ахлах багш, цагдаагийн хурандаа миний бие өөрийн хариуцсан гамшгийн тусгай мэргэжлийн анги, 341 дүгээр дамжааны 20 сонсогчийн хамт өөрсдийн хос мэргэжил, өргөсөн тангарагтаа үнэнч гэдгээ батлан олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцохыг хүссэн юмаа. Бид энэ ажиллагаанд оролцохдоо цалин хөлс, байр хангамжийн өндөр нөхцөл шаардахгүй гэдгээ ч илэрхийлсэн. Гэвч АНУ зөвхөн их долоон гүрнээс тусламж авах болсноо мэдэгдсэн учир боломж олдоогүй.
-Та энэ салбарт 40 гаруй жил зүтгэжээ. Анхны алхмаа эргэн санавал…
- Одоо Дотоод хэргийн их сургуульд багшилж байна. Сүүлийн 20 гаруй жил Цагдаагийн академидажиллажээ. Анх гал сөнөөгч болчихоод, 1970 оны тавдугаар сард шиг санагдаж байна, Дархан хотын Цементийн үйлдвэрт томоохон хэмжээний гал гарсан. Би нэгдүгээр хушуучнаар ажиллаж, уг галын голомтыг зөв тогтоож, тактикийн алдаагүй ажилласан тул гурав хоногийн чөлөөгөөр шагнагдан ангийн тугийн өмнө зургаа авахуулснаа мартдаггүй. 1986 онд Эрдэнэт хотод байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн дивизийн шатахууны нөөцийн паркт томоохон гал түймэр гарлаа. Эрдэнэт хотоос газар дээгүүр 100 мм голчтой хоолойгоор Улаан-Орхон хүртэл дизель түлш дамжуулдаг байсан гээд бодоход ямар хэмжээний нөөц байсан байхав. Орос, Монголын зургаан гал унтраах анги ажиллаж амжилттай унтраасан юм. ЗХУ-ын "Онц гал сөнөөгч" тэмдгээр хоёр хүнийг шагнасны нэг нь би, нөгөө нь одоо Төрийн ордны байцаагч Т. Сэр-Од. 1979 онд Дархан хотын Жжмс ногооны САА-н дунд сургуулийн багш хариуцсан кабинетаа шатаасан, мөн САА-н туслах малчин айлын илүү гэрийг шөнө дунд шатаасан хэргүүдийг шалган тогтоож шүүхэд шилжүүлсэн гэх мэт олон хэргүүдийг нэрлэж болно.
-ОБЕГ-ын анхны доктор, профессор эрдэмтэн хүний хувьд ажлынхаа зав чөлөөгөөр судалгааны ямар ажил хийж байна даа.
-Тэтгэвэрт гарсан гээд судалгааны ажлаа орхиогүй. Интернет ашиглан дэлхийн дулаарлын улмаас байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, газар хөдлөлт, гал усны аюул болон террорист халдлагаас хамгаалах чиглэлээр судалгааны ажил хийж байна. Архивын ерөнхий газар, Үндэсний төв номын сангийн дэлхийн соёлын өвийн хосгүй үнэт бүтээлд бүртгэгдсэн ховор ном судар, газрын зураг, түүнчлэн алт, мөнгө, шүр, сувд зэрэг ёсөн эрдэнээр бичсэн ботиуд, цэвэр мөнгөн хуудсан дээр алтаар бичсэн "Сандуйн жүд", "Доржзодва" зэрэг бүтээлийн хамгаалалтыг боловсронгуй болгох чиглэлээр гэх үү дээ. ШУА-ийн хэд хэдэн эрдэмтэн судлаачидтай хамтран судалгаа хийж байна.
Г.Болор

0 comments:
Post a Comment