
Энэ жил нийслэлд хөрөнгө оруулалтаар хэрэгжих 91 байршлын төсөл арга хэмжээ тусгагдсанаас 47 байршлын авто зам, замын байгууламж, инженерийн байгууламж, үерийн далангийн зураг төслийн дагуу эхний ээлжийн судалгааг гаргаж, газар чөлөөлөх бэлтгэл ажлыг хангажээ. Эдгээр 47 байршилд урьдчилсан байдлаар судалгаа хийхэд 2632 нэгж талбарын 956 343 метр квадрат газар буюу 95.6 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлж авах тооцоо гарчээ.Мөн эдгээр 47 байршлын хөрөнгө оруулалтын ажлуудаас 16-д нь газар чөлөөлөх асуудал хүндрэлгүй явагдах боломжтой гэж үзсэн байна. Харин цаашид мэргэжлийн байгууллагаас зураг төслийг боловсруулахдаа координатын системийг алдаагүй гүйцэтгэх, зургийн гүйцэтгэлд автобусны буудал, авто замын далангийн налуужилтыг тусгаж байх, олон төвшний уулзварын зураг төслийг боловсруулахдаа газар чөлөөлөх шаардлагатай хил хязгаарыг нарийвчлан тусгах хэрэгтэй гэдгийг онцлон хэллээ.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд авто зам, замын байгууламжийн ажлын тендер зарлах, шалгаруулах, ажлыг хүлээн авах хугацаа нь хоорондоо уялдахгүй байгаагаас болж газар чөлөөлөх ажилд хүндрэл учирч байна. Тиймээс ажлын уялдаа холбоогоо сайжруулахаас гадна, нийслэл хотод тухайн онд хэрэгжүүлэх ажил, төсөл арга хэмжээний талаар эхний улиралд багтаан олон нийтэд мэдээлж байх нь чухал юм гэсэн саналуудыг хэлсэн юм.
Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд, 2013 онд газар чөлөөлөх нөхөн олговорт олгох зардлыг нарийн тооцон үнэлгээний аргачлал, бүсчлэлийг боловсруулах ажлыг хэсгийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 comments:
Post a Comment