Сайншандыг сайнаар угтах уу?

Сайншандыг сайнаар угтах уу?

Өнөөдөр 11 цаг 30 минут

Бид дотооддоо бүх түүхий эдээ боловсруулж, түүнийгээ экспортлон, чамгүй хэмжээний ашиг олно гэвэл ямар сонсогдож байна. Мэдээж сайхан. Мэдээж баялгийнхаа ашгийг бүрэн утгаараа дотооддоо шингээхэд дургүйцэх хүн олдохгүй. Гэхдээ яаж, хэн, хэзээ хийх вэ.... Уг нь бид 2009 онд Засгийн газрын гаргасан 320 тоот, 2010 онд баталсан 118 тоот тогтоолоор яаж гэдгээ тогтоочихсон. Харин одоо хүртэл хэрхэх нь тодорхойгүй байгаа. Гаргалгааг гаргах гээд оролдъё.

САЙН МЭДЭЭ: ХӨРӨНГӨ НЬ БАТЛАГДСАН


Тогтоол батлагдсан 2009 оноос хойш хүчтэй яригдсан энэ асуудлыг олон нийт замхарсан гэж харж байсан нь тодорхой. Эхний ажлыг эхлүүлэх шаардлагатай хөрөнгийг Засгийн газар баталжээ. Тогтоол гарснаас хойш сураг ажиг алдарсан энэ ажил "мотортой" болсон гэж ойлгож ч болох. Хоёр долоо хоногийн өмнө Засгийн газрын тогтоол гарч Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барих ажилд 14,1 тэрбум төгрөг төсөвлөхөөр болжээ. Гэхдээ энэ хөрөнгөөр нарийн судалгааны ажлуудыг хийхээр болсон аж. "Бид дөрвөн гол ажлыг хийхээр болсон. Эхний удаад байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хийнэ. Үүнийг том бага гэлтгүй бүх л төсөл дээр хийдэг шүү дээ. Үүнийг олон улсын стандарт нийцсэн байдалтайгаар гүйцэтгэх ёстой. Дараа нь суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөөг хийнэ. Үүнийг Сайншанд хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж гаргахаар болсон. Мөн хуулийн зөвлөх баг ажиллуулна. Энэ бол урьд өмнө нь Монгол Улсад хийгдэж байгаагүй том бүтээн байгуулалт болох учраас холбогдох хууль дүрмийг өөрчлөх, шинээр батлах ажлыг энэ баг хариуцан ажиллах юм. Үүнээс гадна улсын төсвөөс санхүүжигдэж хийгдэх нэг гол ажил бий. Энэ бол гүний усны хайгуулын ажил. Мөн 3252 га газарт хийгдэх инженер геологийн ажил байгаа" гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баянмөнх ярьсан юм.

МУУ МЭДЭЭ: УС, УС


Сайншанд усны нөөц тун багатай. Одоо ч усны бэрхшээлийг хэрхэн давах аргаа олоогүй байгаа. Энэ газраас ус олно гэдэг амаргүй. Сүүлийн гурван жилд хийсэн судалгаагаар Сайншанд, Замын-Үүдийн бүс нутгийн усны хэрэглээ ойрын 20 орчим жилд 554,000м3 болж өснө гэсэн судалгаа гаргасан. Гэтэл газрын доорх усны нийт нөөц нь 409,000 м3 нөөцтэй гэсэн судалгаа гарчээ. Эхний таамаглалаар Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ойролцоох усны нийт нөөц 92000 м3 гэж үзэж байгаа.

Гэхдээ илрээд байгаа энэ усны нөөцийг батлах хэн ч байхгүй. Боломжит тооцооллыг л жишиж гаргасан тооцоолол. Үүнээс бага хэмжээний нөөцтэй ч байж болох юм. Гүний ус нь хөрсний өнгөн хэсгийн дээд давхаргад байдаг учир усан сангуудтай судлаар холбоотой байдаг. Тиймээс байгаль орчинд сөргөөр нөлөөлнө гэж үздэг. Үүнийг зохистой ашиглаад ч эко системийг алдагдуулна. Энэ бол зоосны нэг хэсэг. Харин нөгөө хэсэг нь өнгөн хэсгийн биш хоёр дахь хэсгийн усыг ашиглах учир эко системд нөлөөлөхгүй гэж хэлдэг нэг хэсэг бий. Эдгээрийн аль нь ч бай техникийн ямар ч дэвшилтийг ашигласан байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд тогтоосон. Тиймээс томоохон компаниуд байгаль орчныг бага зэргээр гэмтээх, эргээд түүнийгээ нөхөн сэргээх гэсэн ганцхан замыг л ашигладаг. Тиймгүй бол Австралийн өмнөд хэсгийн байгаль бүхэлдээ устах байлаа.     

"Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахад хамгийн тулгамдаж байгаа асуудал бол ус. Үүнийг бид олон ч талаас ярилцсан, шүүмжлэлийг ч сонссон. Шийдэж болох боломжит хувилбаруудыг ч авч үзсэн. Мэргэжлийн томоохон байгууллагууд, энэ талаар судалгаа хийдэг хүмүүстэй ч уулзаж ярилцсан. Эхлээд бид хайгуул хийж хэдий хэр хэмжээний ус, хэдий хэмжээний гүнд бай­на вэ гэдгийг тогтооно. Дараа нь усанд хэмнэлттэй технологиудыг хэрхэн ашиглахыг тогтоох хэрэгтэй. Тодорхой хэмжээний алдагдал үүсэх нь тодорхой. Тиймээс энэ алдагдлыг хэр­хэн нөхөх вэ гэдгийг олж тогтоох ёс­той" гэж М.Баянмөнх ярьж байсан юм.

АЛЬ НЬ Ч БАЙЖ БОЛОХ МЭДЭЭ: ЯМАР Ч БАЙСАН ЗАМХРАХГҮЙ


Ямар ч байсан замхрахгүй. Нэгэнт л засаг баталчихсан бол замхрахгүй. Гэхдээ хэзээ ажил хэрэг болох нь тодорхойгүй байгаа. Мастер төлөвлөгөө боловсруулах компанийг өмнөх Засгийн газрын үед АНУ-аас сонгожээ. Мастер төлөвлөгөөг "Бектех" компани хийж байгаа. Харин гүний усны болоод холбогдох бусад судалгаа хийх компанийг нээлттэй тендер зарлан сонгох юм. Хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй ч Засгийн газар бодлогыг нь боловсруулж, цаашдаа мөрийн хөтөлбөртөө тусгасан гэж албаны хүн хэллээ. "Хоёр жилийн өмнөөс Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын тухай ярьж эхэлсэн. Нэг ёсондоо өмнөх Засгийн газрын үеэс эхлэн яригдсан.. Энэ бол асар том бүтээн байгуулалтын ажил. Тийм учраас хэдхэн жилийн дотор хийгдчих ажил биш нь тодорхой. Олон нийтэд цаасан дээрх ажил болчих вий гэсэн айдас байсан. Одоо ч байгаа. Энэ нь ч зөв. Хэн ч гэсэн энэ том бүтээн байгуулалтын талаар өөрийн бодол сэтгэлээ хуваалцах нь нээлттэй шүү дээ" гэж М.Баянмөнх ярьсан юм.

Гэхдээ нэг асуулт бий. Гүний усны нөөц тун бага бол яах вэ? гэдэг асуулт. Хэрвээ бага бол байрлалаа солих уу, усанд хэмнэлттэй технологи ашиглаад олон тэрбумыг хаяад, хэдхэн жил ажиглах уу....

Б.БОЛОРСҮХ

0 comments:

Post a Comment