БНН-ын дарга Б.Жаргалсайхантай -"Монголын эдийн засгийн форум-2013" олон улсын чуулга уулзалтын үеэр ярилцлаа.-"Монголын эдийн засгийн форум-2013" олон улсын чуулга уулзалтад та ихэд ач холбогдол өгч оролцлоо. Хэр үр дүнтэй чуулган болсон гэж дүгнэж байна вэ?
-Ийм чуулганыг сэтгэл зүрхэнд хүрсэн үү, үгүй юу гэдгээр хэмждэггүй юм. Сайхан хүүхний тэмцээнд орсон биш дээ. Гол нь чуулганаар ярьсан асуудал ажил хэрэг болсон уу гэдэг л чухал. Өнгөрсөн жилийн Монголын эдийн засгийн форумаар "Хөгжлийн яамтай болъё" гэж асуудал хөндөж байсан. Ийм чиг үүрэгтэй яам нь байгуулагдаад, олон улсын хөрөнгийн зах зээлээс 1.5 сая ам.долларын зээл оруулаад ирчихсэн, ажил явж байна уу явж байна. Төрийн ажилд залгамж чанар байх ёстой. Нэг Засгийн газар гарч ирээд түрүүчийнхийгээ үгүйсгээд явбал ажил явахгүй. Тэр утгаараа яах вэ, өнгөрсөн жилийн форумын үеэр хөндөгдсөн зарим нэг асуудал ажил хэрэг болчихсон байна. Энэ жилийнхийг ирэх жилийн форумаар л дүгнэнэ шүү дээ.
-Мал аж ахуйн салбар тэр дундаа ноос, ноолуур, мах, сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж чадвал брэнд бүтээгдэхүүн бий болгох боломжтой гэж форумд оролцогчид дүгнэлээ. Хэр боломжтой санал вэ?
-Төрөөс эхний ээлжинд экспортын үйлдвэрлэлийг өөд нь татаж дэмжих ёстой. Хоёрдугаарт, үйлдвэрүүд техник технологийн шинэчлэл хийж, стандарттай болох ёстой. Гэхдээ Монголын эдийн засаг чадвартай биш байна. Тийм учраас шаардлагатай валютын нөөцийг зээлээр бий болгож байна. Манайд эхний ээлжинд 5 миллиард орчим ам.доллар шаардлагатай байгаа, доод тал нь шүү дээ. Шилдэг зах зээлийн эдийн засгийн онолоор бол хэн барьцаа гаргаж чадах, хэн төлбөрийн чадамжтай байна тэр хүмүүс л зээл авч үйлдвэрлэл явуулж өмч бий болгоно. Харин манай аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадамж байхгүй. Их мөнгө оруулж ирсэн ч төсөл болж ажил болж явдаггүйн цаад шалтгаан энэ. Тэгэхээр энэ асуудлыг төрийн хэмжээнд авч үзээд, тухайн компанийн үйл ажиллагаа, дотоод борлуулалтын орлого, тэр хүний хариуцлагыг барьцаалах замаар энийг шийдвэрлэх арга бий. Гэтэл бүгдээрээ жижиг, дунд үйлдэрлэл эрхэлнэ гэх юм.
-Жижиг, дунд үйлдвэрлэл ажлын байр бий болгож, тэр хэрээр олон Монгол ажилтай, орлоготой болно гэдэг. Үүнийг та яагаад эсэргүүцээд байгаа юм?
-Хятад улс нэг үе дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болно гэж зорилго тавиад бүгдээрээ гэртээ юм оёод л ган үйлдвэрлэгч болж зүтгэсэн. Асар их бараа таваар үйлдвэрлэсэн ч чанарын гологдол болсон. Түүний дараа өлсгөлөнд нэрвэгдсэн. Манайхан яг тийм зам руу яваад байна, айл бүр жижиг, дунд үйлдвэрлэгч болно гэж яриад л... Хамгийн ойрын нэг жишээ аваад үзье. Жишээлбэл, ноолууран цамцыг үйлдвэрлэхэд технологийнхоо дагуу бол 38 дамжлага дамжиж байж, сая эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдэд очдог. Гэтэл айлд 37 дамжлагыг авч хаяад ганцхан дамжлагаар цамц хийж байна, чанартай болох уу. Тийм бүтээгдэхүүнээр экспорт хийнэ гэвэл бүтэхгүй, эдийн засгийн дампууралд аваачина, барааны гологдол бий болгоно. Тийм учраас өмчгүй, үйлдвэргүй хүмүүс том үйлдвэрт очоод ажил хийх ёстой. Харин манайхан эсрэгээрээ өмч хөрөнгөгүй мөртлөө компани байгуулна, үйлдвэр байгуулна гэж яриад байдаг байхгүй юу. Ингэж өөрийнхөө зүтгээд байвал бүтэхгүй. Яагаад АНУ-д үйлдвэр байгуулах сонирхолтой хүн бараг байдаггүй вэ гэхээр маш хэцүү ажил учраас тэр шүүдээ.
-Хоёр жилийн өмнө УИХ-аас ноос, ноолуурын салбарыг дэмжих зорилгоор 300 тэрбум төгрөгийн бонд гаргах эрхийг Засгийн газарт өгч байсан. Танай компани тэрхүү зээлд хамрагдсанаар ажлын байр шинээр бий болгож чадсан уу. Яг юу хийсэн юм бэ. Холбогдох яамдуудын мэдээллээр бол энэ бонд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд их дэмжлэг болж, бизнесээ өргөжүүлэх боломжийг олгосон байсан?
-Бондын үр дүн гаралгүй яах вэ. Тэр мөнгөнөөс би ганцаараа аваад идчихсэн юм биш, бусад компаниуд ч авсан. Ганц удаа төрөөс мөнгө авахаар хардаад сүйд болцгоох юм. Тэгж ярих юм бол зүгээр ч авсан юм биш, өөрийнхөө өмч хөрөнгөний 10 хувийг барьцаалж зээл авсан. Далайд дусал нэмэр гэгчээр болсоон болсон. Хэрвээ бид ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортод гаргаад дотоодынхоо хэрэгцээг хангах юм бол ашиг орлого 1 миллард орчим ам.доллар болох юм билээ. Гол нь ийм ашиг хийхийн тулд доод тал нь 350 сая ам.доллар шаардлагатай. Өнөөдөр орчин үеийн техник технологитой болсон ноолуурын үйлдвэр бол цөөн. Гэхдээ ноос, ноолуурын үйлдвэрүүд чадах чинээгээрээ ажлын байр шинээр бий болгосон. "Говь" компани гэхэд 800 ажилчин авахад бэлэн байгаа. "Буян" компани 1000 ажилчин авья л даа, харин ажиллах хүчин хаана байгаа юм. Ирж байгаа хүн байхгүй шүү дээ.
-Хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллах хүчин ирэхгүй байгаагийн цаад шалтгаан юу вэ. Цалин бага болохоор уу?
-Ганц манай салбар биш ээ, бусад бүх л салбар ажиллах хүчний хомсдолд орсон байна. "Зар мэдээ" сонинд нүүр дүүрэн "Ажилд авна" гэсэн зар гарч байгаа. Энэ юуг харуулж байна вэ гэхээр Хөдөлмөрийн хууль муу байна. Хөгжилтэй орнууд болох АНУ, Герман, Япон улсад иргэдээ ажил хийгээд өгөөч ээ гэж хэзээ гуйж байсан юм, тийм зарлал байна уу, байхгүй шүү дээ. Харин ажил хайгаад явж байгаа хүмүүс нь Хөдөлмөрийн биржийнхээ гадаа хэдэн өдөр дугаарладаг. Манайд эсрэгээрээ гуйлгуулж байж, ажил хийх юм гэнэ дээ. Яг үнэндээ Монголчууд хулгай хийж амьдарч байна, гуйлга гуйж амьдарч байна, айл хэсэж амьдарч байна.
-Ийм эрүүл бус тогтолцоог өөрчлөхийн тулд яах вэ, Хөдөлмөрийн хуулийг өөрчлөхөөс гадна?
-Эрүүл саруул залуу хүн ажил хийхгүй бол амьдрах аргагүй болох хууль зүйн тогтолцоотой болох ёстой. Сайхан амьдаръя гэж байгаа бол сайн ажил хийх. Манайд өнөөдөр оюутан нэрийн дор ажил хийдэггүй 170 мянган оюутан байна. Сургууль төгсөөд бүгдээрээ ажилгүй, ихэнх нь хуульч, эдийн засагч, менежер, сэтгүүлч мэргэжлээр сурчихсан байдаг. Хаана байгаа юм тийм их эдийн засагч нар. Төгссөн мэргэжлийнх нь дагуу ажлын байр олдохгүй учраас "Наран туул" худалдааны төвд очоод лангуу түрээслэгч, эсхүл гуанз ресторанд зөөгч, бармен. Эс бөгөөс гадаадад явж хар ажил хийж байна. Түүний оронд "Буян" компанид ирээд ажилд ороод өндөр мэргэжил эзэмшээд өндөр цалин авах ёстой байхгүй юу.
-Гэхдээ компаниудын дунд ажилчдаа олон цагаар ажиллуулдаг хэрнээ цалин бага өгдөг дутагдал бий. Ийм болохоор нь ажиллах хүчин ирдэггүй ч юм билүү?
-Манайханд нэг том дутагдал байна, өөрийгөө үнэлээд зогсчихдог. Та гоё байж болно, гол нь таны хөдөлмөрийн чадвар, бүтээмж өндөр байх ёстой. Юмны үнэ цэнэ, ашиг орлого, чадамжиндаа байдаг. Бие бялдрыг үнэлэх бус, хөдөлмөрийн бүтээмжийг нь үнэлэх ёстой. Энэ хэмжүүрээр ажилд орохоор ирсэн хүнээ үзэхээр 0 заадаг. Тэгсэн хэрнээ өөрийгөө аймаар өндөр үнэлээд ташаагаа тулаад зогсчихдог. "Би ямар ажил хийх вэ" гэж асуудаггүй хэрнээ "Хэдэн төгрөг өгөх юм" гэдэг. За тэгээд ажилд авлаа гэхэд зун болохоор хөдөө аав, ээждээ очно гээд наадмаар далимдуулаад явчихдаг. Тэгээд ес, арван сард ирдэг. Үйлдвэрүүд нь нөгөө нөхрийг ажилдаа ирэхийг хүлээгээд арван сар хүртэл сул зогсох юм гэнэ дээ. Тийм болохоор манайхан наад зах нь хувийн соёлтой, мэргэжил боловсролоо дээшлүүлэх чадамжтай болох ёстой. Ажилдаа хариуцлагатай хандах ёстой. Одоо ажлын ихэнхи цагийг яаж өнгөрөөж байна вэ гэхээр гар утсаараа өдөржин мессеж бичдэг. Чи хаана байна. "Нарантуул" дээр байгаа юм уу, хэзээ ирэх юм. Би тарах болоогүй, хоолоо идэх гэж байна гээд л өдөржингөө болно. Ингэж ажил хийх юм бол Монголын амьдрал яаж өөрчлөгдөх юм. Бахь байдгаараа, ойлгомжтой шүү дээ.
-Форумын үеэр зарим оролцогч ноос, ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компаниуд нэгдэж, хүчтэй болох ёстой гэх асуудлыг хөндсөн. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Компаниудыг нэгдэж үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэсэн асуудал тавьсан. Түүнээс та хоёрыг нэг гэрт оруулчихаад насаараа хамт амьдар гэж болохгүй биз дээ. Өрсөлдөөн хаачих юм, гол нь гадаадад бүтээгдэхүүнээ экспортлох бол нэг цонхоор гаргая гэсэн санаа. Манайхан бие биенээсээ өрсөж бүтээгдэхүүнээ зарахын тулд үнээ буулгаад 20 ам.доллараар зарж байсныг 10 ам.доллар руу буулгадаг. Тэгтэл Хятадууд үнийн нэг бодлого бариад явж байна тэр том улс гэхэд. Маш олон үйлдвэртэй хэрнээ. Ноолуур бол маш богино хугацаанд амжилтад хүргэж болох салбар. Бүтээгдэхүүн нь байгалийн шалгарлаар бий болсон нано технологи. Ийм түүхий эдээ яаралтай эцсийн бүтээгдэхүүн болгож, экспортлох ёстой. Хэрвээ ноолуурыг 100 хувь эцсийн бүтээгдэхүүн болгож чадвал Монгол Улс энэ салбараас жилдээ нэг миллард орчим ам.доллар олох боломжтой, мөн 40-өөд мянган хүн тогтмол өндөр цалин авах боломж бий. Бүх насаараа ажиллаж амьдрах баталгаа хангагдах юм.
-Одоогоор уул уурхай, барилгын салбарынхны цалин өндөр болохоос хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллагсдынх бага байгаа. Үүнийг адил төвшинд хүргэх бололцоотой юу?
-Уул уурхайд ажиллах бол хэцүү шүү дээ, "Оюутолгой"-г яриад л байна, 1500 метрийн гүнд манай эмэгтэйчүүд орж ажиллах уу. Тэнд эмэгтэйчүүд ажиллах боломжгүй, бас залуучууд байна. Бүгдээрээ уурхайд ажиллах боломжгүй, хүн амын дийлэнх нь хөнгөн үйлдвэр хүнсний үйлдвэрт л ажиллана. Тийм болохоор энэ салбарыг өөд нь татаж байж олон хүний амьдрал дээшилнэ.
-"Засгийн газраас гаргасан 1.5 тэрбум ам.долларыг авто зам, төмөр замд зарцуулах шийдвэрийг гаргаад байгаа. Гэтэл зарим эдийн засагчид "Бэлэн төсөлгүй байгаа үед урт удаан хугацаанд үр ашгаа өгөх дэд бүтцэд зарцуулах нь эрсдэл дагуулна" гэх. Таны байр суурь?
-Нэгдүгээрт, экспортын чиглэлийн үйлдвэрийг дэмжих ёстой. Дараа нь дэд бүтэц чухал. Дэд бүтэцгүй бол мянган үйлдвэр бариад яах юм. Цахилгаангүй, төмөр замгүй, авто замгүй бол уул уурхайн салбар явахгүй. Өмнөговьд оч, цахилгаан байхгүй, ус байхгүй, төмөр зам байхгүй. Говь-Алтай, Ховд, Увс, Баянхонгор аймгуудад ашигт малтмал ямар нэг хэмжээгээр бий, бас л дэд бүтэц хөгжөөгүй. Дэд бүтэцгүй учраас газар доорх баялаг үнэ цэнэгүй л байхгүй юу. Тавантолгойн ордыг хараад байхад нүүрсийг машинаар тээвэрлэж байна, ийм нөхцөлд зардал их өндөр гардаг. Гэтэл гадаадад нүүрсний үнэ уначихаад байдаг, ашигтай ажиллаж чадахгүй байгаа байхгүй юу. Төмрийн хүдэр байна, бас л адилхан. Тийм учраас Монгол Улсын хувьд дэд бүтэц чухал, одооноос суурийг нь тавих хэрэгтэй. Дэд бүтцийг тавихад 5-10 жил шаардлагтай. Тийм болохоор энэ асуудлыг одооноос эхлүүлэхгүй бол болохгүй, хожимдоно.
-Сэдвээ өөрчлөх боллоо. Танай нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн бэлтгэж байна вэ. Бусад намууд бол тодорхой хэмжээгээр бэлтгэлээ базаагаад эхэллээ?
-Сонгууль шударга болж байвал болно шүү дээ. Харамсалтай нь, манайд төр барьж байгаа, эрх барьж байгаа улстөрийн нам нь албан тушаалаа ашиглаж сурталчилгаа хийгээд сонгуулийг шударга бус тогтолцоо руу чирээд байна. Цаашдаа намыг гишүүнчлэлгүй болгох ёстой, сонгуулийг 100 хувь пропорцианаль тогтолцоотой болгох ёстой. Нэр дэвшигч нь айлд мөнгө тараагаад гарах юм гэнэ. Энэ чинь утгаа алдчихаад байна. Дээр нь сонгуулийн хуулийг задлах ёстой, өөрчлөөд нээлттэй болгох ёстой. Хэн дуртай нь очоод ажиглагч хийдэг. Дээр нь сонгогчид сонгуульдаа идэвхитэй оролцдог байх хэрэгтэй. Төрөө сонгох гэж байж бусдаар гуйлгаад, үнэд ороод тэнэгтээд байж болмооргүй байна. Өөрийнхөө төлөө сонгуульд ордог болох цаг ирчихээд байна. Ардчилсан нийгэмд бол хоёр юм үнэн. Та эрх эдэлж байгаа бол үүргээ биелүүлж сур гэдэг зарчим. Тэр үүрэг нь ямар нэг авлига авахгүйгээр шударгаар өөрийнхөө үзэл бодлоор саналаа өгдөг л болох. Энэ чинь ардчиллыг бэхжүүлэх гол зам. Дээр нь төрийн үйл ажиллагааг нээлттэй болгох ёстой. Авлига юунаас болж "цэцэглээд" байна вэ гэхээр аливаа ажил хаалттай явагдаад байгаатай л холбоотой. Бүх үйл ажиллагаа нь хөшигний цаана явдаг учраас. Нээлттэй л болгочих.
-Та ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх үү?
-Би энэ тухай өнөөдөр хэлж мэдэхгүй. Намуудын дотоод амьдрал, болох үед нь л ярья.
Г.ДАРЬ
0 comments:
Post a Comment