Хуруу хумсаа хугалан байж хураасан цөөн хэдийгээ урьдчилгаа төлбөрт өгчихөөд Засгаас олгох 50 сая төгрөгийн алдангийг сар тутам 1-1,3 хувиар төлөх өрөнд орсон залуус хамгаас хайртай аав ээж, ах эгчдээ гомдсон мэт хоолой зангируулан өгүүлэл тавина. Тийм ээ тэд төрдөө, засагтаа итгэсэн. Түүнээс захын нэг "этгээд"-д мөнгөө өгөх ч үгүй, өгчихсөн байлаа ч занаж зүхнэ үү гэхээс сэтгэлийн гүнээс гомдоллож суухгүй.
Өнгийгөөд харахад нь ойрхныг бодож Сүхбаатарын талбайд таван хоног суулт хийсэн тэднийг эрх баригчдаас хэн ч эргээгүй. Гагцхүү одоохондоо эрх баригчид болон эрх барьж байгсадтай барьцах "но" багатай Р.Бурмаа, Ж.Батзандан, М.Батчимэг нарын УИХ-ын "шинэхэн цагаахан цэрэг"-үүд иргэдийн төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэг хийсэн.
Харин МАН-ын хэсэг нөхөд суулт зарласан иргэдийг эргэсэн нэр зүүж, имижээ өсгөх ээлжит драм тавьсан. Харамсалтай нь, залуус тэднийг зургаан хувийн зээлийг анх санаачилж хэрэгжүүлсэн "гэмтнүүд" гэдгийг мартсан. Бас гэнэдсэн. Хэрвээ тэдний оронд аль нэг намын гишүүд, дэмжигчид, үгүйдээ л Баасан эгч байсан бол үгийг чулуу болгон нүүлгэж, булдруу үүсгэж, булай болгох байсан. Гэвч эгэл иргэд гэдэг хичнээн гэнэн, номхон, төрдөө хүндэтгэлтэй ханддагийг зургаан хувийн зээлийн цоорхойд үлдэгсэд харуулж байна. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт сарын дотор асуудлыг шийд гэсэн үүрэг өгснийг зээл нь бүтчихсэн дайтай ойлгосон тэд өлсгөлөн зарлах байснаа дахин нэг сараар хойшлуулав. Зарим нь баярласандаа нулимс унагахыг нь хараад өрөвдсөндөө нулимс унагах шахав. Тэдний итгэл биелэх болтугай гэж ерөөх л үлдэж байна. Харамсалтай нь биелэх найдвар бага л болов уу.
Шинэчлэлийн Засгийн газрынхан зургаан хувийн зээл олгоход бид хамтарсан засгаас гарчихсан байсан гэж байгаа ч яг үнэндээ бол 2011 оны дөрөвдүгээр сард Н.Алтанхуяг гэдэг Тэргүүн шадар сайдтай, С.Баярцогт гэдэг Сангийн сайдтай, Х.Баттулга гэдэг Барилга хот байгуулалтын сайдтай байсан шүү. Салсан сарнисан гэр бүл ч хамтын хөрөнгөө хуваадаг, алдаа оноогоо хамтдаа үүрдэг. Засгийн газрын залгамж халаа ч гэж бий. Энэ бүхнийг уландаа гишгэн 2000 шахам гэр бүлийн 5000 гаруй иргэдээ шуудай үүрэн гудамжинд гар гэж хэлэх бүдүүн зүрх Засгийн газар, УИХ-д байхгүй биз ээ.
Зургаан хувийн зээлийн "түүх"
Хэвлэлийн хуудаснаас
...Сонгуулийн үеэр лозунг мэт өмнөө барьж байсан Засгийн газрын 2011 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 138 тогтоолыг өнөөдөр засгийн ноёд архиваасаа хэзээний "delete" хийжээ. Одоо энэ тогтоолыг ямар ч албан сайтнаас хайгаад олдохгүй.
Зургаан хувийн зээлийн батламжийг 20 хүнд олголоо
2012 оны дөрөвдүгээр сарын 20
"100 мянган айлын орон сууц" төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зургаан хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар материалаа өгсөн 20 хүнд зээлийн батламжийг нь олгох ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд С.Батболд, ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, ГХБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүү, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг болон албаны бусад хүн оролцож, батламжийг нь баяр ёслолын байдалтай гардууллаа. Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр "Өнгөрсөн жил Засгийн газар орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ орон сууц барих бодлогыг зөв боловсруулах, татварын орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэн олон зүйлийг хийсэн. Нөгөө талаасаа иргэдийн худалдан авах чадварт дэм болгохоор зургаан хувийн хүүтэй зээлийг хэрэгжүүлэхээр хөтөлбөр боловсруулсан нь өнөөдөр биеллээ олж эхний 20 хүнд батламж гардуулах гэж байгаад баяртай байна" гэж хэллээ.Аз жаргалтай нийгэм бүтээх нь Хөгжлийн банкны үүрэг
2012 оны долдугаар сарын 19
Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Л.Болормаа: -Хөгжлийн банк үүссэнээс хойшхи нэг жилийн хугацаандаа Монгол Улсад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг босголоо. Өнгөрсөн хугацаанд тавaн жилийн хугацаатай, 5.75 хувийн хүүтэй бондоор хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүллээ. Бага, дунд орлоготой иргэдийг зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах зорилгоор бид эхний 50 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Төрийн банкинд шийдвэрлэж өгсөн...
Шинэ Засгийн газрын Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
"100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг үргэлжлүүлнэ
2012 оны наймдугаар сарын 22
-Орон сууцны санхүүжилтийн корпорациас өгч байгаа мэдээллээр иргэдээс материал хүлээж аваад банкууд руу шилжүүлж байгаа гэсэн. Орон сууцны санхүүжилтийн гол эх үүсвэр гадны зээл байгаа. Дээр нь Хөгжлийн банкнаас босгож байгаа бондын хөрөнгө байгаа. Одоогоор Хөгжлийн банкны эх үүсвэрээс орон сууцанд зориулж олгосон мөнгөний зарим нь олгогдоогүй байгаа. Үүнийгээ тодруулаад дүн шинжилгээ хийж яаралтай арга хэмжээ авна. Гэхдээ зээл олголт зогссон гэж ойлгож болохгүй. Зээл авахыг хүссэн иргэдийн материалыг хүлээн авч байгаа.
"100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжгүй
2012 арванхоёрдугаар сарын 6
-Зээл олголт ямар шалтгааны улмаас зогссон гэж үзэж байна вэ? Энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломж бий юу?
-Зээл олгохтой холбогдуулан 200 тэрбум төгрөгийн бонд гаргахыг Хөгжлийн банкинд зөвшөөрсөн тогтоол гаргасан ч өнөөдрийн байдлаар энэ бонд гараагүй байна. Харин 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын шийдвэр гарч, хамгийн сүүлд энэ оны 11 дүгээр сарын 26-нд 10 тэрбум төгрөг гаргаснаар санхүүжилт дууссан. Анхнаасаа энэ зээл тооцоо үндэслэл, тооцоо муутай байсан. УИХ-ын сонгуулийн өмнө зарлагдсан учраас өнөөдөр энэ тогтолцоогоор явахад маш хүндрэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны эх үүсвэр гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Таван жилийн хугацаатай ам.доллараар 5.75 хувийн зээл байгаа юм. Бид энэ зээлийг таван жилийн дараа төлөх ёстой шүү дээ. Гэтэл олгож байгаа зээл маань 6 хувийн хүүтэй 20-иос доошгүй жилийн хугацаатай болоод эхлэхээр энэ зөрүү эдийн засагт нөлөөлнө.
Байрандаа орж чадаагүй байгаа иргэд тэмцэнэ
2012 оны арванхоёрдугаар сарын 17
"100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдаж, орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрөө өгсөн ч байрандаа орж чадаагүй хүмүүс Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ. Орон сууцтай болохыг хүссэн иргэд төрөөс зургаан хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авч, үлдсэн зөрүү мөнгийг урьдчилгаа хэлбэрээр төлж байна. Тэгвэл бичиг баримтаа бүрдүүлээд, урьдчилгаа төлбөрөө өгөөд, зээлд хамрагдах бүх боломж нь нээгдсэн ч төрөөс санхүүжилт байхгүй гэдэг шалтгаанаар байрандаа орж чадахгүй байгаа аж. Тиймээс тэдгээр иргэд энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хүссэн бичгийг өнөөдөр Ерөнхий сайдад илгээхээр болсон гэлээ. Өвлийн тэсгим хүйтэн энэ үед байр, орон сууцны асуудлаар хохироод байгаа олон хүмүүсийн асуулт, хүсэлтэд нааштай хариу өгч, шийдвэрлэж өгч чадахгүй бол тэмцлийн өөр арга хэлбэрийг сонгоно. Эхлээд тайван жагсаал хийнэ, дараа нь өлсгөлөн ч зарлана гэж бодож байгаа гэж тэд мэдэгдэв.Зээлд авч чадаагүй иргэд өлсгөлөн зарлана
2013 оны гуравдугаар сарын 11
"100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдахаар материалаа өгсөн ч зээлийн санхүүжилт нь шийдвэрлэгдээгүй иргэд ирэх лхагва гаригт Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлах болсон талаараа мэдээлэв. Тэд орон сууны компаниудад төлсөн урьдчилгаа төлбөрөө 10-20 хувийн алдагдалтайгаар буцаан авах аж. Тиймээс эдгээр хүмүүс Засгийн газар, Төрийн банк гээд холбогдох байгууллагуудад нь хүсэлт, шаардах бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл асуудлыг нь шийдэж өгөөгүйн улмаас ийнхүү нойтон өлсгөлөн зарлахаар шийджээ.
2013 оны гуравдугаар 20
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулж, суулт зарласан иргэдийг төлөөлж, таван хүн эл сонсголд оролцсон байна. Өчигдрийн хурлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос Засгийн газарт шаардлага хүргүүлэхээр болж, шаардлагын хариуг сарын дотор өгнө гэсэн болохоор иргэд тайвширч, өлсгөлөн зарлахаа нэг сараар хойшлуулжээ.ТООН ХЭЛЭЭР
Засгийн газраас 2010 оны 36 дугаар тогтоолоор "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилт хөтөлбөрийн хүрээнд иргэдийг орон сууцжуулах "100 мянган айлын орон сууц"-ны хөтөлбөрийг зарласан. Энэ хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар 2011 онд 341, энэ онд 206 тоот тогтоол гаргаж, нийслэлд 150, орон нутагт 91, нийт 249 барилга хамруулахаар жагсаалт гаргажээ.
Жилийн зургаан хувийн зээл олгох хугацаанд 4083 иргэн хүсэлт гаргасан. Үүнээс анх удаа болон 50 куб.метр-ээс багагүй байх гэсэн шаардлагыг хангасан 3965 иргэний хүсэлтийг Төрийн банкинд хүргүүлсэн. Харин хүргүүлсэн өргөдлүүдээс Төрийн банк 1081 иргэнд 47.3 тэрбум төгрөгийн зээл олгож, 970 иргэний өргөдлийг хүлээн авахаас татгалзсан. Харин одоо зээл олгогдох бололцоотой 705 иргэний 30 орчим тэрбум төгрөг эх үүсвэр хүрэлцээгүйн улмаас хүлээгдэж байна.
Арилжааны банкуудад орон сууцны зээлийн хүү хамгийн багадаа сард 1.35-1.6 хувь байна. Үүнийг жилийн 12 сардаа үржүүлэн тооцвол 16.2-23.6 хувь болно. Харин Засгийн газраас олгосон орон сууцны зээлийн хүү жилд ердөө 6 хувь. Арилжааны банкны орон сууцны зээлээс даруй 2.7-3.9 дахин бага хүүтэй зээл олголт сонгуулийн өмнөх жүжиг байсан нь энэ тооноос харагдана.
Урьдчилгаа төлбөрийн хувьд ч арилжааны банкууд 20-30 хувийг эхэлж авдаг. Харин Төрийн банк 10 хувийн урьдчилгаа авч зээл олгосон.
Тухайн үед зургаан хувийн хүүтэй зээлийг ОССК үйл ажиллагааны зардал болох 0.2 хувийг нэмж тооцоод олгох боломжтойг хэлж байсан бол арилжааны банкаар дамжуулбал доод тал нь гурван хувийн хүү нэмж байж эрсдлийг үүрнэ гэж байжээ. Гэвч Засгийн газар Төрийн банкийг сонгосон.
Д.ЦЭЭПИЛМАА
Эх сурвалж: "NEWSWEEK" сонин №004
0 comments:
Post a Comment