Мориноос унаж бэртсэн таван хүүхдийн биеийн байдал тааруухан байна

Баячуудын зэрлэг зугаа цэнгэл хэрээс хэтэрч, одоо бүр бага насныхны эд эрхтэн, амь насаар тоглодог болж. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ц.Дашдорж хурдан морь унаач хүүхдүүдийн эрх ихээхэн зөрчигдөж байгааг олж харан, хүний эрхийн олон байгууллагуудад хандаж энэ талаар манай улсын Засгийн газарт хандсан удаа дараагийн захидал, албан бичиг ирж байсан удаатай. Гэвч олон зууны турш ёс заншил болгож ирсэн хурдан морины уралдааныг наадмын нэг төрлөөс хасалтай нь биш, энэ асуудлыг хэн ч сөхөөгүй нь тодорхой тэр чигтээ мартагдаж, хэний ч анхааралд өртөхгүй байсаар байна. 2010 онд хурдан мориноос 18 орчим хүүхэд уралдааны үеэр унаж гэмтэн, гурван хүүхэд амь насаа алдсан байдаг. Энэ тоо 2011, 2012 онуудад нэмэгдсэн аж. Иймдээ ч зарим нэг уяач нар тэнэмэл гэгдэх гуншинтай, гудамжаар явж өл залгуулдаг хүүхдүүдийг харах хандах эзэнгүй болохоор нь авч тэжээгээд морь унуулдаг тохиолдол ч байдаг юм байна. Гэмтэж бэртлээ гэхэд тэр хүүхдийг гээд ирэх ар гэрийнхэн төдийлөн байхгүй тул энэ зөв аргыг олон уяачид хэрэгжүүлж байгаа гэдгийг тогоон дотроос нь сонирхуулан ярьсан нь сэтгүүлч миний сэтгэлийг эмзэглүүлж байсан юм. Улсын наадам, даншиг, баяр цэнгэл яахав зуны дэлгэр цагт болдог уламжлал гэж бодъё.

Тэгвэл Өвлийн болон Хаврын уралдааны балгаар морь гэх амьтан ч цуцаж ядран, унасан хүүхэд нь даарч хөрч, унаж бэртэж гэмтэн, насаараа тахир дутуу болох эрсдэл байсаар л байна. Баячуудын өндөр бооцоо тавьж, такс төлдөг Дүнжингарав-2013 уралдааны үеэр 10 хүүхэд мориноос унаж бэртсэн билээ. Бичлэг хийх эрх авсан таван телевиз байсан ч эдгээр телевизүүдийн амыг таглан энэ мэдээллийг тас нуух даалгавар өгчээ. Ингэснээр энэ 10 хүүхдийн асуудал төдийлөн нийгэмд хүчтэй тусч чадсангүй. Мориноос унасан 10 хүүхдийн тав нь маш хүнд гэмтсэн учраас яалт ч үгүй Гэмтлийн эмнэлэгт ирж, ийнхүү олны чихэнд хурдан морины уралдааных гэсэн шум тарж эхэлсэн. Тэгвэл эдгээр таван хүүхдийн биеийн байдал одоогоор сайжирсан зүйлгүй, зарим нэг нь маш хүнд мэс засалд орж байгаа юм байна.

Морь уядаг хүмүүсийг харвал ихэвчлэн мөнгөтэй, хөрөнгөтэй, бэл бэнчинтэй баячууд. Гэхдээ тэд бага насны хүүхдүүдийг бүх насаар нь хоолоо олж идэх боломжгүй болгон байж ингэж тансаглан, элдэв уралдаан зохиох хэрэг байгаа гэж үү? Үүнд холбогдох байгууллагууд нь анхаарлаа хандуулж, хянаж шалгах цаг нь болжээ. Тэр ч бүү хэл, гишүүдийн морийг айрагдуулах гэж энэ удаагийн Дүнжингарав уралдаан холион бантан болчихоод одоо асуудал нь шүүхээр явж байгаа билээ. Ийм бантан шиг уралдаан зохион байгуулж, 10 хүүхдийн ирээдүйн хувь заяагаар тоглох шаардлага байсан гэж үү? Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Хууль хяналтынхан "Хурдан морь" гэх нэрийдлээр халхавч хийсэн их мөнгөний бооцоо, наймаа хийгдэж байгаа салбарыг нэг шалгаач ээ.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment