АНУ-ын төрийн тэргүүнээр улиран сонгогдсон Барак Обама юуны улмаас Ойрхи Дорнодыг зорих болов. Израиль Палестины асуудал анхаарлыг нь татав уу? Сирийн эсрэг хөдөлгөх хүчийг хайж явав уу? Эсвэл Афганы дайныг дуусгах тал дээр шулуун байр суурь гаргахаар очив уу? Маш эргэлзээтэй асуултууд. Гэхдээ Афганы дайныг ойрын жилдээ бүр мөсөн дуусгахгүй гэдэг нь тодорхой болсон.
ХУУЧИРСАН БОДЛОГО
Эхний шалтгаан нь энэ. Ойрхи Дорнодын тал дээр АНУ хэрхэх вэ гэдэг нь том асуулт болсон. Түүний засаглалын эхний дөрвөн жилд баримталж байсан бодлого хэдийнэ үеэ өнгөрөөсөн. Ирак, Афганы байдал өмнөх шигээ биш, Израиль, Палестины асуудал ч хурцадсан. Сирид бол байдал яг л Иракийн эхний жилүүд шиг байгаа. Хэрвээ Ойрхи Дорнодын тал дээр бодлогоо ямар нэгэн аргаар өөрчлөхгүй бол түүний засаглалыг сэвтээх нэгэн сэжим болох талтай. Тийм учраас тэр Ойрхи Дорнодоор "аялж" байна. Обамагийн айлчилсан Израильд одоогоос гурван жилийн тэртээ дэд ерөнхийлөгч Жое Байден айлчилж байсан удаатай. Гэхдээ тухайн үед энэ асуудлыг аль болох энхийн замаар шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг сануулсан ч нэгэнт байдал хурцадсан болохоор АНУ хэзээд хамт шүү гэдгийг сануулахаар тэр очжээ. Барууны хэвлэл мэдээллүүд энэ айлчлалыг асуудлыг улам хурцатгах үйлдэл болсон гэж үзэж байгаа бол АНУ-д асуудлыг арай өөрөөр харж байгаа.
ИРАНЫ ЦӨМИЙН ХӨТӨЛБӨР
АНУ-д толгойгоо өвтгөх олон асуудал байгаа. Дотооддоо ч тэр, гадаадад ч тэр. Эдгээр асуудлын нэгээхэн хэсэг нь Ираны цөмийн хөтөлбөр. Чухамдаа энэ асуудлыг нааштайгаар шийдэхэд тусалж болох улс нь Израйль. Тиймээс Палестины асуудалд тусалсныхаа төлөөсөнд Ираны цөмийн хөтөлбөрийг барьцаалж байж болох талтай. Ираны цөмийн хөтөлбөр эрчимжиж эхэлсэн сүүлийн 20 жилийн хугацаанд үе үеийн ерөнхийлөгчид Израилийг түшиж, Ираны цөмийн хөтөлбөрт хандаж байсан юм. Израйль улс дэмжлэг үзүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй ч албаны бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар хоёр тал бараг тохиролцоонд хүрч чаджээ.
СИРИЙН ИРГЭНИЙ ДАЙН
Башар аль Ассадын тэргүүлдэг Сири улс АНУ болоод дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа. Сирийн дайн сүүлдээ бактерлогийн зэвсэглэлд шилжсэн нь асуудлыг улам хурцатгаж байгаа билээ. Сирид газрын тосны бага боловч нөөц бий. Энэ нь АНУ-ын анхаарлыг татаж байгаа гэх ч Цагаан Ордон үүнийг эрс эсэргүүцсээр байгаа. Гэхдээ Ирак болоод Афганд хйиж байгаа цэргийн ажиллагааны эхлэл, үргэлжлэлээс харвал ингэж хардах үндэслэл байгаа гэж хэлж болно. Ойрхи Дорнодод хийж байгаа Обамагийн айлчлалыг Сирийн эсрэг ойрхи дорнодын улсын тоог нэмэх хандлагатайгаар айлчилж байгаа нь нэгэнт тодорхой болсон. Израйль энэ тал дээр хэрхэн хандахыг таахад тун бэрх. Тэртээ тэргүй Палестинтай учраа олж чадахгүй байгаа улс алсын Сирид хэр зэрэг хүч хаяж, анхаарлаа хандуулах нь тодорхойгүй. Бусад улсад эдийн засаг болоод худалдааны тааламжтай нөхцлийг амалбал асуудал арай өөрөөр эргэхийг ч үгүйсгэхгүй.
ИЗРАИЛЬ, ПАЛЕСТИНЫ НАЙРАМДАЛ
Зөвхөн Обамагийн ч биш, АНУ-ын үе, үеийн ерөнхийлөгчдийн мөрөөдөл бол энэ. Энэ удаад Израильтай ямар нэгэн хэлэлцээр хийж чадвал Обамагийн хувьд айлчлалын хэрэг зориг бүтэх учиртай. Тийм ч учраас Йордан руу айлчилж дээрх хоёр улсын энхийн хэлэлцээрийг ажил хэрэг болгоход хамтарч ажиллах саналыг тавих гэж байгаа билээ. Гэхдээ ямар нэгэн үр дүнг үүнээс хараад нэмэргүй. Палестины зүгээс хоёр улсын энхийн хэлэлцээр гэдэг нэрээр дайн үүсгэх эрсдэлтэй гэдгийг сануулсаар байгаа. Яг энэ цаг мөчид Израйльчууд АНУ-ын саналыг хүлээж авах нь байдлыг хурцатгах хэрэг явдал болно.
АНУ-ын ерөнхийлөгчийн суудалд хоёр дахь удаагаа залраад байгаа Обамад Изратль Палетины асуудлыг нааштайгаар шийдвэрлэх шаардлага тулгараад байгаа. Хэрвээ нааштайгаар шийдэж чадвал түүний засаглал улам батжих бөгөөд Ираны цөмийн зэвсэглэлийг ч өөр улсуудын дэмжлэгтэйгээр зогсоож чадах нигуртай. Гэхдээ асуудал хараахан шийдэгдчихээгүй байна.
С.БОЛОР
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment