“Мөнх хөх тэнгэр” цомгийн нээлт боллоо

Монголын рок попын түүхийг бичилцэж яваа "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандах, "Номинталст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нарын хамтран гаргасан "Мөнх хөх тэнгэр" цомгийн нээлт өнөөдөр "I loft function house"-т боллоо.  "Мөнх хөх тэнгэр" цомгийг МУАЖ, Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, МУУГЗ, Төрийн соёрхолт Б.Шарав, МУСГЗ Л.Балхжав, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, МУ-ын Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, МУСГЗ, сэтгүүлч яруу найрагч Ш.Гүрбазар, Болор цомын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа нарын монголын яруу найраг, хөгжмийн салбарын урдаа барьдаг, алдартай уран бүтээлчидтэй хамтран гаргасан аж. Тэд энэ үеэр Эзэн Богд Чингис хааны "Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай"гэсэн эрхэм сургаалийг дуу болгож, Э.Чойдогийн хөгжим "Жалам хар" монгол бүжгийн хөгжимд дуучин Т.Дэлгэрмөрөн үг бичиж дуу болгосон зэрэг олон анхдагч тодотголтой уран бүтээлийнхээ дээжээс дуулж сонирхуулсан юм.

Ах дүү гурав хэмээн нэрлэгдэж үргэлж шинийг сэдэж, үндсэрхэг үзлийг нэвт сурталчилдаг энэ гурав  "Мөнх хөх тэнгэр" цомогт багтсан ая дуугаа үзэгч түмэндээ хүргэхээр "Андгай" тоглолтыг энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар ресторанд 19:00 цагаас VIP хэлбэрээр тоглох юм байна. Баярын тоглолтонд Дуучин Х.Лхагвасүрэн, С.С.Амармандах, Т.Дэлгэрмөрөн нар цомогт орсон дуунуудаа хамтран дуулахаас гадна өөрсдийн хит уран бүтээлүүдээ үзэгчдэдээ хүргэх юм байна. 

Сонирхуулахад, уг тоглолтын тасалбар Их Эзэн Чингис хааны ГЭРЭГЭ хэлбэртэй, неон гэрлийн нууцлалтайгаар Интерпресс хэвлэлийн компани хэвлэсэн байна. Тасалбар өнөөдрөөс эхлэн Улаанбаатар ресторанд байрлах G mobile-ийн салбар, 1950 хүргэлт үнэгүй худалдаалагдаж эхэлсэн аж. Тэд эр цэргийн баяр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр тоглох энэхүү тоглолтын үеэр эх орон, эр хүн, ёс заншил, өв их соёл, түүхийн нэгээхэн хэсгээс толилуулж монгол хүн гэдгээрээр омогших сэтгэлийг төрүүлэх болно.

Тиймээс уг тоглолтын үеэр

"Х.Лхагвасүрэн Дээд тэнгэрийн оддыг газарт буулгаж дуулна.

С.С.Амармандах Дээдсийн алтан сүнсийг эргээд төртөл хурайлна.

Т.Дэлгэрмөрөн Дэндүү зөөлхөн аялгуугаар дэлхийг аргадна" гэж мэдэгдлээ.

П.Наран

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

0 comments:

Post a Comment