“Хүний эрхийн нээлттэй өдөр”-үүд эхэллээ

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос Дархан-Уул аймагт энэ сарын 18-19-ний өдрүүдэд, Сэлэнгэ, Орхон аймгуудад энэ сарын 25-30-ны өдрүүдэд тус тус ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулах юм. "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн оролцоо, дэмжлэгтэйгээр зохион явуулж байгаа аж.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг 2001 оноос эхлэн зохион байгуулж ирсэн бөгөөд энэ өдрүүдэд хөдөө орон нутгийн ард иргэдэд хүрч үйлчилж, бүс нутгийнханд зориулсан үйл ажиллагааг явуулдаг аж. Тухайлбал, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нараас гаргасан нийтээр дагаж мөрдөх шийдвэрүүд нь хүний эрх, эрх чөлөөг хангаж чадаж буй эсэхэд дүн шинжилгээ хийх, цагдан хорих болон эрүүлжүүлэх байр, хилийн цэргийн анги, цагдаагийн байгууллагуудтай хамтран үзлэг, шалгалт, мониторинг хийх юм. Мөн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудад зориулсан хүний эрхийн сургалт явуулах, олон нийтийн уулзалт зохиох, иргэдийн өргөдөл, гомдлыг  хүлээн авч, боломжтойг нь газар дээр нь шалгаж шийдвэрлэх, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх зэргээр тухайн бүс нутаг дахь хүний эрхийн зөрчлийг арилгах зорилгоор ажиллах юм.

П.Наран

0 comments:

Post a Comment