Гуравдугаар сар дундаа орсон ч хаврын тэнгэр хартай зангаа гээсэнгүй. Малчид ямаагаа самнаж нүцгэлэхээ жаахан азнаж, ноолуур хараахан гараагүй байна. Гэхдээ л нийслэлийн баруун хаяа Эмээлтийн түүхий эдийн зах, Төв аймгийн Эрдэнэсантын зам тоссон ченжүүд машин болгоноос ноолуур сураглана. Хэнтий, Сүхбаатарын ямааны ноолуур илүү чанартай, зах зээлд арай эрт нийлүүлдэг. Тэр зүгээс ирэх ноолуурыг Налайхад тосоод авчихдаг. Энэ хавар ноолуурын үнэ 70 мянгаас давахгүй бололтой. Хагнаасаа салаагүй шинэ ноолуур 70 мянга, өнгөрсөн жилийн хур ноолуур 50 мянган төгрөгийн ханштай байх болов уу гэж ченжүүд ярьж байна.
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас 35 кг ноолууртай ирсэн залуу жаахан үнэд хүргэчих гээд барсангүй гэнэ. Илүү ч үгүй, дутуу ч үгүй яг 50 мянга. Эмээлтээс гар утсаар ийм л ханшийн мэдээ ирж байлаа. Өмнө нь малчны хот, тээврийн товчооноос ямар машин ноолууртай хөдөлснийг хөлтэйхэн ченжүүд бараг гадарладаг юм билээ. Хятадууд харин үнэ цохиж авахыг нэг их хичээхгүй байгаа бололтой. Засгийн газраас нь ноолуурын үйлдвэрүүдээ угжиж байсан төрийн хөнгөлөлтөө цуцалж, дэлхийн зах зээл дээр Монголын нарийн ноолуураар донор хийсэн эрээвэр хураавар ноолуурынх нь тар танигдсан ажээ. Нэлээд хэдэн жилийн өмнө 120-150 ам. доллар байсан түүхий ноолуурын ханш өдгөө 100 болтол унажээ. Энэ нь 2001 онд Английн ноос, ноолуурын төрөлжсөн худалдааны томоохон пүүс «Сийл Интернэшнл»-ийн ханшийн мэдээгээр 105-115 ам. долларт хүрч байсан ноолуурын үнэ 2002 онд 52-54 болтлоо навс буусныг санагдуулж байна. Ер нь дөрөв таван жилийн давтамжтай унаж, босч байдаг ноолуурын ханшны уруудах үе эхэлсэн гэлцэж байна. Нэг үеэ бодовол хөдөөнийхөн бэлэн мөнгөөр тасрахаа больж, ноос ноолуур, арьс ширээ уулгамч юм шиг ганзагалаад Улаанбаатарыг зорихоо больжээ. Харин ч үндэсний үйлдвэрүүдэд тушаасан ноос, ноолуурын мөнгөн урамшуулалд амташсан бололтой. Арга ч үгүй биз. 2011 онд улсаас ноос бэлтгэлд 50 тэрбум, хожимдсон ч гэсэн ноолуурт 100 тэрбумын урамшуулал олгосон нь үр дүнгээ өгсөн гэж үндэсний үйлдвэрлэгчид үзэж байна. Тус салбарт хэд хэдэн жижиг, дунд үйлдвэр үүдээ нээж, үйлдвэрлэлээ өргөтгөсөн нь ч бас цөөнгүй. Сүүлийн үед гадаадын орнууд манайхаас ноолууран бүтээгдэхүүн авах захиалга нэлээд ирүүлэх болж. Энэ салбарт орчин үеийн техник технологи ч нэвтэрч байна.
Монгол Улс 18 сая шахам толгой ямаатай. Жилд таван мянга орчим тн ноолуур бэлтгэдэг ч Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд экспортын татварыг тэглэсэн юм. Иймээс гурван мянга орчим тн угаасан ноолуур урд хөрш руу татваргүй гардаг. Дэлхийд ноолуур бэлтгэгч гол гурван улс болох Хятад, Монгол, Ираны угааж самнасан ноолуурын үнийн индексийг наяад оны дундаас хойш эргэн харахад урд хөрш манайхаас ямагт 20-30 ам. доллараар илүү явж иржээ. Чухамдаа энэхүү үнийн зөрүү дээр л тэд манай зах зээлд үндэсний үйлдвэрлэгчдийг маань хөөрхөн шоглож чадаж байсан юм. Хятадууд Монголын стратегийн энэхүү түүхий эдийг аль болох гартаа ахиухан атгаж авахыг чухалчилж, төрийн бодлогоор өөгшүүлж байсны хүчинд хамраа сөхсөн хятад наймаачид мөнгөөр зодож авдаг байсан нь үнэн. Ерээд оны дунд үеэс эрчимтэй хөгжсөн Хятадын үйлдвэрлэгчид өөрийнхөө арай нарийн голчтой, цайвар өнгийн ноолуураа манай утас ээрэхэд нэн тохиромжтой урт ноолууртай хольж, түүхий эдийнхээ цусыг нэгэнт сэлбэчихээд хэрэглэхэд чанартай, нэгэн ёсны эрлийз бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд өндөр үнээр гаргаж эхэлсэн. Ингэж дэлхийд тэргүүлэх байр сууриа саяхан болтол барьж байлаа.
УИХ сүүлийн үед стратегийн түүхий эдийнхээ талаар жаахан хойрго хандаж, стратегийн орд газрууд руугаа шамдсан юм. Нэг жишээ татахад 2012 онд Засгийн газраас оруулсан ноолуурын 100 тэрбумын бондын асуудлыг оны эцэст шийдвэрлэсэн нь арай л хожимдсон алхам болж байлаа. Мөн 2011 оны тавдугаар сард ноолууран түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоход зориулан 110 тэрбум хүртэлх төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий үнэт цаас гаргаж, нийтэд санал болгон арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрөх тогтоолын төсөл парламентын тогоонд бараг хагас жилийн нүүр үзсэн юм. Гэсэн ч ноолуурын салбарт энэхүү дэмжлэгийг үзүүлснээр одоогийн 6000 гаруй ажлын байр хадгалагдан,, шинээр 1600 бий болж, 250 тэрбум гаруй төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, түүний 80 гаруй хувийг экспортод гаргах боломжтой гэсэн судалгаа бүхлээрээ бодит ажил болж хараахан чадаагүй өнгөрсөн билээ.
Мал аж ахуйг эрчимжүүлэх төрийн бодлогод том дуугарч, их мөнгө нэхэхгүйгээр амжуулах ажил бишгүй бий. Сүргийн бүтцийн хувьд ямаа хамгийн олон тоотой. Гэвч бэлчээр нутгийг хамгийн их сүйтгэдэг. Ямаан сүргийн дотор нарийн ширхэгтэй ноолуур өгдөг цагаан зүсмийн ямаа дөнгөж 10 хувь, улаан нь 40, үлдсэн 50 хувь нь хар, хөх ямаа эзэлдэг нь ноолуурын чанарт нөлөөлдөг. Гэтэл малчид ноолуурын гарцыг нь бодоод нас гүйцсэн бүдүүн ямаагаа шүтэж, борлонгоо чамладаг нь хусмыг нь аваад өрмийг нь голсонтой ялгаагүй. Энэ талаар үйлдвэрлэгч, малчин хоёрын хооронд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх, чамбай үнэ төлөх гэрээ үгүйлэгдэж байна. Цаашилбал монгол ноолуурын дэлхийд цойлох чанар чансааны асуудал. Саяхан үндэсний үйлдвэрлэгч компаниуд ноос ноолууран бүтээгдэхүүнээ нэг нэрийн дор брэнд болгох зорилт дэвшүүлсэн нь сайшаалтай. Бага ч гэсэн сайн чанарын ноолуурын ханш, тааруухан мөртлөө ихээхэн ноолуурын үнэ хоёр цаагуураа дүндээ дүн гэдгийг ойлгох цаг болжээ.
Хэрвээ монгол ноолуур дэлхийд №1 данстай болбол хонины ноос, сарлагийн хөөврөө ч араасаа дагуулна. "Говь" компани сарлагийн ноосоор хөнжил, эрэгтэй хүний цамц, орооолт, хүрэм хийсэн нь хөнгөн, дулаан чанараараа хэрэглэгчдийн таашаалд хэдийнэ нийцэж эхэлсэн. Тэмээний ноосон бүтээгдэхүүнийг тэртэй тэргүй бид мэднэ. Цаашид малчдын бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж, мөнгөөр гар цайлгахын оронд малын ашиг шимийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах хөтөлбөр дэвшүүлж, түүний үр шимээр элбэг хангалуун амьдралын түлхүүрийг атгуулбал илүү тустай. Түүнээс шинэ дэвшилтэт технологид гологдсон ямар ч ориг түүхий эд брэнд бүтээгдэхүүний яс чанарын шаардлагыг хангахгүй гэдэг нь ойлгомжтой. Ноолуурыг ямаачны ухаанаар арвижуулах бус, төр, хувийн хэвшлийн хамтын хүчин чармайлтаар дэлхийн дэвжээнд гаргах учиртай. Энэ бодлого хаврын яргуй шиг зуурдын настай ч байж таарахгүй.
Г.Болор

0 comments:
Post a Comment