АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Сирийн асуудлаар зөвлөлдөхөөр Европын найман оронд айлчлал хийж байна. Түүний эхний айлчлал өчигдөр Их Британи улсаас эхэлсэн юм. Тус улсад айлчлан очоод ерөнхий сайд Девид Кэмерон болон Гадаад харилцааны сайд Уиллиам Хаг нартай уулзаж холбогдох асуудлаар санал солилцсон. Ингэхдээ мөн Их Британийн зүгээс Сирийн асуудалд хандах хандлага, баримтлах бодлого зэргийг цаашдын шаардлагатай гэсэн арга хэмжээндээ тусгахаар болж байгаа. Их Британи Сирийн босогчдыг дэмжиж байгаагаа энэ дашрамд дахин илэрхийлсэн юм.
Хоёр жил үргэлжилж байгаа Сирийн иргэний дайныг ямар нэгэн аргаар зогсоохгүй бол тухайн үндэстний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна хэмээн олон улс үзэж байгаа. Тиймээс их гүрнүүдийн санаа бодлыг сонсож энэ асуудлыг аль болох хурдан хугацаанд энх тайвны шийдэлд хүрэхэд нь туслах шаардлага тулгараад байна. Эдгээр айлчлалын хүрээнд ирэх пүрэв гаригт Ромд уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Асуудлын зангилаа болсон Сирийн талаас сөрөг хүчний удирдагч Моаз аль-Хатиб ирэхээр болсон байна. Гэхдээ энэ уулзалтын талаар нарийн дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа. Ямартай ч зөвлөлдсөний эцэст сайн үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Жон Керригийн энэ айлчлал 11 өдөр үргэлжлэх бөгөөд Англи, Герман, Итали, Саудын Араб, Турк, Орос, Франц, Египет зэрэг орнууд багтаж байгаа. Энэ айлчлал түүний үүрэгт ажлаа хүлээн авсанаас хойшхи анхны айлчлал болж байгаа юм.
Сирид иргэний дайн эхэлсэн цагаас хоёр жилийн хугацаа өнгөрч 70 гаруй мянган хүн амь насаа алдсан гэж НҮБ-ын хүний эрхийн хорооноос мэдээлж байгаа. Гэсэн ч үнэн хэрэг дээрээ 90 мянга давсан гэж зарим эх сурвалжуудаар мэдээлж байна. Дотооддоо асуудлаа шийдвэрлэж чадалгүй ийм олон хүний амь насанд хүрсэн учир олон улс энэ хэрэгт оролцож шийдвэрлэх нь зайлшгүй гэж үзэж байна. Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмыг түлхэн унагах тал дээр тус улсын сөрөг хүчнийхэн болон зарим улсууд байр суурьтай байгаа. Хэрэв энэ асуудлыг шийдвэрлэж чадвал үүний дараагаар Палестин болон Египетийн асуудалд анхаарлаа хандуулна гэж АНУ хэлж байна.
Э.Мөнхнасан
0 comments:
Post a Comment