"Ярилцъя" булангийн маань энэ удаагийн зочин Гадаад харилцааны сайд, ноён Л.Болд юм. Энэ олон жилийн турш бид нэгээхэн ч удаа ярилцаж байсангүй. Яагаад ч юм нэг тийм тохироо бүрэлдэхгүй яваад байсан хэрэг л дээ. Тийм болохоор тэр миний хувьд "шинэ хүн" гэсэн үг. Гэхдээ бодлын маань архивт байдаг Болдыг би андуу эндүү таньж яваагүй ажээ. Товчхон хэлье. Бүхий л утгаараа тэр бол супер сэхээтэн. Манай төрд хэрэгтэй "толгой". Өөр нэмэлт халил түүнд зохихгүй юм. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө толилуулъя.
БИДНИЙ ААВ ЭЭЖИЙН ҮЕ БОЛ МОНГОЛД ДАХИАД 100 ЖИЛДЭЭ ТОХИОХГҮЙ, ГАЙХАМШИГТАЙ ҮЕИЙНХЭН
Нэр алдартай улстөрчтэй яг өнөөдрийнх шиг ийм жирийн нөхцөлд "зангиагүйгээр" уулзах үед яагаад ч юм энэ хүнд ер нь жирийн хүний шинж төрх байна уу, үгүй юу гэдгийг олж харах хүсэл л илүү их төрдөг юм. Гэвч улстөрч та бүхэн харамсалтай нь дотор хүнээ таниулж чаддаггүй. Тийм бололцоо ч бараг үгүй байдаг биз. Ялангуяа энэ удаагийн сайд нар дотроос та хамгийн тэмтрэгддэггүй, хувийн гэх асуудлуудынхаа талаар ам нээдэггүй, гадагшаа зөвхөн ажил хэргийн байр сууриудаа л цацдагаараа ялгардаг. Үнэндээ нэг арьсан дороо хоёр хүн багтааж явдаг зөндөө хүмүүс байна. Таны дотор өөр Болд бий юу. Гайхмаар олон талтай хүмүүс бас байх юм?
-Бүх юм өссөн төрсөн орчинтой, багын хүмүүжилтэй л очиж холбогддог юм шиг санагддаг юм. Бид нар чинь яг ямар цаг үеийн хүүхдүүд вэ гэхээр Монголын сэргэн мандлын үеийн сэхээтнүүдийн хүүхдүүд шүү дээ. Бараг анхны үеийн сэхээтнүүд юм даа. 30-40-өөд онд үндсэндээ сэхээтнүүдээ хядсан. Тэр үед л төрсөн хүүхдүүд шүү дээ. 50-60-аад онд нийт ард түмнээрээ анх бичиг үсэг сураад, Анагаах ухаан бусад бүх салбарууд хөгжөөд, их сургуулиуд байгуулагдаад, НҮБ-д элсээд л ингээд явцгаасан. Яг тэр үед бол үндэсний том тэсрэлт явагдсан шүү дээ. Тэр үед төрсөн хүүхдүүд бол өнөөгийн бид нар юм. Улаанбаатар хотын төв, 40 мянгатын энэ шороон дээр л бужигналдаж өссөн. Тэр хүйтэн дайны үеүд байна, манайх чинь хятадтайгаа нэг сайдаж, нэг муудаад л. Энэ үед чинь дэлхий ертөнц жинхэнэ буцалж байлаа, Монгол ч буцалж байлаа. Тэр үеийн манай аав, ээжийн үе гэдэг чинь гайхамшигтай үе байсан. Монголд дахиад 100 жилдээ тохиохгүй, гайхамшигтай үеийнхэн гэж би боддог. Тэд нарын бидэнд өгсөн хүмүүжил бол үнэхээр өөр хүмүүжил байжээ. Хоёр нүүртэй байх, хоёр мөн чанартай байх энэ тэрийг чинь багаас нь үзэж чадахгүй болгосон. Үнэхээр бидний үеийнхнийг тэгж л хүмүүжүүлсэн. Хүмүүжлийн тийм ген байхгүй гэсэн үг. Мэдээж тэд нарыг хараад байхад хувь хүний хувьд янз бүр. Гэхдээ үнэхээр ажлын төлөө, улс орныхоо төлөө төрчихсөн юм шиг. Ямар нэгэн жүжиглэл байхгүй, давхар санаа байхгүй тийм л агуу үеийнхэн шүү дээ. Тийм болохоор хар нялхаасаа бид нар тэр хүмүүжилд баригдчихсан. Одоогийн шинэ үеийн залуучууд бол шал өөр болж гарч ирж байна л даа. Бидний хооронд хүмүүжлийн ийм зөрүү байгаад байгаа юм шиг харагддаг. Энэ зөрүүгээ миний хувьд гаргаж чадахгүй байсаар байгаад тэтгэврийн нас руугаа дөхөх нь байна.
-Юун тэтгэвэр ?
-Үгүй, одоо нас явж байна шүү дээ. Улсад 30 жил ажиллачихсан байна. Эргээд энэ өнгөрүүлсэн 30 жилээ харахад давхар хоёр дахь хүнээ өөртөө ургуулж ч амжихгүй, өөрөө илрүүлж ч амжихгүй юм байна. Одоо ч өнгөрлөө л дөө. Тэр хүмүүжлээрээ яваад дуусах юм шиг байна.
-40 мянгатынхан бол манай хотын түүхэн дэх их сонин хэсгийнхэн л дээ. Харин 40 мянгатын тэр атамануудын шинж төрх таниас их бага харагддаг. Зарим хүнээс тэр Болд гэж хэн юм бэ гээд асуухаар "Аймхай амьтан", "Бөөрөнхий", "Болд зориггүй" гэх мэт хариултууд бас ирдэг. Яагаад таныг ингэж үнэлэх гээд байдаг юм бэ. Надад ч гэсэн тэндээс төрсөн "атаманууд"-аас та хамгийн учир битүүлэг нь харагдаад байдаг.
-Манай байранд таны нэрлэж байгаа тэр бүх "атаман"-ууд, бүх л бүлэглэлүүд бүгд байсан. Миний бага нас тэнд, тэдний дунд өнгөрсөн. Арван хэдэн настай ч байлаа. Тэгээд л нөгөөдүүлтэй адилхан гадаа зодолдоод, чулуу шидэлцээд л явж байсан. Тэгсэн нэг явдал болдог юм. Тэр үед ч машинтай хүн их ховор ш дээ. Манаргаж яваад би нэг машины цонх хагалчихлаа.
-Тэр чинь одоо бөөн асуудал биз дээ?
-Одоогийнхоор юутай ч харьцуулмаар юм бэ дээ, нэг байшин дэлбэлчихсэнтэй адилхан л юм болох байлгүй дээ.
-Тэгээд юу болов. Баригдсан уу?
-Тэгсэн чинь хамгийн харамсалтай нь манайхан намайг бариад өгчихсөн байсан.
-Өө, өөдгүй амьтад вэ?
-Би ч зугатаад гэртээ орчихсон байсан. Хүүхдүүд манай гэрийг зааж өгөөд, намайг илчилчихсэн. Ингээд ээж, аав хоёр маань төлбөрт орлоо. Сонин нь намайг нэг их загнаагүй. Ер нь жаахан байхад бид нарыг чинь их загнана шүү дээ, зодно, алганы амт үзүүлнэ. Бас л хатуу гараар л өсдөг ш дээ. Тэгээд би ч бодлоо. "За за, ер нь намайг шоронд явуулах байх" гэж. Тэгсэн чинь харин ч бүр аав ээж маань намайг хамгаалсан. Нөгөөдүүл нь айхтар ч хүмүүс байсан. Тэр үед машинтай байгаа хүмүүс гэдэг чинь бас л айхтар хүмүүс байх л даа. Их л дайрч давшилсан, намайг чинь чирч гаргаад л. Ер нь цаазлах нь ээ. Тэгсэн аав ээж маань "Хүүхдүүд бүгд л чулуу шидэж байна, яг энэ хүүхдийг гэж яаж мэдэж байгаа юм бэ" гэж асуусан. Чулуун дээр нь ямар хурууны хээ мээ байх биш. Ингэж нэг хэрэгт орох шахдаг юм байна. Тэгээд би бодсон. Ер нь дэмий юм байна гэж.
-Хамт "байлдаж" яваад илчилчихсэн байсанд нь гомдол төрөөд…
-Үгүй ээ, яахав. Нэгд бол ээж, аавыгаа цоо шинээр нээж байгаа юм. Үнэхээр юм болоход эд маань миний төлөө л юм байна. Хүүхэд болохоор дандаа л загнаж байдаг гэж бодож явна ш дээ, ер нь. Нөгөө талаас би энэ хүмүүсийг төлбөрт оруулаад, ингэж зовоож байх гэж дээ гэж харамсч байгаа юм. Нөгөөдөх чинь өчнөөн дуусахгүй зарга болж байгаа юм чинь. Гэтэл нөгөө хүүхдүүд маань урвачихсан. Намайг бариад өгчихсөн. Тэр үед чинь бид бүгд нэг амьтай л гэж бодож явсан байгаа ш дээ. Гэтэл намайг бариад өгчихсөн, нөгөө хүмүүс миний араас гэрт ороод ирж байгаа байхгүй юу. Тэгээд л за за, ийм байдаг юм байна гэж бодноо доо.
-Өөрөөр хэлбэл, бас дотоод сонголт хийх үе иржээ дээ?
-Тийм, тэгээд би гадагшаа гарч тоглохоо ч болиод л, ерөнхийдөө номонд орсон. Өдөр шөнөгүй ном уншдаг хүүхэд болчихсон. Хүнтэй зодолдохгүй, хэнтэй ч орооцолдохгүй яваад өгөхөөр чинь тэр үед муу л нэр зүүнэ л дээ. Гэхдээ би нэг юм хэлье. Ингээд Ардчилсан хувьсгал боллоо. Бүгд бужигнасан. Тэр дунд чинь олон талын найзууд цуглана шүү дээ. Яг Ардчилсан хувьсгалд, тэр анхны хөдөлгөөнд ороод явахдаа бидний хэн маань ч дарга цэрэг болно, тийм ч бизнесмен болно гэж яваагүй шүү дээ. Тэгэхэд тэр үед нөгөө надаас илүү зоригтой, надаас илүү хулигаан найзууд маань харин айгаад, "Өө ийм юманд чинь орохгүй" л гэж байсан. Тэр том тогтолцоо, тогтчихсон ужиг том нийгэмтэй тэмцэнэ гэдэг бол тэдний хувьд аймшигтай юм байхгүй юу. Дуртай хүнээ барьж аваад зодчихдог, зодолдчихдог тэр зориг бол яг нийгмээ өөрчлөхийн төлөө амь насаа зориулах зориг биш л байгаа байхгүй юу. Би энийг хоёр нүдээрээ харж, сэтгэл зүрхээрээ мэдэрч байсан. Тэгэхээр зориг гаргана гэдгийг аль өнцгөөс нь харах вэ. Тэр эр зориг гэдэг ойлголтыг яг ямар нүдээр харах ёстой юм. Бас сонин зүйл шүү.
-Үнэхээр тийм юм байна.
-Тэдний дэргэд би шууд гараад л зодолддог тийм хүн биш байж магадгүй. Гэхдээ би миний хамгаалалтад байгаа хэнийг ч бай хэн нэг нь дээрэлхэх гэж, зодолдох гэж оролдох юм бол айдаггүй. Үнэхээр тэдний маань нэг рүү дайрах юм бол хэний ч өмнө орж зодолддог. Тийм л залуу явлаа даа. (инээв)
БИ НУГАЛАРЧ ЯВААГҮЙ
-Таны байр суурийг нугалах гэж оролдвол та яах вэ. Та улс төрийн хэрүүлд нэг их оролцдоггүй шүү дээ. Урвуулах гэж оролдох юм уу, эсвэл таны байр суурийг шууд гишгэсэн тохиолдолд та яаж хандах вэ?
-Ардчилсан намд би 1990 онд гишүүнээр элссэн. Одоо ингээд бодоход яг тэр үед ярьж байсан, тэмүүлж зорьж байсан зүйлс, баримталж байсан байр суурь одоо ч хэвээрээ байдаг юм. Сонгуульд би хэд ч уналаа, хэд ч бослоо. Тэр бүх нугачаанд хэзээ ч миний тэр зүйл өөрчлөгдөж байгаагүй. Энийг маань үнэхээр хэн ч нугалж чадахгүй юм байна лээ. Нугаларч байсан түүх энэ хорин хэдэн жилд гараагүй. Тэгэхээр цаашдаа нугаларах юм гарахгүй байх.
-40 мянгатынхан гээд ярихаар миний хувьд их гоё, сонин сэдэв байдаг. Монголын улс төрд бөөн бөөн лидерүүдийг бэлэглэсэн, Монголын урлагт бас бөөн бөөн зүтгэлтнүүдийг бэлэглэсэн гайхамшигтай хороолол. Та яг юу сонирхдог залуу байсан бэ. Бусадтайгаа адилхан жинс, пүүз, пянз сонирхож, Beatles, Pink floyd гэх мэт сонгодог хөгжмүүдэд автаж явав уу?
-Би үнэхээр тиймэрхүү юм сонирхдоггүй хүүхэд байсан. Угаасаа, манайх чинь их олон хүүхэдтэй айл. Мөнгө төгрөг ч элбэг биш. Тиймэрхүү юм ч сонирхох санхүүгийн бололцоо байхгүй. Мэдээж хэрэг бололцоотой байсан бол сонирхох байсан байх аа. Угаасаа тийм бололцоо байхгүй юм чинь ер нь оролдож байгаагүй. Бусад хүүхдийн адил гитар тоглохдоо гитар тоглоод л, сургуульдаа гүйгээд л явж байсан. Гэхдээ миний хамгийн их сонирхдог байсан зүйл бол ном. Номонд л умбаж өнгөрөөсөн дөө.
-Тийм ч байх аа. Аливаа юманд амархан хөл алддаггүй байрын залуу байсан болов уу гэж харагддаг юм. Гэхдээ зодолддог, орц морцоор явдаг, хулигаандуу залуус нь охидуудад илүү "Эр хүн" шиг харагдаад байдаг тал бий. Ингэхэд таныг охидууд хэр тоодог байсан бэ?
-Нэг их тоодоггүй байсан байх аа. (инээв) Би ч нэг их анхаардаггүй. Намайг ч анхаардаггүй. Бие биенээсээ нэг тийм холуур. Аравдугаар анги төгстлөө нэг ч бүжиглэж үзээгүй гээд бод доо.
-10 төгстлөө охинтой бүжиглээгүй гэж үү. Арай ч дээ?
-Харин тийм.
-Цэргийн алба гэдэг юм бол та мэдээж хаагаагүй байх, тийм үү?
-Хаагаагүй. Тухайн үед чинь би дунд сургуулиа төгсөөд л оюутан болоод явсан. Явсаар байгаад яагаад ч юм армид алба хаах боломж гараагүй юм даг.
-Хувь заяаны боломж гараагүй аж. Гарсан бол та явах л байсан уу?
-Гарсан бол явах байсан. Сүүлд 26-27 насны үед нэг явахаа алдаад. Тэгээд тэр үеийн Үйлдвэрчний төв зөвлөл чинь том байгууллага юм чинь, дарга нар утасдаад л аваад үлдчихсэн.
-Батлан хамгаалахын сайд болоход тань армийг мэдэхгүй, цагаан гартай сэхээтэн ирлээ. Ядахдаа цэргийн алба хааж үзээгүй хүнд Зэвсэгт хүчнийг өгч болж байна уу гэсэн шүүмжлэл өрнөж байсан?
-Тэгсэн л байх.
-Та бол тэнд сайн ажилласан. Батлан хамгаалах салбарыг бол баргийн аавын хүү залаад байгаад байх газар биш л дээ. Хөдөлгөхөд хэцүү, лагс газар шүү дээ. Цэргийнхэнтэй уулзаад явж байхад муу хэлж байгаа хүн бас таардаггүй. Зарим салбар ирээд буцсан сайд нарт их хорсож үлдсэн байх юм.
-Бүх юм тийм амар биш шүү дээ. Газар газар янз бүр л байдаг байх.
АРД ТҮМЭН ӨӨРӨӨ АРМИ
-Гэхдээ огт мэдэхгүй салбарт очсон. Та тэнд яг ямархуу нөхдүүдтэй уулзсан бэ. Яаж учраа олно доо гэсэн нэг тийм түгших маягийн сэтгэгдэл төрж байсан уу. Батлан хамгаалах яам гэдэг маань ерөнхийдөө улстөржиж болохгүй салбар. Хэвлэл мэдээллийнхэн батлан хамгаалахын салбарыг бас нэг их сонирхдоггүй, орхичихоод байдаг. Уг нь улс орны маш чухал бодлогын яам. Тэнд та хийе гэснээ ер нь хийж чадсан уу?
-Бага байхдаа бид нар чинь дандаа дайны тухай ном, зохиол уншиж, дайны тухай кино үзэж өссөн. Цэргийн тухай онгоц, зэвсэг бүгдийг судалдаг, цээжилж өсдөг байсан. Миний тухайд цэргийн алба хаагаагүй нь хувь заяаны л тохиолоос болсон хэрэг. Тийм болохоор миний хувьд батлан хамгаалахын салбарт ажиллахад асуудал байхгүй байсан. 1996 онд засгийн эрхэнд Ардчилсан нам анх удаа гарлаа. Тэр үед би Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн байсан. Бид цэргийн шинэчлэлийн бодлогыг хийсэн. Баабар, талийгаач Зориг, Бат-Үүл гээд монголын улс төрийн том лидерүүд оролцож хийсэн дээ. Батлан хамгаалах гэдэг бол өөрөө нийгмийн том институци. Энэ бол буу зэвсэг мэддэг юм уу, эсвэл цэргийн тактик мэддэг хүний ажил биш. Нөгөө талдаа Жанжин штаб гэдэг бол чухамдаа тэрийг хариуцдаг цэргийн мэргэжлийн байгууллага. Ингээд хуваачихсан байхгүй юу. Гэтэл энийг энгийн хүмүүс ойлгоогүй. Батлан хамгаалах гэхээр л заавал нэг генерал, заавал нэг цэргийн хүн толгойлох ёстой гэж ойлгоод байдаг.
-Тийм л дээ. Гэхдээ ирсэн, явсан хүмүүс энэ талаар сайн ярьж байх ёстой. Тэгж байж нийгмийн буруу ойлголт засагдана шүү дээ?
-Хувь хүний хувьд сайн муу гэх нь ч дүүрч. Зүгээр, нийгмийн институцийн хувьд яриад байгаа байхгүй юу. Тэр талаасаа миний хувьд юу гэдэг юм хийх ёстой, улстөрчийнхөө хувьд сонгосон хувь заяа, сонирхдог чиглэл, хийж чадах ёстой гэж боддог тийм ажлуудын нэг л гэж ойлгож очсон. Би хэзээ ч Батлан хамгаалахын сайд болно гэж бодоогүй, мөрөөдөөгүй. Улс төрийн өөрийнх нь л хууль, хувь заяагаар л очсон. Очихдоо ерөнхийдөө ерэн хэдэн онд барьж байсан бодлоготойгоо л очсон. Очоод тэрийгээ л хэрэгжүүлэх, тэрнийгээ үйл ажиллагааны хөтөлбөр болгох гэж зүтгэсэн. Монголын хувьд нэг алдаа нь цэрэг гэдгийг нэг тийм тусдаа хүмүүс юм шиг ойлгодог. Тусдаа хүн, тусдаа хамт олон, тусдаа салбар гэж буруу нэрлээд байна. Энэ чинь салбар биш шүү дээ. Тээвэр, холбоо гэх мэт зүйлс л салбар байдгаас биш нийгмийн өөрийнх нь мөн чанарыг салбар гэж ойлгож болохгүй шүү дээ. Өөрөө өөрийгөө хамгаалах чадвар гэдэг чинь юуных нь салбар байх вэ дээ. Ерөөсөө ард түмэн гэдэг чинь өөрөө цэрэг. Цэрэг гэдэг чинь өөрөө ард түмэн. Энэ холбоосыг л гол үйл ажиллагааныхаа чиглэл болгож явсан. Тэнд зүтгэж байгаа хүмүүс үнэхээр энэ ажлаа бахархалтай хийдэг. Харахад нийгмийн үр бүтээл багатай, юу ч үйлдвэрлэхгүй байгаа байх. Тийм болохоор тэндээс гуйх юм байхгүй. Ямар очоод сум гуйх юм биш. Ингээд харахаар нийгэмдээ үнэхээр хэцүү байр суурь байхгүй юу. Гэтэл тэнд зүтгэж байгаа хүмүүс маш их ажилладаг, маш их хариуцлага үүрдэг , маш их амьдралаараа хохирдог. Энэ бүгдийг ойлгуулахын тулд нэг генерал хүн очоод "Цэргийнхэн бид ийм чухал алба хашдаг" гээд яривал за, яршиг даа л гэнэ биз дээ. Над шиг, бүр цэргийн алба ч хаагаагүй гээд муулуулж байгаа хүн очоод "Үгүй ээ, энэ цэргийнхэн чинь энэ нийгэмд хамгийн хэрэгтэй хүмүүс. Үнэхээр ингэж байгаа юм" гээд ярихад хамаагүй өөр тусч байгаа биз дээ. Энэ талаасаа бол хамт олон их сайхан хүлээж авсан. Сайхан хүрээлж, ойлголцож, аль аль талаасаа бүрэн дэмжиж, хийдэг ажлаа мэргэжлийн өндөр төвшинд хийж ирсэн. Би ажлаа аль болох энэ гаргаж байгаа бодлогынхоо хүрээнд хэрэгжүүлэхийг л оролдсон. Цаг үе нь ч их сайхан таарлаа. Бас л Батлан хамгаалахын салбартаа томоохон шинэчлэлийн эхлэлийг тавих өөрчлөлтүүдийг хийсэн л гэж бодож байна.
-Зарим талаар сул орон зайд явдаг бөхчүүд, тамирчдыг орогнуулдаг, нэг тийм склад маягийн юм шингээж байдаг түшиц газар болчихсон ч юм шиг харагддаг юм. Иймэрхүү гажуудлуудаас нь хэр цэвэрлэж чадсан бэ?
-Ер нь цэрэг чинь өөрөө тийм шүү дээ. Бие бялдар сайтай байх ёстой юу, ёстой. Цэргийн биеийн тамирын клуб гэдэг маань өөрөө аль ч оронд байдаг зүйл. Бид ашиг орлоготой байхыг нь хийж чадахгүй байгаа болохоос биш ямар ч оронд салбартаа хамгийн том хөрөнгө бий болгогч хүч шүү дээ. Олон залуучуудын мөрөөдлийг бий болгоно гэдэг чинь өөрөө маш том мөнгөний уурхай юм. Ингээд үзэхэд бол тэр бүгд байх л ёстой зүйл. Урлагийн байгууллага ч байх ёстой. Энэ бүгдийг шүүмжлэх нь буруу. Энийг харин дэмжих хэрэгтэй. Бусад урлагийн байгууллагатай адилхан өрсөлдөөд орлого олох л ёстой. Тамирчид ч тэмцээнд амжилт гаргаад эргээд орлого олох ёстой.
-Чуулгууд бол аль ч армид байдаг. Надад зүгээр зуун хэдэн кг жинтэй бөхчүүд цэргийн байгууллагад ямар хэрэгтэй юм бол гэж бодогддог. Бүгдээрээ очоод том том цол зүүчихдэг. Тэрэнд нь үнэндээ үндсэн хүмүүс нь их дургүй ханддаг шүү дээ. Энэ албанд халуунд халж, хүйтэнд хөрөөгүй, зүгээр наадмаар гарч зодоглодог нөхдүүд зовж хүртдэг цолыг нь мөрөн дээрээ гялалзуулаад алхаад байх зүй зохистой биш л санагддаг юм.
-Тэрэн дээр би шинэчлэл хийх гэж бодож байсан юм аа. Сүүлдээ амжаагүй л дээ. Цаашдаа бол хийгдэх байх гэж бодож байна. Янз бүрийн спортын төрлүүд байгаа. Дан үндэсний бөхчүүд байх юм бол үнэхээр болохгүй байхгүй юу. Ядахдаа тоо нь цөөн байх хэрэгтэй гэж би хардаг байсан. Харин яг энэ Зэвсэгт хүчиндээ хэрэгтэй, жишээ нь буудлагын спорт ч юм уу, цанын спорт ч гэдэг юм уу. Зэвсэгт хүчинд ашиглагддаг тэсвэр хатуужлын тэр спортууд бол үнэхээр хөгжих ёстой. Морин поло ч гэдэг юм уу. Нийт Зэвсэгт хүчнийхээ хэмжээгээр хөгжөөд, шилдгүүд нь армийн клубт байх ёстой. Энэ шинэчлэлүүдийг бид нэлээн яриад эхлэлийн төдий болгоод үлдээсэн. Цаашаа хэрэгжүүлэх байх.
-Ялангуяа буудлагын спортод дуртай хүүхдүүд их болсон. Очиход нь тосоод, ойлгоод авах газар байхгүй их хэцүү байдаг юм байна лээ.
-Тийм ш дээ. Яг бололцоо нь тэнд байгаа байхгүй юу. Чухамдаа тэнд хөгжиж байх ёстой. Энэ бол Монгол Улсын нэрийг дэлхийд гаргах гол зүйлүүдийн нэг байх ёстой. Зүгээр нэг аймгийн бөхийн клуб шиг байж болохгүй. Үнэндээ бол яг тийм л байсан л даа. Тэрийг би маш их эсэргүүцэж байсан. Гэхдээ бүр байхгүй болгох талаасаа биш, байх хэмжээнд нь байлгах ёстой гэж үзэж байсан. Үнэхээр Зэвсэгт хүчинд хэрэгтэй спортууд байна. Жүдо, самбо, тулааны урлаг, бокс эд нар бол маш чухал шүү дээ. Аль аль нь хөгжиж байх ёстой. Зөвхөн үндэсний бөх байж болохгүй. Наадмаар тийм нэг нэр гаргалаа, ийм нэг нэр гаргалаа гээд л явдаг. Ер нь намайг очсоноос хойш энэ явдал хамаагүй цөөрсөн. Мэдэгдэж байгаа биз дээ. Яагаад гэхээр энд бол зүгээр нэг байгууллагын нэр гаргахдаа биш ерөөсөө энэ Зэвсэгт хүчний спорт гэдэг чинь өөрөө улс орондоо ч хэрэгтэй, Зэвсэгт хүчиндээ ч хэрэгтэй гэдэг тэр концепци л явах ёстой.
-Дэлхийн зэвсэгт хүчний хөгжил үнэхээр өндөр төвшинд хөгжиж байна. Улс гүрнүүдийн их чухал бодлого энд явж байдаг. Монголын Зэвсэгт хүчний шинэчлэл ямар төвшинд байдаг юм бол ?
-Шинэчлэлд бол бид хэд хэдэн юмыг их сайн бодох ёстой. Зэвсэгт хүчнийг байлгах гадаад аюулгүйн нөхцөл. Монгол Улс ийм том хоёр хөрштэй учир яаж ч бодсон Зэвсэгт хүчнээр улс орноо хамгаална гэдэг функц бол хэний ч төсөөлөлд орохгүй. Нөгөө талаас ийм аюул байхгүй. Түүхээрээ мөнхийн хөрш. Нөгөө талдаа Зэвсэгт хүчний шинэчлэлийг бид нар ямар хоёр төвшинд боловсруулсан бэ гэхээр нэгдүгээрт, арми гэдэг чинь ард түмэн. Ард түмэн өөрөө арми. Өөрөөр хэлбэл иргэн бүр өөрөө цэрэг. Ямар нэгэн хэмжээгээр. Нэг эмээ ч байсан цэрэг л байхгүй юу. Энэ улс орныхоо ирээдүй, тусгаар тогтнолын төлөө цайныхаа дээжийг өргөж байна гэдэг чинь л тэр хүн ямар нэгэн хэмжээгээр үүргээ гүйцэтгэж байгаа явдал байхгүй юу. Энэ утгаараа өнөөдөр цэрэгт явж байгаа залуучууд эх оронч иргэн болж төлөвшиж байна гэсэн үг. Энэ чинь нийгмийн институци. Тэр талаасаа энэ шинэчлэл явах ёстой. Одоо бүтээн байгуулалт руу татан оруулж байна. Энэ чиглэлд зөндөө юм хийсэн. Хоёрдохь нь юу вэ гэхээр яг мэргэжлийн цэрэг байх ёстой юу, байх ёстой. Энэ мэргэжлийн цэргийг бид нар өнөөдөр шууд дайн байлдаанд бэлдэх шаардлага байхгүй. Яах ёстой вэ гэхээр дипломатын аргаар, олон улсын идэвхитэй үйл ажиллагаа, идэвхитэй байр сууриар Монгол Улсынхаа тусгаар тогтнол, ирээдүйгээ баталгаажуулна. Үүнийг хэрэгжүүлэхэд яах ёстой вэ гэхээр дэлхий нийтийн энх тайван, дэлхий нийтийн Зэвсэгт хүчинд зориулсан зэвсэгт хүчин болгож хөгжүүлэх ёстой. Манайд үндсэндээ энэ шинэчлэл хийгдчихлээ шүү дээ. Одоо 1500 гаруй цэрэг Олон улсын энхийг сахиулахад алба хааж байна. Энэ нь өөрөө мэргэжлийн Зэвсэгт хүчнийг шинэчлэхэд маш том чиглэл явчихаж байгаагийн илрэл байхгүй юу. Хажуу талд нь бүтээн байгуулалтад орчихно. Ингээд үндсэндээ гол ерөнхий шинэчлэлийн эх нь тавигдсан гэж би бодож байгаа. Намайг анх ирэхэд телевизийнхэн армиар юугаа хийх юм, армиа татан буулгаач. Ер нь яах гэж байгаа юм, хэнтэй байлдах юм. Хэнд хэрэгтэй юм гэж асууж байсан. Ер нь тийм дуу хоолой чанга байлаа шүү дээ. Одоо бол тийм байр суурийг хайгаад ч олдохгүй. Ерөнхийдөө нийгмээрээ энэ зэвсэгт хүчний ерөнхий шинэчлэл, байр суурийг хүлээгээд авчихлаа шүү дээ. Хүлээж авахаас ч өөр арга байхгүй. Энэ угаасаа нийгмийн өөрийнх нь захиалга юм. Бид ч зохиогоод хийчихсэн юм биш.
ГЕРМАН ОРОН, ГЕРМАН ХЭЛ МИНИЙ НҮДИЙГ НЭЭСЭН
-Эрдэмтэд, зохиолчид, эгэл ардын хүүхдүүд Ардчилсан хувьсгалд оройлж оролцсон. Та бол тэдний нэг. Таны аав бол Монголын алдартай эрдэмтдийн нэг. Таны аав үзэл бодлын хувьд сонголттой тань зөрчилдөх юм гарч байсан уу. Ганц намтай, нэг хүнийг тахин шүтэж явсан тэр нийгмийн л төлөөлөл болох хүмүүсийн нэг шүү дээ ?
-Тэр үеийн, манай аавын үеийн хэсэг сэхээтнүүд байгаа юм. Зохиолч С.Эрдэнэ гуай ч гэдэг юмуу олон хүн байна л даа. Тэр үеийн нийгмийн л оюуны охь нь болсон улсууд. Эд нарт ямар нэгэн улс төрийн үзэл бодол хараад байхад байхгүй харагддаг. Эд нар бол Монголын тусгаар тогтнол, сэргэн мандалтын тэсрэлтэн дээр гарч ирсэн хүмүүс. Энэ хүмүүсийн үндсэн үзэл бодол нь тусгаар тогтносон, бие даасан, бусдын жишигт хүрч хөгжих ёстой Монгол орон нь л байсан. Энэний төлөө бол тэр ЗХУ нь ч байна уу, тэр социализм нь ч байна уу тэдний хувьд хамаагүй байсан. Завсрын юманд нэг их ач холбогдол өгдөггүй, ийм том үе байсан. Тэгж л бидэнд ойлгогддог. Тэр талаасаа ч энэ намтай, энэ улс төрийн бүх зүйлтэй маш их зөрчилддөг байсан. Тухайн үед үндэсний үзэлтэн нэр хүртэл авч асар их хохирч байсан шүү дээ. Системийн тэр хатуу хөтүүг хувь хүн дээрээ их үзсэн улсууд. Гэхдээ хэзээ ч хугараагүй. Монгол Улсын бие даасан,хараат бус байдал, Монгол Улсын ирээдүй, хэл, соёл, эх орондоо эзэн нь байх байдал, баялгаа мэдэх эрх чөлөө, ард түмнээ жинхэнэ утгаар нь дээдлэх энэ бүх эрмэлзэл, чин сэтгэл тэр хүмүүст гайхамшигтай сууж өгсөн. Бүгдээрээ малчин айлд төрж өссөн улсууд. Энэ түүх соёл нь агуу удмаар дамжиж ирсэн . Үнэхээр гайхамшигтай үеийнхэн л дээ. Тэр талаасаа тухайн үед намынхантай их зөрчилдөж байсан. Хэзээ ч ард түмэнтэйгээ зөрчилдөж байгаагүй, хэзээ ч үзэл бодлоосоо урваж байгаагүй. Зөвхөн зөрчлийн шалтгаан тэнд л байсан. Тухайн үеийн нам айхтар л юм ярьж байлаа шүү дээ. Дээл өмсөж болохгүй. Монгол гэж хэлж болохгүй, Чингис хааны тухай бүх яриа хориотой. Монголын үндэсний урлагийг бас хөгжүүлж болохгүй. Ер нь бол өөрийнхөө үндэсний үзлийг дорд үзсэн тийм л үзэл суртал байлаа ш дээ.
-Таны сонголтод яг яаж хандаж байсан бэ?
-Чухамдаа тэр сонголтыг чинь надад багаас төлөвшүүлж өгсөн л байхгүй юу. Үнэхээр ийм л байх ёстой гэж. Намайг ардчилал руу орж амжаагүй байхад Ардчиллын залуучууд манай аавтай ээлж ээлжээрээ ирж уулздаг байсан шүү дээ. Аавтай ирээд ярьдаг, зөвлөгөө аваад, юм яриулаад л явдаг байсан.
-Эцгийн хувьд юм хэлээгүй юу?
-Мэдээжийн хэрэг маш эрсдэлтэй юм руу орж байгаад надад санаа нь зовж харж байсан. Гэхдээ огт хориглоогүй. Чи ингэж яв гэж дэмжээгүй. Чи насанд хүрсэн, өөрийнхөө хувь заяаг өөрөө шийд гэж яг хэлээгүй ч байр сууриараа илэрхийлсэн. Ер нь бол үзэл бодол, итгэл үнэмшил, сонголтоороо яв гэдэг асуудлыг. Гэхдээ цаанаа маш их санаа зовж байсныг нь ээж дараа нь хэлсэн л дээ. Мэдээж хэцүү л дээ. Танк зэвсэг бүх юмаа бэлдчихсэн. Талбай дээр гэхэд ямар үйл явдал боллоо. Тэр үеийн Монгол гэдэг чинь бүх дэлхийгээс хамгийн бөглүү нь, Монголыг мэддэг хүн гэж байхгүй байсан шүү дээ. Энд хэдэн ялаануудыг тоншчиход хэн ч тоохгүй. Ер нь тэдэнд ямар нэгэн гарц байсан бол тийм фракц нь ялахыг үгүйсгэхгүй шүү дээ. Сүүлд нь бодоод байхад үнэхээр ямар ч гарцгүй юм чинь тэгж ялаад нэмэргүй л байгаа байхгүй юу. Дээрээс нь Ардчилсан хувьсгал ард түмний, олон түмний дэмжлэгээр шууд гарч ирж чадсан учраас ард түмний эсрэг зогсоход хэцүү ш дээ. Хэрвээ тэгээгүй тав, үсрээд арван мянган залуучууд давхиад байсан бол хэцүү л дээ. 100 гаруй мянган хүн цуглуулахад юм чинь нугаларчихдаг юм байна лээ.
-Та 23-р дунд сургуулийг төгссөн. Төгсөөд Герман руу явж сурсан. Таны сонгосон сургууль жаахан сонирхолтой санагддаг. Та 8-10-р анги төгсөх хүртлээ ямар мэргэжил сонгох вэ гэдэг асуудал бол гэр бүлийн хүрээнд ч, өөрийн толгойд ч эргэлдэж байдаг шүү дээ. Таныг мөрөөдлийнхөө сургуульд яваагүй, зөвхөн орныг нь сонгосон байж магадгүй гэж намтрыг чинь уншаад бодож байсан юм. Германы Бернаугийн Үйлдвэрчний эвлэлийн хөдөлмөрийн дээд сургууль гэдэг тэр сургууль мэдээж танд их юм өгсөн байх. Гэхдээ таны яг хүсч байсан сургууль мөн үү ?
-Миний мөрөөдлийн, тухайн үед хүсч байсан сургууль бол МГИМО. Би Гадаад харилцааны сургуульд л явахыг хүсч байсан. Гэвч тэр нь бол мэдээж маньд ногдохгүй шүү дээ. Тухайн үедээ манай аав зөвлөсөн юм. Шалгалт өгөөд надад Оросын Москвагийн их сургууль ногддог байхгүй юу. МГУ. Тэгсэн аав чи тэртээ тэргүй орос хэл мэднэ. Дахиад л орос хэл үзнэ. Тэрний оронд Германд явах нь зүйтэй. Тэгвэл бас нэг дэлхийн өөр хэл соёл мэднэ. Чи германд юу ч байсан хамаагүй л явах хэрэгтэй гэсэн. Тэгээд л би хувиараа солиод Герман явчихсан юм. Тэр үед олдсон хуваарь нь л тэр байсан. Гэхдээ би харамсаагүй. Яагаад вэ гэхээр нэгд Герман хэл бол маш чухал хэл. Миний нүдийг нээж өгсөн. Нөгөө талаас Үйлдвэрчин гэдэг бол гайхамшигтай салбар л даа. Үйлдвэрчин чинь яг өнөөдрийн Батлан хамгаалах, Гадаад харилцаа гээд бүх салбар луу ордог бүтэц байхгүй юу. Явцуурдаггүй, салаа мөчир шиг бүтэц. Бүх улсыг өөртөө бүтнээр нь багтаадаг учраас. Тэр тусмаа социалист оронд. Угаасаа үйлдвэрчин чинь социализмын сургууль нь учраас орохгүй юм байхгүй, үзэхгүй, хамаарахгүй юм байхгүй. Тийм учраас надад маш их юм өгсөн.
-Германд төгсдөг хүмүүс цөөхөн байсан. Германд төгсч ирсэн залууг харин яахаараа хөдөө, тэр Багануурт хуваарилсан юм бол. Та тэнд жил шахам хугацаанд ажилласан юм байна лээ ?
-Багануурт хагас жил. Тухайн үед хоёр шалтгаан байна. Нэг нь тухайн үед гадаадад төгсч ирсэн залуучуудыг Үйлдвэрчний байгууллага угаасаа хөдөө аль нэг газар зургаан сар ажиллуулдаг тийм журам байсан. Түүний дагуу явсан. Манай бусад төгсөгчдөд ихэнхэд нь хотод үлдэх боломж олгосон мөртлөө надад яаж ч хөөцөлдөөд хөдөө яв л гээд байсан. Тэгээд хоёр гурван газар санал болгосон. Би Багануурыг сонгож явсан. Тэгээд Багануурынхаа зургаан сарыг дуусгаад буцаад хот руу ороод ирсэн чинь дахиад хөдөө барилга дээр гаргачихдаг байхгүй юу. Тэгээд барилгачин болж нэлээд явдаг юм байна. Ер нь хэзээ дуусах нь бүү мэд. Би гайхаад байдаг. Сүүлд судлаад байсан чинь Германаас, манай сургууль чинь улс төрийн сургууль учраас бүх ирж байгаа оюутнуудад тодорхойлолт бичдэг юм байна л даа. Тэрэн дээр нь намайг үзэл бодлын хувьд нэлээд хөрөнгөтний нөлөөнд автсан, үнэнч биш энэ тэр гээд айхтар юм биччихсэн байсан юм байна лээ. (инээв) Тийм нууц тодорхойлолт өгдөг байсан юм байна лээ. Сүүлд гарч ирсэн. Тэгээд нөгөө нөхрийг чинь хүмүүжүүлэх ёстой гээд явуулаад байдаг. Бусад нь ерөөсөө зураан сар ажиллаад л ажилдаа орчихоод байдаг. Би л болдоггүй. Аав намайг загнаад "Чи гэж нэг юм ямар хэрэг хийчихсэн, яачихсан нөхөр вэ" гээд. Матаас энэ тэр дээр суурилсан тийм тодорхойлолт өгчихдөг байсан юм байна лээ л дээ. Тэгээд нэг өдөр ажиллаж л байлаа. Зун байсан юм. Тэгсэн чинь нэг барилгын материал ачдаг тээврийн жолооч "Цэдэнбалыг цаана чинь аваад хаячихлаа" гэж ярьдаг байхгүй юу. Бид чихэндээ үнэмшихгүй. Тийм юм бол толгойд багтахгүй шүү дээ. Энэ нөхөр галзуу юм байна гээд бодчихсон. Ерөөсөө төсөөлөгдөхгүй байгаа байхгүй юу. Сүүлд албан ёсны сонин энэ тэрээс харж үнэмшлээ. Тэгж байтал хорио ч тавигдлаа. 1984 оны сүүлээр л хотод орж ирсэн дээ.
-Дараа нь 1989 он болтол та энэ цонхоор харагдаж байгаа Үйлдвэрчний төв зөвлөл гэдэг газар ажилласан биз дээ?
-Тийм.
-Гэхдээ Үйлдвэрчний төв зөвлөл бол чухал байгууллага. Өөрийн сонин хэвлэлтэй, Монгол орныг хэрсэн том нэгжүүдтэй. Юу л бол юу хийж болохоор. Үзэл суртлын хувьд яруу алдарт намын нэг том багана нь байсан. Мэдээж таныг намд элс гэж байсан байх. Танд МАХН-ын батлах байдаг уу. Одоо энэ танай нөхдүүдийн нэлээд хэдэд нь байдаг шүү дээ.
-Надад байхгүй. Нөгөө л юм үргэлжилдэг юм байна лээ. Мэдээж би цол хамгаалмаар байдаг. Тушаал дэвшмээр байдаг. Тушаал ч дэвшиж болдоггүй, цол ч хамгаалж болдоггүй. Ямар хүн болдог юм гэсэн чинь намын гишүүн болчихвол болдог юм гэнэ. Тэгэхээр нь намд нь орох гээд үзэв ээ. Бас болдоггүй. Нөгөө хар дансанд нэр маань орсон явдал яваад байдаг юм байна лээ.
-Москвагийн Их сургуульд явсан бол таны амьдрал ямар байх байсан бол?
-Агуу их ЗХУ-д төгссөн бол арай л өөрөөр эргэх байсан байх л даа. Нөгөө янз бүрийн хөрөнгөтний нөлөө энэ тэр нь байхгүйгээр л хурдлана шүү дээ.
-Таны намтар дотроос Оюутны холбоонд байсан намтар их гоё санагддаг. Залуу, тэр үеийн Болдод илүү зохисон. Одоо таныг Оюутны холбоонд байсныг танай үеийнхэн их ярьдаг юм билээ. Тэгсэн мөртлөө Оюутны холбоонд байснаа та карьертаа нэг их ашиглаагүй юм шиг санагддаг. Оюутны холбоотой яаж явж байгаад холбогдсон бэ. Ер нь үйлдвэрчний төв зөвлөлөөс яагаад гарсан юм бол?
-Үйлдвэрчний төв зөвлөлд би эвлэлийн хорооны дарга байсан юм. Эвлэлийн төв хороотой нэлээд ажил төрлийн харилцаатай. Тэгэхэд Оюутны холбоо бие даана гээд, тэгээд тэнд ажиллах уу гэж надад санал болгодог юм. Би ч бөөн баяр. Оюутны холбоо, залуучуудын байгууллага гээд сэтгэл тэр чигээрээ татагдаж байгаа юм чинь. Тэнд нөгөө хар данс манс хамаагүй шүү дээ. Дэвшиж болдоггүй, гадагшаа явж болдоггүй, намд элсч болдоггүй айхтар хар данс яваад байдаг. Тэгээд тийшээ бөөн баяр очсон. Тэгээд Оюутны холбоонд орлогч даргаар сонгогдоод, төдөлгүй Ардчилсан хувьсгалтай залгасан. Манай нөгөө оюутнууд чинь бүгд давхиад орчихсон. Тэгээд л оюутнуудаа тэр дунд хөтлөөд л Ардчилсан хувьсгал руу давхиад орчихсон доо. Оюутны холбоонд хоёр жил сайхан ажилласан шүү. Олон сайхан залуучуудтай ойртож нөхөрлөсөн. Миний амьдралын хамгийн сайхан үеүдийн нэг.
АНХНЫ ШИНЭ ҮЕИЙН БОЛОВСРОЛЫН ХУУЛИЙГ ЭХ БАРЬЖ БАЙЛАА
-1990-1992 онд та Ардын их хурлын депутат, Улсын бага хурлын гишүүн. Ардын их хурлын депутат болоход та хаанаас сонгогдсон юм бэ?
-Багануураас.
-Одоогийн улстөрчдийн намтраас Улсын бага хурлын гишүүн, Ардын их хурлын депутат байсан гэдэг намтартай хүмүүс эрс ялгарч харагддаг. Тэд бол алтан намтартай улстөрчид. Тэр үед харин та нар энийгээ яг юу гэж ойлгодог байсан юм бэ?
-Тэр үед нөгөө айхтар хувьсгалын үе байсан юм чинь зүгээр л том тэмцэл, сэтгэлийн хөөрөл дунд байсаар байгаад дууссан ш дээ. Аргагүй шүү дээ. Цоо шинэ улсыг бий болгож байна шүү дээ. Бүх юм эргэчихсэн. Үндсэн хуулиа хийгээд л. Бүх юм цоо шинэ. Тэр үед надад чинь Боловсролын хууль хариуцуулчихсан. Анхны шинэ үеийн Боловсролын хуулийг чинь би эх барьж авсан байхгүй юу. Бүх талаас нь яриад бүхэл бүтэн шинэ Монголын, шинэ боловсролын системийг бий болгох хуулийг бичиж байгаа явдал. Өдөр болгон ажиллана. Үг үсэг болгоныг нь цээжилнэ. Үнэхээр том хүмүүжил болж байгаа юм чинь. Үндсэн хууль хийнэ гэдэг бол хэр баргийн хүнд тохиолдох хувь заяа биш л дээ. Өчигдөрхөн талийгаач болчихож байгаа манай Б.Чимэд гуай байна. Үнэхээр агуу хүн. Ерөөсөө л мань хүний бүтээл шүү дээ. Энэ цагийн үнэхээр агуу хүн байлаа даа.
-Улсын бага хурал гэж юм руу орохдоо тэр үедээ ямар байгууллага гэдгийг нь ч мэдэлгүй орцгоож байсан. Жишээ нь, миний том ахыг тэр үедээ Булганы залуучуудаас сонгож уулзаад Улсын бага хурал руу орох уу гэж санал тавьж байсан. Тэгэхэд ах маань Булганд анхны Гаалийн байгууллагыг байгуулъя, анхны дарга нь болъё гээд аавын зөвлөгөөг дагаад л эзгүй газар луу яваад өгчихөж билээ. Тэгээд байгуулаад дууссан чинь Оросын хил нээгдээгүй. Хөгжилтэй түүх байгаа биз. Эргээд дурсахаар тэр үеийн хүмүүсийн төвшин харагддаг юм. Улсын бага хурал руу орохыг та жишээ нь яаж шийдсэн бэ?
-Бөөн тэмцэл хөдөлгөөн болж байлаа шүү дээ. Тэгээд гуравдугаар сарын 9-нд Ардчилсан хувьсгал ялчихаад үндсэндээ дахиад л хэцүү нөхцөл байдал бий болчихож байгаа юм. Нөгөө систем хэвээрээ. Энийг чинь бид нар чөлөөт сонгуулиар өөрчлөнө гээд явсан. Тэр үед Оюутны холбоо нэлээд идэвхтэй байр суурьтай байсан. Нэлээд олон жагсаал цуглаан хийсэн. Шударга сонгууль байх ёстой, шударга төрийн тогтолцоо байх ёстой гээд л. Нэг шууд ярилцлага хийдэг дээ. Дөрвөн хүчин сууж байгаад. Д.Содном гуай, Д.Бямбасүрэн гуайтай. Тэгээд дараа нь дөрөвдүгээр сарын 25 шиг санагдаж байна. Бас дахиад Б.Чимэд гуай, хэн хэн ч билээ телевизийн шууд ярилцлагад ордог байхгүй юу. Тэрэн дээр бид нар гарын үсэг зурдаг юм. Чөлөөт сонгууль хийе, шударга сонгууль хийе. Байнгын парламенттай болъё гээд. Бидний тавьж байсан шаардлага бол ерөөсөө л байнгын парламент, Улсын бага хурал гэж байгуулах. Тэгэхгүй бол Ардын их хурал гэхээр мэдээжийн нөгөөдүүл олонхи болж сонгогдоно. Ингээд л зүтгэсэн. Бид хамтарч бий болгосон. Урвагчаараа дуудуулаад л явсан. Ингээд Ардын их хуралд сонгогдлоо. 10 хүрэхгүй хувь нь Ардчилсан хүчнээс сонгогдсон. Гэхдээ парламентад бид нар чинь бараг 40 хувь авчихаж байгаа байхгүй юу. Нөгөө талаас арай ухамсартай хэдэн хүнээ л аргалаад байхад бүх хуулийг бид хийнэ шүү дээ. Би Ардын их хуралд орохдоо зөвхөн Улсын бага хурлын гишүүн болохын тулд л орно гэж сонгуульд орсон юм. Бүх ардчилсан хүчнийхэнтэй тохироод. Тэгэхэд чинь Э.Бат-Үүл, С.Зориг эд нар чинь өө, албан тушаалд очихгүй очихгүй гээд. Бүгд л ухраад. Тэгээд би тэр парламентад чинь орж ажиллана гээд орсон. Тухайн үед парламент гэдгийг ойлгож байгаа хүн ч цөөхөн. Миний хувьд авч байсан мэдээлэл, тухайн үед уншиж байсан ном, боловсрол тэр бүхнийхээ хүрээнд үнэхээр парламентын ач холбогдлыг бага хэмжээгээр мэдэрч байсан л даа.
-Одоо манай парламентад Улсын бага хурлын гишүүдээс хэдэн хүн байгаа вэ?
-Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, С.Баярцогт гээд дөрөв, таван л хүн байгаа байх.
-1996-2000 онд та УИХ-ын гишүүн байсан. Энэ тухайд зөндөө л ярьсан байх. Маш сонин парламент байсан. Маш сонин үйл явдлууд болж өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, Ардчилсан хүчний өөрийнх нь хүчийг сорьсон үе байсан. Та бас 1996 онд "Бодь интернэшнл" гээд анх компаниа байгуулж байсан юм байна лээ.
-1993 он.
-Тийм үү. Би интернэтээс харж байсан юм. Тэгээд энэ хоёр он яагаад давхцсан юм бэ гэж асуух гээд бэлдэж байлаа?
-Үгүй ээ, үгүй. Давхцсан бол тэр чинь эвгүй шүү дээ. 1992 онд бид сонгуульд ялагдлаа. Жил орчим ажилгүй, цалингүй явсан. Би чинь бас төрийн хүн гээд маш их ажил гуйж явсан шүү дээ. Ажил өгөөгүй. Угаасаа муусайн ардчиллынхан гээд халгаахгүй. Засаг авчихсан, бяр нь амтагдаад сонин байсан биз. Жил орчим тэгж явсан. Тэгээд 1993 онд компани байгуулъя даа, ингэж явах нь яршиг гэж шийдсэн. Нэгэнт эрх чөлөөгөө авсан. Эд нараас юм гуйгаад яах юм. Тэгээд л бизнес хийж эхэлсэн. Компьютер зөөгөөд л эхэлсэн дээ.
-Суурь мөнгөө та яаж олсон бэ. Оюутан байхдаа хураасан уу?
-Үгүй. Тухайн үедээ ганзага манзага л хийж байсан. Жаахан зээл ч авсан. Эгч дүүсээсээ зээл авсан. Тэгээд ч бизнес гэдгийг чинь 2000-5000 долларт л эхэлж байлаа шүү дээ. Их мөнгө. Германтай л голдуу ажилласан даа. Банк санхүү гээд компаниудтай харьцахад парламентын гишүүн байсан хүн гээд очиход шал өөр л хүлээж авч байгаа байхгүй юу. Энд юу ч үгүй мөртлөө тэнд чинь том бизнестэй л гэж очно шүү дээ. Тэгээд л бизнесээ эхлүүлсэн. Залгаад 1995 онд "Голомт" банкыг байгуулсан. Үндсэндээ бол бизнесээ хөл дээрээ босгосон. Тэгээд дараа нь 1996 онд парламентад орсон. Тэрнээс парламентад ороод бизнесээ эхлүүлсэн юм байхгүй. Таны олж уншсан баримтууд ташаа баримтууд байна.
-Та тэгвэл интернэтэд байгаа намтраа засуулах ёстой юм байна. Таны улс төрийн түүхэн дэх нэг гоё шигтгээ бол Олон улсын парламентын холбоотой холбогдсон түүх байдаг л даа. Зарим гишүүн ярьдаг л юм байна лээ. Юун тэр олон улсын парламентуудын холбоо молбоо гэж мэдэхгүй. Манай Болд л баахан ач холбогдол яриад яваад байдаг байсан. Бид ойлгодог ч үгүй, мэддэг ч үгүй байсан гэж. Тэр үед та ОУ-ын парламентын холбооны Ази номхон далайн бүсийн дарга болж байсан. Энэ түүхэнд тань үнэхээр хүндэтгэлтэй ханддаг юм.
-Тухайн үед парламентад ороод, Засгийн газарт орох тийм бололцоо ч байгаагүй. Миний хувьд 1990 онд ч парламентаа шүтдэг, парламентаа хүндэтгэдэг байсан. Парламентын байр суурь Монголд үнэхээр маш чухал гэдэг нь ойлгомжтой. Энэний гадаад харилцаа ямар чухал гэдэг нь мөн ойлгомжтой. 1990-1992 онд манай талийгаач С.Зориг чинь Монголын парламентын бүлгийн дарга боллоо шүү дээ. Тэгээд тэр бодлогыг дэмжиж нэлээд хамтарч ажилладаг байсан. Олон улсын хурал эд нарт очоод, ирээд л. Тэрийгээ нөхөддөө яриад л. Тэр байгууллагын удирдлагад орох алсын мөрөөдөл байна. Лав 20 жил байна гэж ярьдаг байлаа шүү дээ, бид. Одоо энэ Б.Алтангэрэл гэж Америкт сууж байгаа Элчин сайд чинь гэхэд манай гадаад хэлтсийн дарга байсан. Тэгээд би 1996 онд өөртөө нэг зорилго тавьсан. За, энэ парламентад би юу хийх вэ. Миний хийж чадах, улсдаа хийж бүтээж чадах юм юу байна, тэр мөрөөдлөө бүтээж үзвэл яасан юм. Ер
0 comments:
Post a Comment