“Хуурамч тэмдгийн сүлжээ байна”

"Монгол кино" нэгтгэлийн захирал Ж.Солонгыг барилгын эзэдтэй хуйвалдан төрийн газрыг хууль бусаар ашигласан, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутган, тус байгууллагын Ахмадын хобооноос түүнийг Авлигатай тэмцэх газарт шалгуулсан. Энэ талаар "Монгол кино" нэгтгэлийн захирал Ж.Солонготой ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газарт шалгасан хэргийн талаар яриагаа эхэлье. Таныг яг ямар хэрэгт сэжиглэсэн юм бэ?

-"Монгол кино" нэгтгэлийн Ахмадын холбооноос намайг хэд хэдэн хэрэгт буруутган, Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгуулах хүсэлт илгээсэн байсан. Авлигатай тэмцэх газар, нийслэлийн прокурорын газар гомдлыг шалгаж үзээд шалгах шаардлагагүй гэх шийдвэрийг гаргасан. АТГ-т бүх баримт бичгээ үзээлж, тайлбараа хийсэн.

-"Монгол кино" нэгтгэлийн 6.5 га газрыг барилгын компаниудад хууль бусаар эзэмшүүлсэн гэх мэдээллийг тайлбарлана уу?

-Хуучин социализмийн үед "Монгол кино" нэгтгэлийн мэдэлд 4.5 га газар байсан, хожим нь буюу Чингис фильмийн үед манайд 2.8 газар үлдсэн. Энэ газар өнөөдрийг хүртэл энэ хэвээрээ байгаа. 2000 онд Цэргийн госпиталийн зэргэлдээ талд Батлан хамгаалахын яам, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагууд ажилчдын орон сууц гэх нэрийдлээр барилга бариулж эхэлсэн. Тэр үед бид "Энэ газар бол "Монгол кино" нэгтгэлийн газар гэж зарга үүсгэсэн. Гэтэл хотын захиргаанаас "Танайх байгууллага газар дээрээ өөр компанийн барилга бариулж  болно.  Хэсэг газрыг хот төлөвлөлтөд хамруулъяа" гэсэн. Манай газрыг 2002, 2005 онуудад Хот төлөвлөлтөд оруулсан байдаг юм. Хот төлөвлөлтөд орно гэдэг нь хашаандаа өөр нэгэн компанийн барилга бариулж болно гэсэн үг шүү дээ. Хуулийн дагуу бид 2008 онд "Зүмбэр орд" гэдэг компанийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

-Барилга бариулсны хариуд 10 орон сууц авах тухай гэрээ байсан уу?

-Тийм, "Манайд хот төлөвлөлтөд орсон ийм газар байна. Та бүхэн энэ газар дээр барилга барь. Хариуд нь манай ажилчдад 10 байр өгчих" гэсэн гэрээ байсан.  Гэтэл "Зүмбэр орд"-ынхон гурван жил барилгаа барьж дуусмагцаа гэрээний дагуу орон сууц өгч чадахгүй гэсэн. Бид "Зүмбэр орд" компанитай жил найман сар заргалдсаны эцэст буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд гурван шатны шүүхийн шийдвэрээр орон сууцаа авахаар болсон юм. Намайг АТГ-т шалгуулж, элдэв мэдээлэл тараагаад байгаа нөхдөд энэ байрнаас өгөөгүйд тэд шаралхаад байгаа юм. Мөн "Үйзэм" гэх компанитай яг үүнтэй ижил гэрээ хийсэн. Гэхдээ барилгын ажил нь хараахан дуусаагүй байна. "Зүмбэр орд" орон сууцад манай ахмад ажилчдаас ороод эхэлсэн.

-Ямар шалгуураар ажилчдыг оруулж байгаа вэ?

-Цех тасгаараа хуралдаж ахмад ажилчдыгаа эхний ээлжинд оруулж байна. Одоогоор гавъяат зураач н.Цогзол, лабораторын цехэд эхнэрийн хамт олон жил ажилласан н.Доржгомбо зэрэг 13 хүн ороод байна. 

-Нийт хэдэн хүнийг байранд оруулах вэ?

-Анх төлөвлөгөөний зураг төсөл гарч байх үед арван байр гэж тохирсон байдаг. Харин зохих журмын дагуу буюу талбайгаар нь бодоод үзэхэд хоёр барилгын компаниас нийт 16 байр авах юм. 

-Ажилчид орон сууцанд орохдоо нийт үнийн 40 хувийг төлж байгаа гэж үнэн үү?

-Үнэн. Тэр мөнгө "Монгол кино" нэгтгэлийн дансанд орж байгаа. Хоёр өрөө байрыг хорь гаруй сая төгрөгөөр авч байна гэсэн үг шүү дээ. 

-Ажилчиддаа хуурамч СТА ажилтан цол, тэмдгийг гардуулсан гэх хэрэг мөн яригдаж байгаа. Энэ талаар? 

-Манай ажилтан Ш.Ооёо "Найруулагч Д.Жигжид гуайн сангаас эдгээр хүмүүсийн нэрийг дэвшүүлээд, яамнаас СТА цол, тэмдгээр шагнахаар болсон байна. Үнэмлэх нь гарчихсан байгаа юм, тэмдэг нь хараахан гараагүй байгаа юм" гээд намайг  Цагаан сарын баярыг тохиолдуулаад гардуулахыг хүссэн. Би ч яахав, ажилтнууддаа  шагналыг гардуулсан. Гэтэл СТА-ны үнэмлэхээ авсан манай ажилтан н.Дэлгэрэх тэмдгээ авахаар яаманд очтол хуурамч болох нь тогтоогдсон.  Би энэ тухай мэдмэгцээ Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газарт хандаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа.

-Хэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бол?

-Манай лабораторийн эрхлэгч н.Ооёод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн. Н.Ооёо болохоор яаманд ажилладаг хүн өгсөн гэж мэдүүлсэн, тэр яамны ажилтанг одоо хайж байгаа гэсэн.

-Үнэмлэхний хавтас өнгө цэнхэр байсан гэсэн. Та үүнийг анзаараагүй юу?

-Мэдсэн. Би мэдээж дөрвөн хүний үнэмлэх хуурамчаар хийгэд маргааш нь баригдахаа мэдсээр байж явна гэж юу байхав дээ. Миний ойлгосноор хуурамч үнэмлэх хийдэг нэг сүлжээ байгаа юм.

Хавтасны өнгөний тухайд, н.Ооёо үнэмлэхийг авмагцаа сейфэндээ хадгалсан байгаа юм. Гэтэл хавтас дээр нь бал асгараад үнэмлэхний хавтасыг бохирдуулчихаар нь дэлгүүрээс өөр үнэмлэхний уут авч, сольсон гэж надад хэлсэн юм. Гэхдээ гол зүйл нь үнэмлэхний хавтасанд бус, сайдын гарын үсэг, улсын дугаарыг хэн хуурамчаар үйлдсэн бэ гэдэг нь л чухал юм. 

-Та хэдэн хүнийг СТА цолоор шагнаж байсан бэ?

-Би "Монгол кино" нэгтгэлийн захиралаар ажиллаж байгаа арваад жилийн хугацаанд 50 гаруй хүнийг шагнасан. Уг нь бол СТА-ыг соёл урлагийн салбарт 20-30 жил ажилласан хүнд өгдөг цол юм шүү дээ.

-Монгол кино үйлдвэрийн хувцас хэрэгсэл, техник  аппарат алга болсон гээд байгаа.

-Манай урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач н.Цогзол гуай манайд 54 жил ажиллаж, жижиг хэрэглэлийг хадгалж, бүртгэсээр ирсэн. Ямар ч хувцас, жижиг хэрэгсэл хулгайд алдагдаагүй гэдгийг гэрчилнэ.  Жилд хоёр удаа эд хэрэглэлийн тооллого болдог, хулгайд алдах, алга болох гэх ямар ч ойлголт байхгүй. Намайг гүжирдээд байгаа нөхөд намайг хаадын хувцас алга болгосон гээд байгаа. Монгол улсад ганцхан л хааны хувцас байдаг, энэхүү Богд хааны хувцас Богдын музейд хадгалагдаж байгаа.

-Улсаас жилд танай байгууллагад хэдэн төгрөг төсөвлөдөг вэ?

-Соёл урлагийн байгууллагууд дотроос "Монгол кино" нэгтгэл ганцаараа улсаас нэг ч төгрөг авдаггүй. Улсын цирк манайх хоёрыг 1992 онд улсаас өгдөг төсвийг зогсоож, аж ахуйн байгууллага болгосон. Улсын цирк хувьчлагдсан, манай байгууллага бол нөөц бололцоогоороо зүтгэсэн. Бид улсаас нэг ч төгрөг авдаггүй мөртлөө өнгөрсөн жилд л гэхэд улсад 103 сая төгрөгийн татвар төлсөн.

-Хэрхэн санхүүждэг вэ?

-Засгийн газрын захиалгаар "Түүхийн хүрд" гэдэг киног 1940 оноос эхлэн хийж байгаа. Монголын бүх түүх энд үлддэг. Нэг сард бид 10 минутын хамгийн чухал үйл явдлыг авч, фондлон хадгалдаг. Мөн түүхэн сэдэвтэй Одоо бид нэрт яруу найрагч Б.Догмидын зохиолоор "Талын зам 505" нэртэй түүхэн сэдэвт уран сайхны кино бүтээж байна. Энэхүү кинонд 1940 оны сүүлчээр манай улсын төмөр замыг  барьсан ОХУ-ын 80 мянган хоригдлын тухай өгүүлэх юм. Киноны зураг авалт 80 орчим хувьтай байгаа. Энэ зун үзэгчдийн хүртээл болгохоор зэхээд байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

0 comments:

Post a Comment