ULAANBAATAR: WORLD CHAMPOIN

Монголын жүдочдод, Монголын жүдо бөхийн холбоонд итгэл үзүүлэхэд бэлэн байдгаа Дэлхийн холбоо /IJF/ нь илэрхийлэв.
Хэдийгээр албан ёсны шийд гараагүй, энэ тухай санал солилцож байгаа гэх мэдээлэл байгаа боловч 2013 оны жүдо бөхийн ДАШТ-ийг Монголд зохион байгуулах боломж байгаа эсэх талаар IJF /Олон улсын жүдо бөхийн холбоо/ манайд ханджээ. Энэ тухай Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга twitter-т жиргэж, "Албан ёсны хариу хүлээж байгаа" хэмээсэн нь одоо спорт сонирхогчдын хүлээж буй хамгийн анхаарал татсан сэдэв болоод байна.

Уг нь бол энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын сүүлээр Бразилын Рио де Жанейро хотод болохоор төлөвлөгдсөн юм. Гэвч зарим улс орны зүгээс "Бразил улс 2016 оны олимп зохион байгуулна. 2007 онд мөн жүдогийн ДАШТ-ийг эх орондоо авсан. Бразилд тэмцээн зохион байгуулах эрх ойрхон давтамжтай очиж байна" гэх мэт санал, гомдол гаргасны дагуу IJF тэмцээний календарчилсан төлөвлөгөөгөө эргэн харж, гурван улсад 2013 оны ДАШТ-ийг хүлээж авах боломж байгаа эсэх асуудлаар ханджээ. Энэ гурван орон нь Монгол, Казахстан, Испани бөгөөд анхнаасаа эрх авсан Бразил улсыг ч тэмцээн явуулах эрхийн өрсөлдөөнд хэвээр үлдээсэн байна. Харин эдгээр орны алийг нь сонгосноо IJF ойрын өдрүүдэд тодорхой болгож, жүдочдын хариу хүлээж буй асуултыг нэг тийш болгох бололтой.
Монголын жүдо бөхийн холбооны хувьд нэгэнт IJF-ээс санал хүлээж авсан тул энэ талаар байр сууриа илэрхийлж, бэлтгэл ажлын төлөвлөгөө боловсруулан олон улсын холбоонд хариу явуулсан байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр ДАШТ-тэй холбоотой асуудлыг хэлэлцэх хурал, 2013 онд зохион байгуулах тэмцээнүүдийн бэлтгэл ажлын талаарх тайлан сонсох уулзалтууд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болжээ. Энэ хуралд ДАШТ-тэй холбоотой асуудал болоод энэ онд Улаанбаатар хотод зохион байгуулах "Ulaanbaatar Grand Prix" тэмцээний бэлтгэл ажлын талаар танилцуулахаар Монголын жүдо бөхийн холбооны төлөөлөгчид ч оролцоод ирсэн байна. Хурлын үр дүн, шийдвэрийн талаар удахгүй албан ёсны мэдээллийг IJF болоод Монголын жүдо бөхийн холбоо олон нийтэд мэдээлэх биз ээ.
Юутай ч дэлхийн 200 гаруй оронд жигд хөгжсөн олимпийн төрлийн спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахын тулд дэд бүтэц, барилга байгууламж, аюулгүй байдал гээд өндөр хэмжээний олон шаардлагыг хангах ёстой болно. Тэгэхээр шууд утгаараа бол ирэх намар болох ДАШТ-ий эрхийг авахын тулд "Бидний бэлэн байдал юу билээ" гэдэг нь Монголын жүдо бөхийн холбооныхноос эхлээд спортын шат шатны байгууллага, Засгийн газрын хэмжээнд яригдах асуудал болж таарна. Нөгөө талаар ДАШТ-тэй холбоотой санал тавьж байгаа нь өөрөө Монголын жүдо бөхийн холбооны үйл ажиллагаа болоод Монголын тамирчид бүх жинд тэгш, өндөр амжилт үзүүлж байгаагийн илэрхийлэл гэдгийг бид хүлээн зөвшөөрч, энэ удаа биш юм аа гэхэд ирэх жилүүдэд ДАШТ-ийг эх орондоо авахын тулд бодлоготойгоор хөдлөх хэрэгтэй гэдгийн сануулга юм. Тэгээд ч 2013 оны ДАШТ-ийг үгүй юм гэхэд 2015 оны ДАШТ-ийг Улаанбаатарт хотод зохион байгуулах бүрэн боломж байгааг онцлох нь зүйтэй. Учир нь IJF-ийн Удирдах зөвлөлийн хурлаас ирэх жилийн ДАШТ-ийг ОХУ-ын Челябинск хотноо зохион байгуулах шийдвэр гаргасан байгаа бол 2015 оны тэмцээнийг аль улсад өгөхөө хараахан тогтоогүй байгаа юм. Хэдийгээр Бразилын олимпийн өмнөх жилийн ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө Бразилийн Сау Паулу, Японы Токио хотууд өрсөлдөж байгаа ч энэ хоёр улсын өмнүүр Монголыг оруулах магадлал өндөр байгаа билээ.
Х.Баттулга: 2013 оны жүдо бөхийн Насанд хүрэгчдийн Дэлхийн аваргыг Улаанбаатарт зохион байгуулна. Удахгүй хариу ирнэ. @BattulgaKh
Х.Цагаанбаатар: IJF Монголын жүдо бөхийн холбоонд ДАШТ-тэй холбоотой санал тавьсан нь МЖБХ-ны ажлыг олон улсад өндрөөр үнэлдгийн илрэл, Монголын тамирчид бүх жинд тэгш амжилт үзүүлж байгаагийн үнэлэмж гэж бодож байна. Олимпийн төрлийн спортын ДАШТ-ийг эх орондоо авах нь маш олон талын ач холбогдолтой. Энэ оны ДАШТ-ийг аль улсад өгөхөө IJF хараахан шийдээгүй байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа.
Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын тамирчид:
- О.Балжинням: 1989 оны ДАШТ-ээс мөнгөн медаль
- Д.Баттулга: 1989 оны ДАШТ-ээс хүрэл медаль
- Х.Эрдэнэт-Од: 2005 оны ДАШТ-ээс хүрэл медаль
- Х.Цагаанбаатар: 2009 оны ДАШТ-ээс алтан медаль
- М.Бундмаа: 2010 оны ДАШТ-ээс хүрэл медаль
- Х.Цагаанбаатар: 2010 оны ДАШТ-ээс хүрэл медаль
С.ЦЭЛМЭГ
0 comments:
Post a Comment