Газар, мөнгөний гарз гаргасан Д.Загдсүрэн

Газрын гэрчилгээ, кадастрын зураг хараад байхад хэмнэнэ, хэмлэнэ гэхэд арай ч дээ л гэмээр хэмлэлтийг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хийжээ.

2004 оны аравдугаар сарын 6-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 455 тоот захирамжаар МҮОХ-нд олгосон 70 га газрын үлдэгдэл  0.03 га гэдэг нь ердөө л олимпийн хорооны туг намируулсан цагаан байшингийнх нь байгаа газар.

Газар болон хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэргээр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн болоод тус байгууллагын хуулийн хэлтсийн дарга, хувийн хэвшлийн ажилтан нарын гурван хүнийг Авлигатай тэмцэх газраас Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа.

Эрхэм Д.Загдсүрэн газрын наймаачин болох гараагаа 2008 онд амжилттай тавьжээ. Тодруулбал 2008 оны 8 сарын 25-нд 3,6 га газраа "Нийслэл өргөө" ХК-д тасдаж өгсөн байна. Ингээд иргэн М.Сугарсүрэн, Г.Дашдэндэв, Н.Базардаргиа нарт 2011 оны дөрөвдүгээр сарын 21-нд 50 орчим га газар шилжүүлжээ. Энэ үеэс л Д.Загдсүрэн газрын наймааны амтанд орсон бололтой байдаг.

Болоогүй, Олимпийн хорооны дэргэд баригдсан Тамирчдыг нөхөн сэргээх төвдөө ч энэ цаг үеэр 3 га газар өгч өмч тасалсан байдаг.

Тамирчдыг нөхөн сэргээх төв ч гэж Улсын бүртгэлийн 9011156003 тоот гэрчилгээтэй, 2008 оны тавдугаар сард байгуулагдсан, Батсүхийн Наранцэцэг гэсэн ганц үүсгэн байгуулагчтай гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхлэх хязгаарлагдмал хариуцлагатай компани байх юм.

Энэ сүртэй нэртэй төв гэх компанийн эзэн тэрхүү Б.Наранцэцэг нь Д.Загдсүрэнгийн итгэлт хүн агаад хулийн зөвлөх нь байсан, МҮОХ-ны Захиргааны албаны дарга гэсэн албан тушаалтай агаад өдгөө хамт баривчлагдан, саатуулагдаад байгаа юм.

Байгуулагдсан цагаас нь хойш дэлхий дахинд улс орныхо нэрийг гаргах ёстой нэг ч тамирчин нөхөн сэргээгдсэнгүй. Компани юм чинь арга ч үгүй биз. Харин ч МҮОХ-ноос нэг сая төгрөгийн дүрмийн сантай туслахынхаа компанид Д.Загдсүрэн Олимпийн хорооны газраас 3 га-г найр тавин өгч, 50 сая төгрөг ямар ч нэхэмжлэлгүй шилжүүлсний цаана маш их ээдрээ байгаа нь тодорхой. Үүнийг нь ч 2010 онд МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн гишүүн Ч.Басбиш илрүүлж байсан ч өдгөө хүртэл хуулийн байгууллагынхан сөхөж байгаагүй аж.

МҮОХ уг нь өнгөрсөн намар хурлаа хийж чөлөөт сонгууль явуулсан ч алдарт Д.Загдсүрэн ахиад сонгогдсон. Чөлөөт санал хураалт гэдгийн гогцоо нь 21 аймаг, хотын дүүргүүдэд Олимпийн зөвлөл гэж байгуулаад өөрсдийнхөө хүнийг томилдог байна. Тэр хүмүүс нь санал өгч байгаа болохоор эргээд гаралгүй яах вэ. Хурлын дараа Олс таталтын холбооны хүндэт ерөнхийлөгч, Даам болон Бадминтоны холбооны дэд ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ дараахь ярилцлагыг өгч байв.

Ч.БАТ-ЭРДЭНЭ:  2004 оноос хойш Д.Загдсүрэн даргыг дүрмээрээ ажиллаач ээ гэсэн шаардлага тавьсан. Тэр нь Монголын үндэсний олимпийн хороо, Азийн олимпийн зөвлөл, төр засаг мөн олон хувийн хэвшлийн компаниудаас ивээн тэтгэлэг орж ирдэг. Тэр орлого нь их, бага байх нь огт хамаагүй. Харин ном журмын дагуу олон улсын олимпийн хорооны дүрэмд заасны дагуу тайлангаа тавиачээ гэсэн ганцхан шаардлагаас болоод намайг хавчиж эхэлсэн. Саяын хурал үнэхээр хурал болж чадсангүй. Олимпийн дүрэм, журамд нийцэхгүй зүйл болсон. Хөдөө орон нутгаас маш олон хүмүүс утасдаж "Манайд ямар ч хурал болоогүй шүү. Нэг хүнийг дээрээс заагаад, томилоод явуулчихдаг юм шүү" гэж байна лээ. Орон нутагт хуваарилагдах ёстой нөөц хөрөнгийг тухайн өөрийг нь дэмждэг хүмүүст нь зарцуулж байгаа. Тийм болохоор тэд энэ хүнээ байлгах сонирхолтой байдаг гэж бодоод байгаа юм. Д.Загдсүрэн гадаад руу томилолтоор явахдаа өөрийг нь тойглодог хүмүүсийг ээлж дараалан багийнхаа бүрэлдэхүүнд багтаан авч явдаг. Ингэж өөртөө сайн хүмүүсийн ачийг хариулдаг гэх үү дээ. Үүнийг жижиг хэлбэрийн мафижсан үйлдэл гэж нэрлэж болно. Олон улсын олимпийн хорооноос Ж.Отгонцагаанд бичиг ирсэн байна лээ. Хуулбар нь надад бий.

-Ямар учиртай бичиг вэ?

-Үндэсний олимпийн хороо өөрсдийн дүрмээр бүх зүйлээ зохицуулна. Гэхдээ гадны маш олон олимпийн хороо Ерөнхийлөгчийн сонгуульт хугацааг хязгаарлах тухай дүрмэндээ оруулж байгаа. Олон улсын олимпийн хорооны дарга хоёр удаа сонгогдоод л хугацаа нь дуусна гэсэн утга бүхий бичиг. Манай олимпийн хороонд өгсөн чиглэл гэж ойлгож байна. Гэтэл дээд байгууллагынхаа үгийг тоохгүй уландаа гишгэж байгаа гэж үзэж болно. Манайхан Бээжингийн Олимпоос гурван алтан медаль хүртсэн. 30 алтан медаль хүртсэн ч хамаагүй энэ хүн дүрмийнхээ дагуу ажлаа хийх ёстой. Монгол Улсын төр засаг, татвар төлөгчдийн мөнгөөр буюу Монголын ард түмний хөлс хүчээр олимпийн алтан медальтай болсон. Олимпийн хорооны үүрэг бол олимпод тамирчдаа оролцуулах юм. Д.Загдсүрэн гэдэг хүний гавьяа үүнд бий байх. Гэхдээ олимпийн амжилтууд бүгд энэ хүнийх биш. Би тэгсэн гээд өөрийгөө тодорхойлж гавьяат болсон хүн бол Д.Загдсүрэн шүү дээ. Угтаа бол Монголын ард түмний гавьяа гэжээ.

Үнэхээр ч Монголоор овоглосон олимпийн хороо болохоор энэ хороонд олон улсын олимпийн хорооноос асар их тусламж дэмжлэг ирдэг байна. Азийн олимпийн хорооноос ч гэсэн. Онцлог нь энэ бүгд эзэндээ хүрдэггүй, удирдлага хавьцаа шингээд өнгөрдөг байсны зах зухаас олон нийт мэдэж эхэлж байна.Д.Загдсүрэн ба түүний нөхөд Монголын нэрийг дэлхийд тахлаад байгаа бол хамаа алга, дуугүй өнгөрмөөр. Гэхдээ энэ байгууллага улсаас нэг ч төгрөгийн татаас авдаггүй ч гэсэн Засгийн газар, олон улсын байгууллагаас тамирчдаа дэмжиж өгсөн тусламжийн чанартай мөнгийг нь өөрсдөө иддэг байсан шижмийг хууль хяналтынхан атгаад авсан.

Авлигатай тэмцэх газар түүний газар, мөнгө завшсан хэргийг нь баталчих юм бол тэр үнэхээр муу хүн. Томоор харвал дэлхий дахинд олимпийн нэр хүндийг гутаасан, наашлаад ирэхэд Монголын нэр хүндийг дэлхийн олимпийн хорооны хэмжээнд гутаах юм. Дэлхийн олимпийн хороо гэдэг юун авлига хээл хахууль авах. Хүн төрөлхтөний дээд мэдрэмж, хурд хүч, овсгоо самбаа бүхнийг шалгаруулдаг газрынхаа хувьд энэ нэрэнд сэв суулгахгүй байхыг гишүүн орнуудаасаа хатуу шаарддаг. Хаа нэг орны олимпийн хороо асуудал гаргавал ядах юмгүй олимпийн эрхийг нь хасаад л хаячихна. Д.Загдсүрэнгийн "идэж уусан" асуудалд Дэлхийн олимпийн хороо ач холбогдол өгөх юм бол хэрэг нь батлагдсан батлагдаагүй, олимпийн нэр дор мөнгө завшсан "новшнууд" гэж бүх монголчуудыг нэрлэнэ. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргидог гэдэг шиг л. Ингээд бодохоор энэ хүний гай ямар их юм бэ. Гэлээ гээд үнэнийг нуух ёсгүй. Гэхдээ хэрэг илрүүлэх явц дахь нэг нугалаа болох цаг хугацааны явцад мартагдуулахгүй, эсвэл АТГ-аас шалгаад өглөө гэхэд прокурор нь зүв зүгээр хүнийг хорьж цагдсан байна гээд дүгнэлт биччихгүй бол энэ хэргийн сэжүүр "нэг зүйлд" хүргэнэ дэг ээ.

Баримт 1. Тамирчин нөхөн сэргээх сувилал гэх сүржин нэрний цаана нэг сая төгрөгийн дүрмийн сантай, нэг үүсгэн байгуулагчтай, гадаад худалдааны чиглэлийн компани байх юм

Баримт 2. Жирийн иргэдэд өмчлөх ёстой 0.007 га газар нь ч олдохгүй Д.Загдсүрэн ийнхүү газрыг өглөгийн эзэн шиг л тараадаг байв.

Баримт 3. Тамирчин нөхөн сэргээх сувиллын цаадах компанийн эзэн Б.Наранцэцэг нь Д.Загдсүрэнгийн гарын хүн агаад өдгөө ивээн тэтгэгчтэйгээ цагдан хоригдож байна.

Баримт 4. Кадастрын зураг

Баримт 5. Шар хүрээгээр МҮОХ-ны газрын анхны хэмжээг хүрээлж харуулсан ба одоо үлдсэн газрыг ч мөн тайлбартай үзүүлэв.

Л.Заяа

0 comments:

Post a Comment