Улаанбаатар хотод юу элбэг вэ? Эмх замбараагүй өлгөсөн, унжсан санжсан, урагдаж ноорсон өнгө үзэмжгүй сурталчилгааны самбарууд. Улаанбаатар хотод нийтдээ 2180 гаруй зар сурталчилгааны самбар байдаг. Зар сурталчилгааны энэ их нүсэр "байгууламж"-ыг цэгцлэхээр Нийслэлийн захирагчийн албанаас баталсан "Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам"-ыг гуравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэллээ. Журамд зааснаар Улаанбаатар хотод "мэдээллийн" болон "зар сурталчилгааны" гэсэн хоёр төрлийн самбар байрлуулах ёстой. Үүнд нийслэлийн "Цагаан бүс" буюу Их тойруу, Энхтайваны гудамж, Чингисийн өргөн чөлөө, Яармагаас Наадамчдын зам гэсэн газруудад зөвхөн мэдээллийн самбар байршуулна. Харин зар сурталчилгааны самбаруудыг хаана байршуулахыг дүүргүүд шийдэх гэнэ. Гэхдээ одоогоор нийслэлийн "Цагаан бүс"-ийн сурталчилгааны самбаруудыг буулгаж эхлээгүй байна. энэхүү ажилд мөн тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай гэж байгаа юм.Шинээр баталсан энэ журмын талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал "Энэ бол нэг удаа зохион байгуулдаг аян биш, тодорхой цаг хугацаанд баригдсан кампанит ажил ч биш. Харин нийслэлийн зар сурталчилгааны байгууламжуудыг эмх цэгцтэй, өнгө үзэмжтэй болгох шинэ ажлын эхлэл юм гэлээ.
Тэгвэл "Нийслэлийн удирдлагууд хувийн бизнесийг хавчин хяхаж байна. Зар сурталчилгааны самбарын тоог цөөлбөл үнэ нэмэгдэхээс өөр үр дүнгүй" хэмээн эсэргүүцэж байгаа. Гэвч энэ бол хувийн хэвшлийнхнийг хавчих биш, харин зар сурталчилгааны байгууламжийг өнгө үзэмжтэй, цэгцтэй байршуулах зорилготой гэж хотын удирдлагууд хэлж байна.
Самбарын хэмжээ, байрлал, зэрэглэлээс нь хамааруулж, 2006 онд үнийг нь тогтоосон. Түүнээс хойш инфляци эрчээрээ өсч байгаатай харьцуулахад үнэ тийм ч өндөр биш болсон. Тухайлбал, нийслэлийн төв зам дагуух зар самбаруудын нэг талд зурган сурталчилгаа байршуулахад өдрийн 150 мянган төгрөг, сарын 4,5 сая төгрөг. Нэг самбараас хувийн компаниуд дунджаар сард найм орчим сая төгрөг олдог боловч нийслэлийн төсөвт жилдээ дээд тал нь 7,5 сая төгрөгийн хураамж төлдөг байна.
Б.ОЙНБИЛЭГ


0 comments:
Post a Comment