Редакцийн зурвас
Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэний 100 жилийн ой энэ сарын 6-ны өдөр тохиож байна. 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр нийслэл Хүрээнд "Шинэ толь хэмээх бичиг" нэртэй хэвлэгдэн гарчээ. Өнөө цагийнхаар сэтгүүл, сонины аль алиных нь шинжийг хадгалсан уг хэвлэлийг Монголын анхны тогтмол хэвлэл хэмээн судлаачид үздэг. Энэхүү хэвлэлийг тухайн үедээ дэвшилтэт үзэлтэй, боловсролтойд тооцогдох Жамсраны Цэвээн тэргүүтэй сэхээтнүүд эрхлэн гаргасан байдаг. Мэдээж өнгөрсөн зуун жилд Монголын сэтгүүл зүй дардан замаар явсангүй. 1990 оноос өмнөх үед үзэл суртлын сэтгүүл зүй ноёлж байсан ч "үзэл суртлын өнцгийг нь авчих юм бол түүх түүхээрээ байна" хэмээн Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид өнгөрсөн долоо хоногт өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэнтэй санал нэг байна. Сэтгүүл зүйн ахмад үе маань бидэнд биширч судлаад баршгүй баялаг түүх үлдээснийг өнөө үеийн бид төдийлөн ойшоохгүй байгаа нь үнэн юм.
Таны гар дахь "гайхамшиг"
Харин XXI зууны босгон дээр өнөөгийн сэтгүүлчид бид ямар түүхийг бичиж явна вэ? Юун түрүүн өнөө үеийн сэтгүүл зүйн онцлог бол мэдээллийн өндөр технологид суурилан хил хязгааргүй түгж буй мэдээлэл юм. Ердөө тав зургаан жилийн өмнө Монгол орны 1,500,000 мянган хавтгай дөрвөлжин газар нутагт амьдран суугаа иргэд маань мэдээллийг уламжлалт мэдээллийн хэрэгсэл буюу сонин, телевиз, радиогоос тодорхой цагт, тодорхой орон зайд, тодорхой орчин бүрдүүлэн авч байлаа. Харин одоо дээрх гурвыг нэгтгэн интернэт хэмээх далай мэт дундаршгүй саваас дурын мэдээллээ сонгон авах боломжтой болжээ. Естой "үүнийг л гайхамшиг гэдэггүй юм бол өөр юуг гайхамшиг гэх вэ". Мэдээллийн сайтуудаас та сонины шинэ дугаар хэвлэгдэн гарахыг хүлээхгүйгээр, телевиз, радиогийн мэдээний цагийг хүлээхгүйгээр өөрийн улс оронд төдийгүй тив ертөнцөд юу болж байгааг мэдэх боломжтой болжээ. Ингэхдээ энэ мэдээллээ зөвхөн компьютерээс биш таны хамгийн дотно анд болох гар утаснаасаа авч байна. Таны гартаа барин уншиж буй энэ сонинг ч бас "гайхамшгийг" монголчуудад бодитоор мэдрүүлсэн "News" агентлагийн сэтгүүлчид бэлтгэн хүргэж байгаа гэдгийг хэлэхэд нэн таатай. Монголын мэдээллийн анхны хувийн агентлаг болох "News" агентлаг маань дэлхийн сэтгүүл зүйн хөгжлийн гол хандлага болж байгаа multimedia буюу мэдээллийн олон хэлбэрийг хосолсон хэвлэл гэсэн чиглэлийг Монголд хөгжүүлж байна.
Хорт ургамлаа өөрсдөө түүцгээе
Үзэл суртлын хүлээсээс алдуурсан Монголын сэтгүүл зүй 1990 оноос боломжит бүхий л хэлбэр, замаар хөгжиж ирлээ. Чөлөөт хэвлэлийг тунхаглан зарлаж буй ч миний эрх чөлөө нөгөө хүний эрх чөлөөгөөр дуусдаг гэсэн ойлголтыг умартах дутагдал байгааг мэргэжил нэгтнүүд маань хүлээн зөвшөөрдөг болжээ. Нэн ялангуяа сүүлийн жилүүдэд салбарын минь талаар дандаа чих халууцам зүйл ярьдаг болж. Сэтгүүлчдийн боловсрол, мэдлэгийн түвшин доогуур, бэлтгэж буй мэдээ мэдээллийн чанар муу, үнэн бодит байдлыг мэдээлдэггүй, мөнгөнд худалдагдсан, эздийн сэтгүүл зүй ноёлох болсон зэрэг шүүмжлэл давамгай байна. Энэ бүгд үнэн. Ийм шүүмжлэл дагуулах хөрс суурийг сэтгүүлчид бид өөрсдөө бий болгосноос бус өөр хэн нэгэн "хорон санаат" гэтэн орж ирээд тариан талбайд хорт ургамал ургуулаагүй билээ. Тиймээс сэтгүүлчид өөрсдөө л тариан талбайгаа хорт ургамлаас чөлөөлөх учиртай. Ес зүйтэй, хариуцлагатай сэтгүүл зүйн чөлөөт өрсөлдөөн биднийг хөгжлийн шинэ шатанд гаргаж, энэ хөгжлийн явцдаа хорт ургамлуудаа суга татан хаях нь жам ёсны бизээ.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

0 comments:
Post a Comment