Монгол брэндийг төрүүлнэ

Нутгийн брэндээс Монгол брэндийг төрүүлнэ

1 цаг 14 минутын өмнө

Брэнд гэдэг харь үг хэдийнэ монголжиж, монголчууд ч дэлхийн брэндийн хэрэглэгч болсоор удаж байна. Япон машин бусдаасаа давууг, Франц сүрчиг илүү тансагийг бид мэднэ. Брэндийн бүтээгдэхүүн гэдэг тэр чигээрээ нүнжиг гэдгийг ойлгосон хэдий ч одоо хэр нь монгол брэндээ дэлхийд таниулж амжаагүй явна. Тиймээс гурав дахь жилдээ зохиогдож буй "Монголын эдийн засгийн форум-2013" хуралдайн гол уриа "Монгол брэндийг бий болгох"-д чиглэж байна. Төрийн ордноо хоёр дахь өдрөө зохиогдож буй эдийн засгийн форумын эхний өдрийн өнгийг товчлон буулгав.

Монголын анхны брэнд-Монгол гэр

Энэ үгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр форумын нээлтэд оролцохдоо хэлсэн юм. Өвгөн Европ, арлын Япон гээд хаана л бол хаана "сүнстэй байшин" байдаг. Тэгвэл та нар "сүнстэй гэр" хаанаас ч олохгүй. Энэ нь монгол гэрийн агаар солилцоонд төдийгүй байгалийн натураль бүтээгдэхүүн болох эсгий, модноос бүрддэгтэй холбоотой хэмээн тэрбээр тодотгосон. Ноднин жил л гэхэд Копенгагенд  болсон уур амьсгалын өөрчлөлтийн хурлын үеэр монгол гэрийн хэлбэртэй эсгий дулаалгатайы орон сууцыг XXI зууны сор бүтээл хэмээн зарлаж байжээ. Тэгвэл Монгол Улс монгол гэрээ брэнд болгоход болохгүй зүйлгүй гэж сайд онцолсон юм. Тэгвэл дараагийн брэндийн эрэлд форумд оролцогчид хамтдаа мордсон. Ер нь бол монголчуудад брэнд болохуйц бүтээгдэхүүн өдий төдий бий. Ноос ноолууран эдлэл, эсгий урлалаас эхлээд Дарьганга хийцийн алт мөнгөн гоёл, Архангайн ааруул цагаан идээ, Сэлэнгийн зөгийн бал, Сүхбаатарын ууцан сүүлт хонь, буриадын мэхээр, мойлтой тос, казакын каз гээд өөр хэн ч хийж чадахгүй нутаг нутгийн брэнд олон байна. Харин эдгээрээс алийг нь дэлхийн зон олон таалах бол гэдгийг тодруулах нь энэ удаагийн эдийн засгийн чуулганд оролцогчдын санаа оноог уралдуулахад хүргэсэн юм. Одоогоор хамгийн боломжит хувилбар нь монгол ноос, ноолуур. Өдгөө дэлхийн зах зээл дээр нэг тонн алт 53,498, нэг тонн зэс 7962, цайр 195, нүүрс 157 ам.доллар байгаа бол  нэг тонн самнасан ноолуур 110,000 ам.долларт хүрчээ. Ноолуур бол байгалийн баялаг шиг шавхагддаг нөөц биш бөгөөд жил бүрийн хаварт малчны хотноос дахин дахин мэндэлж байдаг үндэсний баялаг гэдгийг эдийн засагч Д.Жаргалсайхан илтгэлдээ онцолсон.  Үнэхээр дэлхийд хамгийн ойрхон монгол брэнд нооулуур байх магадлалтайг форумд оролцогчдын алга ташилт харуулсан. Тиймээс эдийн засагч ноолууран бүтээгдэхүүнийг монгол брэндээр өргөмжлөхийн тулд түүхий ноолуурыг экспортонд гаргахгүй байх, бэлэн бүтээгдэхүүн, сүлжмэл эдлэл, бүх төрлийн ноос ноолууран утсыг импортоор оруулж ирэх татварыг эрс нэмэгдүүлэх, сургуулийн сурагчдын болон хүчний байгууллагын албан хаагчдын нормын хувцасыг импортоор бус зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авах тогтолцоог бүрдүүлэх гэхчилэн шинэлэг санааг дэвшүүлсэн тавьсан. "Жил жилийн хавар малчид ямаагаа самнах цагаар хятадууд асар их хэмжээний бэлэн мөнгийг Монголын хилээр давуулан оруулж ирж , мөнгө угааж байдаг. Тэр хэмжээний мөнгөөр Монгол Улсын алт, ноолуур зэрэг нэмүү өртөг шингээж болох түүхий эдийг БНХАУ хаман авч гаргаж байна. Ийм учраас аливаа нэг экспортын үйл ажиллагааг банк санхүүгийн байгууллагаар дамжуулан хийдэг соёлтой арилжааны тогтолцоо руу нэн яаралтай шилжих шаардлагатай" гэж тодотгосон юм.

Хүнснээс хамгийн боломжит хувилбар-бяслаг

Дэлхийг дэлдийлгэх бүтээл монгол брэндийн эрэлд манай үйлдвэрлэгчид, тэр дундаа хүнсний үйлдвэрлэлийнхэн эртнээс орсон ч одоогоор амжилтад хүрч хараахан чадаагүй байна. Ерээд оны үед Өвөрхангайд швейцарь бяслаг хийж туршсан бол өдгөө Хэнтийн Батширээтэд хэсэг хүмүүс импортыг орлох бяслагийг гадаад технологиор үйлдвэрлэхээр санаа шулуудан ажиллаж буй ажээ. Жимсний хаан гэгддэг чацарганыг Японы зах зээлд нийлүүлсэн нь  эрэлт ихтэй бүтээгдэхүүний нэг болсон талаарх мэдээлэл ч форумын индрээс сонстож байлаа. Монгол брэндийг төрүүлэхэд анхаарууштай нэг зүйл нь стандарт ажээ. Өдгөө манай улсад 6200 гаруй стандарт мөрддөг ч үүнээс засч залруулах, халж солих стандарт олон бий гэнэ. Түүнчлэн дэлхий нийтийн хэмжээнд эрчимжсэн мал аж ахугаас татгалзан хагас бэлчээрийн мал аж ахуй руу шилжих болсныг Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан онцолж байлаа. Монгол малын мах амттай байдаг нь  таван хошуу мал тал хээр нутагт тааваараа бэлчээрлэдгийн дээр олон зүйлийн оргиналь өвс ногоогоор хооллодогтой холбоотой гэнэ. Тийм малаас саасан сүү, сүүгээр нь боловсруулсан бүтээгдэхүүн бүр ч амттай байх нь мэдээж. Гэвч сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хувьд төрөөс баримтлах бодлого ойлгомжгүй, төрийн дэмжлэг муу байгааг форумд оролцогчид хэлж байлаа. Түүнээс үйлдвэрлэгч нар өөрсдийн хүчээр хөрөнгө мөнгө босгон, техник тоног төхөөрмж оруулж, ирэн  импортыг орлох бүтээгдэхүүний технологийг амьдралд нэвтрүүлээд эхэлжээ. Гэвч үйлдвэрлэгчдэд хамгийн их хэрэгтэй зүйл болох бага хүү, урт хугацаат зээлийн бодлого яаравчлан боловсруулахыг эрх баригчдаас хүслээ.

Хүн баялгийг хөгжүүлэхэд анхаараач гэв

Монгол брэндийг монгол хүн л бүтээнэ. Ажиллах хүчин гэдэг тэр чигээрээ баялаг юм гэдгийг "Монголын эдийн засгийн форум"-д оролцогчид онцолсон. Монголчууд угаас бүл цөөтэй. Гурван сая хүрэхгүй шахам хүн амын олонх нь хүүхэд, хөгшид. Гэтэл хөдөлмөрийн бүтээмжит насны хүмүүсийн дунд ажилгүйчүүд олон байгаа нь үйлдвэрлэгчдийн санаа зовоосон асуудал болжээ. Улсын хэмжээнд ажилгүйчүүдийн тоо 75300-д хүрсэн гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тэднээс ажил идэвхтэй эрж хайж байгаа нь  39000. Гэтэл үйлдвэрлэлийн салбарт  22000 ажлын байр эзнээ хүлээж байгаа юм. Ажил олгогч эздийн төлөөлөл энэхүү тоон үзүүлэлтийн зөрүүг монголчууд бүхэлдээ ажил хийх сонирхолгүй болсонтой холбон тайлбарлаж байна.

"Хатан сүлжээ" компанийн захирал С.Бадамцэцэг:

-Үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн хүндрэлтэй, давагдашгүй хүчин зйүл бол ажиллах хүчний тогтвортой ажиллуулах асуудал болоод байна. Өнөөгийн залуусын хамгийн их сонирхдог зүйл нь өндөр цалин. Гэтэл хөнгөн үйлдвьэрийн салбарынхан бид  уул уурхай, барилгынхантай дүйцэх хэмжээний цалин мөнгө амлаж чаддаггүй. Түүнчлэн манай улсын боловсролын тогтолцоо буруу жишгээр хөгжиж хүн бүрийг дээд мэргэжилтэн  болгосноос диплом өвөртөлсөн залуус үйлдвэрт ажиллахаас "ичих" болсон. Ажилчдаа нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварт заавал хамруулахыг биднээс шаарддаг. Гэтэл залуус татвар төлөхийг хүсэхгүй байна. Даатгал, татварын мөнгө өгөөжөө өгөхгүй байгаагаас тэд тэр хэмжээний мөнгийг ахуй амьдралдаа зарцуулахыг илүүд үзэж байна. Мэргэжлийн сургалтад хамрагдсан хүмүүс үйлдвэрт ирж ажилладаггүй. Тиймээс бид өөрсдөө шавь сургалтын хөтөлбөрөөр хүнээ сурган авч байгаа. Хүмүүс суралцах хугацаанд олгодог тэтгэлгийг авахын тулд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг зорьж байна. Тиймээс тэнд зориулдаг мөнгөө бидэнд олгооч гэсэн саналуудбг хэллээ.

Түүний энэ саналтай МCS компанийн хүний нөөцийн асуудал эрхэлсэн дэд захирал Д.Гантөмөр ч санал нэгдэж байлаа. Үнэхээр хувийн компаниуд боловсон хүчнээ өөрсдөө л бэлтгэх нь үр дүнтэй байдаг гэнэ. Тиймээс төрийн зүгээс сургалт, хөгжилд зориулсан мөнгийг татвар ногдуулах орлогоос хасч тооцох саналыг Д.Гантөмөр захирал хэлж байлаа. Түүнчлэн үйлдвэрлэгчдийн зүгээс монгол хүний мөс чанар муудаж, цалин мөнгөнөөс өөрийг эс тоох болсон нь сургалтын тогтолцооны гажигтай холбоотой гэж байсан юм. Тиймээс ерөнхий боловсролын сургуулиас нь эхлээд хүнийг хүн байхад сургах, ажил хөдөлмөрт дуртай болгож хүмүүжүүлэхэхд анхаарахыг хүслээ. Түүнчлэн "Хөдөлмөрийн зах зээл, хүний нөөц" салбар хуралдааны үеэр хөдөлмөрийн хөлсийг сараар бус цагаар олгодог байх, тухайн ажилтан, ажиллагсдын ур чадварт тохирсон үнэлгээнд шилжих, ажлн зургаан өдөрт шилжих зэрэг санал санаачлагыг үйлдвэрлэл  эрхлэгчид дэвшүүлж байлаа.

Д.ЦЭЭПИЛ

0 comments:

Post a Comment