С.Жавхлан сүүлийн үед хэвлэлээр гарсан олон асуултад хариулт өгч байна.
-Таныг өөрийн авсан гавъяатын шагналаа бусдад өгсөн талаар гадуур их яригддаг шүү дээ. Та яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?
-Монгол гэж омогшиж байгаагийн маань цаана хүмүүст таалагдах гэхээсээ илүү миний сэтгэл л яваад байгаа юм. Хүнд сэтгэл байвал бусад нь дагаад болдог юм байна. Шагналын хувьд Монголчууд бид нэгнийгээ байгаа дээр нь хайрлаж урмын үг хэлмээр байна. Хүмүүс бид урмын үгээр үнэн сайхан амьдралаар дутаад байгаа юм шиг санагддаг. Бид хийж бүтээсэн нэгэндээ үхэхийнх нь өмнө нэг шагнал олгодог. Тэр хүн нь тэрэндээ нэг баярлаад л хорвоог орхиж байгаа тохиолдол олон байна. Уг нь энэ шагналыг цаашаа юм хийгээсэй, бадраасай гэж өгдөг байвал зүгээр юм байгаа юм.
-Таныг өөрийнхөө шагналыг хүнд өгсөн гэхээр зарим нэгэн хүн буруугаар хүлээн авч байгаа юм шиг санагддаг. Зарим нь таныг бөө болоод шашингаа буруу эргүүлж байна ч гэж ярих болсон. Хамаг монголоо нэгтгэх гэсэн таны санааг буруугаар ойлгох хүмүүс бас байна. Энэ талаар тайлбар хийгээч?
-Би газар шороогоо, эх орноо гэж уйлсан дуулсан өмөлзсөн. Гэтэл хүмүүс намайг мэдрэл муутай гэж ярьж байсан. Гэтэл эх орноо газар шороогоо зараад, улан доороо гишгээд монголын эдийн засгийг аварна гэж ярьж байгаа хүмүүс болохоор хүмүүст таалагдаад байдаг жишээтэй. Харин миний хувьд ингэлээ гээд гунигладаггүй, шантардаггүй. Харин намайг жижигхэн тонгорог гэж үзвэл намайг билүүдэж байгаа билүү нь тэд гэж үздэг. Монгол орон маань улам хүрээгээ тэлж байна. Хамаг монгол гэдэг ухагдахуун ороод ирлээ. Сайн юмнаасаа саар нь их байна. Намайг тойроод монгол гэсэн омогшилийг маань унтраачих гээд, гадаад гэсэн ухагдахуун руу чирэх гэсэн явуургүй зүйлс байж л байгаа. Гэхдээ энэ бүхэн надад хэцүү санагддаггүй юм.
-Саяхан таныг МАХН-д элссэн гэх яриа гараад байсан?
-2009 онд намайг нэр дэвшиж байхад хүмүүс надаас та юунаас ажлаа эхлэх гэж байгаа юм бэ гэж асууж байсан. Харин би монгол дээлнээс эхэлнэ гэж хэлж байсан. Одоо миний мөрийн хөтөлбөр хэрэгжээд явж байна. Заавал парламентад очиж ажил хийдэггүй иргэн байхдаа л ажлаа хийж болдог. Би хаана явсан газартаа монгол ёс заншилаа сэргээе гэж боддог. Монголд монголчлол гэсэн гал бадрах ёстой. Яагаад би МАХН-ыг сонгон Увс аймгаас нэр дэвших болсон юм бэ? гэвэл. Бидний өвөг дээдэс Цэдэнбал гэдэг хүн ээжийнхээ өмнө сөхөрч сууж байгаад "Би монгол орныхоо төлөө, МАХН-ын төлөө зүтгэж эс чадваас миний амь эрсэдсэн ч хамаагүй" гэж тангараг өргөж байсан байдаг. Өмнө нь монголд МАН, Ардчилсан нам гэсэн хоёр хүчин л байсан. Ямар ч зүйл тулгын гурван чулуу шиг гурвуулаа байж тулгатай болдог. Тиймээс нэг тулгын чулууг босгоод галыг нь бадраах тийм нэг хүсэл надад төрсөн. Харин Энхбаяр гэдэг хүнийг хараад хажууд нь найз шиг нь байж байгаад хаяад зугтсан нөхдүүдийг нь хараад би найз шиг нь байдаггүй юм гэхэд эр хүн шиг жудагтай байя гэж бодсон юм. Надад намын батлах бий. Гэхдээ над руу холбоо барьж ярьдаггүй. Тэгэхлээр энэ намд байгаа байхгүй гэдгээ би өөрөө мэдэхээ болиод байгаа. Ер нь хэний нэрэн дээр дулдуйдаж албан тушаалд гарчихаад хэнийг мартчихдаг юм бэ гэдэг дээр би хатуу шүүмжлэлтэй байгаа.
-2013 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Иргэн хүний хувьд хамаг монголоо нэгтгэх хүний хувьд ямар хүн гарч ирээсэй гэж бодож байна.
- Монголчлол гэдэг зүйл бол зөвхөн Жавхлангийн тухай биш монгол хүн бүрт хамаатай. Тиймээс монголчлолыг ярдаг хүн гарч ирээсэй гэж хүсэж байна.
-Сталины хөшөөг буулгасан. Харин энэ хөшөөг таны "Хөх нуруут" гэдэг ресторанд аваачиж тавьсан гэсэн яриа байсан. Үнэхээр тэгсэн юм уу?
-Гүржийн олимпийн аваргуудыг бэлддэг маш том дасгалжуулагч ирсэн юм. Тэр хүн манайд ирээд Сталины хөшөөг хараад их уйлсан юм билээ. Тэр хүн манай бөхийн аваргуудтай уулзаад Олимп сургуультай хамтын ажиллагаанд гарын үсэг зурсан. Тиймээс тэр том хүнийг Монголд ирэх болгондоо тэр хөшөөг харж байг гээд Олимп сургуулийн хашаанд бүрэн бүтнээр нь тэр хөшөөг тавьсан юм.
-Таныг монгол гэрт амьдардаг гэжчихээд паартай байранд амьдардаг гэсэн яриа байдаг. Одоо яг хаана амьдарч байна вэ?
-Увсад сая сонгуулийн үеэр сайхан тулгатай гэр хийлгэж барьсан. Энэ зун Тамирын голын эрэг дээр гэрээ бариад зуссан. Манай гэр бүлийнхэн ер нь зундаа малын дэргэд буугаад амардаг. Харин одоо 13-р хороололд амьдарч байгаа. Хотоос зайдуу нэг гэр бариад бас амралтынхаа үеэр очиж байгаа. Ажилтай хүмүүс болохоор хотод байх шаардлага бас гараад байх юм.
-Хамаг Монгол дууг танай эхнэр бас дуулсан байсан. Ерөнхий зохиомжийг нь та өөрөө хийсэн үү?
-Монголын тулгуур хөгжмүүд, морин хуурыг оруулж өгсөн. Бас уртын дууны шуранхайг орхиж болохгүй. Тэр шуранхайг манай гэргий хийсэн. Уран бүтээлч байсан хүнийг гэргийгээ болгож суусан болохоор урлагаас нь холдуулж болохгүй. Тиймээс яаж уран бүтээлээр нь гаргаж ирэх вэ гэсэн бодол миний дотор байнга явдаг. Тиймээс хамаг монгол дуунд шуранхай хийгээч гэж санал тавьсан. Үүнээс цааш бас уран бүтээлээ хийх байх.
- Та хэлж байсан. Тэр сайхан газар шороог нүхлээд нүхлээд хаясан хэрнээ эргээд нөхөн сэргээлт байхгүй байна гэж. Та Өмнөговь аймагт очиж үзсэн үү?
- Газар шороог ухахгүйгээр " Бурхан гуйсан ч бүү өг" гээд хэлсэнийг зөрчихгүйгээр төрийг байгуулах хэрэгтэй. Монголын өвөг дээдэс тэгэхгүйгээр дэлхийг захираад ирсэн юм. Би энэ бүх хүмүүст шороо ямар амттай байдгийг нь үзүүлэх юмсан гэж боддог. Монгол гэдэг, газар шороо гэдэг ямар үнэ цэнэтэйг ухаарах өдөр энэ хүмүүст ирнэ.
- Таны байгуулсан "Гал үндэстэн" гэдэг холбоо байсан. Одоо энэ холбоо маань чухам юу хийж байна?
- Гал үндэстэн гэдэг нэрийг гаргахаар би их хичээсэн. Би үүндээ жил зургаан сарын ажлаа зориулсан. Би энэ нэрэндээ тааруулан бодит галтайгаа үлдсэн. Харин манай нөгөө ах нар маань арай ширүүлэх гээд байсан. "Ухаан байхад бяраар яах вэ, үнэн байхад худлаар яах вэ" гэдэг шиг тэсвэр тэвчээр байх ёстой. Тиймээс би өөрийн зам дээрээ үлдсэн.
- Гал бадраах ёслол маань аль шашны зан үйлдээ орох вэ?
- Нар гэдэг юунд ч хамаардаггүй. Үүнтэй адил гал гэдэг ямар ч шашинд хамаардаггүй. Зөвхөн гал халуун сэтгэлийн мандан бадрал, өвөг дээдсийн ёс заншил юм. Намайг үсээ авахуулахаар лам боллоо гэх юм. Жоохон ургуулахаар бөө боллоо гэх юм. Шүлэг бичихээр яруу найрагч боллоо. Сонгуульд орохоор улстөрч боллоо гэдэг. Ингэж олон олон Жавхлан танигдаж байгаа нь зөв гэж боддог. Найзууддаа хошигноод өөрийн олон дүрд хувилах хувилгаан юм болов уу гэж ярьдаг юм. Гэхдээ Монголд маань сайхан цаг ойрхон байгаа.
Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү
0 comments:
Post a Comment