Сондгойрлоос солонгорол руу
52 минутын өмнө

Өнөөдөр Монголын Дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг уул уурхай эзэлж буй ч бусад салбар дахь нөлөөллөөр нь аваа үзвэл эдийн засгийн 60 хүртэлх хувь уул уурхайгаас хамааралтай байна гэсэн судалгаа бий. Нэг салбараас, тэр тусмаа уул уурхайн салбараас ийнхүү хамааралтай болох нь "голланд өвчин"-ий бас нэг шинж тэмдэг гэж томьёолдгийг монголчууд сайн мэдэх болсоор удаж байна. Уг өвчнийг анагаахын тулд одоо эдийн засгийн бусад салбараа хөгжүүлэх, шинэ бүтэц нэмэх замаар олон тулгуурт эдийн засагтай болох ёстой. Харин үүнийг "эдийн засгийн солонгорол" хэмээн Ерөнхий сайд хүнд хүрэхүйц энгийнээр тодорхойлжээ.
Тэрхүү солонгорлыг тэгээд яаж бий болгох вэ? Энэ талаар ярилцсан "Эдийн засгийн форум-2013" хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногийн нэгэн сэдэв байлаа.
Засгийн газар бодлогын хэмжээнд тийнхүү зорьж байгаа "солонгорол"-ыг бий болгоход монгол брэнд хэрэгтэй гэж үзэж, хэлэлцүүлгийн бүтэн нэг өдрийг энэ асуудалд зориулсан юм. Ашигт малтмалын түүхий эдээс гадна дэлхийн зах зээлд өрсөлдөж мөнгө олох, эргээд эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийх "брэнд" юу байж болох вэ? Энэ хүрээнд ноос ноолуур, арьс шир, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг хэд хэдэн салбарт тодорхой хэдэн бүтээгдэхүүн нэр цохогдон яригдсан байна. Ноолууран хувцас эдлэл, ноосон даавуу, давсалсан бяслаг гэхчлэн... Импортын бараанд эзлэгдсэн дотоодын зах зээлээ байлдан дагуулж, даамай гадаад зах зээлд ч гангарах юу ч юм хайцгаахаар болсон хэрэг.
Жил бүр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдыг цуглуулж, сэтгэл зүрхнийх нь үгийг сонсдог "Эдийн засгийн форум" энэ удаад "Монгол брэнд" гэгчээр олон хүний цөсийг хөөргөлөө. Брэнд төрүүлэх ирээдүйтэй салбарт бизнес эрхлэгчдэд итгэл төрсөн л байх... Бусад нь цаашид яахав?
Байгаа асуудал, бэрхшээлээсээ гадна байхгүй зүйлээ хайцгаасан форум уулзалт яг ямар үр дүнд хүрэв? Олон асуудлаарх ойлголтын зөрүүгээ нэгтгэж чадсан эсэх нь эргэлзээтэй хэлэлцүүлгүүд "солонгорсоор" байгаад өндөрлөлөө. Засгийн газар энэ дундаас "эдийн засгийн солонгорол"-оо эрх биш олсон бол уу гэж л найдахаас даа.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

0 comments:
Post a Comment