Хутагтыг Далай лам тодруулжээ

Хутагтын ес дэх дүрийг Далай лам тодруулжээ

51 минутын өмнө

Догшин ноёны хойд дүрийг тодруулсан талаар Дорноговь  аймгийн нутаг дахь Хамарын хийдийн лам нар болон нутгийн сүсэгтэн олны төлөөлөл мэдээлэл хийлээ. Монгол нутагт шарын шашин үүссэн тэр үеэс говь нутагт  1622 онд анхны ноён хутагт Агваангончигийг тодруулан залж байжээ. Говийн анхны ноён хутагтаас хойш найман дүрийг тодруулсан байдаг бөгөөд тэдний дундаас монгол түмэнд хамгийн алдартай нь Догшин ноён хутагт Данзанравжаа ажээ. Данзанравжаа нь говийн хутагтын тав дахь дүр бөгөөд 1803-1856 онд говь нутагт шарын шашныг дэлгэрүүлэх үйлсийг дэлгэрүүлэхийн зэрэгцээ соёлын үнэт өвийг үлдээсэн нэгэн юм. Түүнээс хойш говийн хутагтын дүрийг гурвантаа тодруулсан гэнэ. Хутагтын наймдугаар дүр болох Агваансамданжамцыг 1933 онд тодруулан залсан байна. Тэрбээр 1968 оныг хүртэл амьдрахдаа хэлмэгдэж, зовж зүдэрч яваад шоронд амиа алджээ. Түүнээс хойш говьд хутагт мэндлээгүй байсан ч нутгийн олон хутагтын хойд дүр хэзээ нэгэн цагт эргэн мэндэлнэ гэсэн итгэлээ гээгээгүй гэдгийг Хамарын хийдийн захирал З.Алтангэрэл хэлж байлаа. Харин энэ сарын 2-ны өдөр Энэтхэгийн Дармасалад Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам говийн хутагтын ес дэх дүрийг тодруулсан байна. Говийн хутагтын есдүгээр дүр Данзанлувсантүдэвийн даншиг мандал өргөх, сэнтийд залах ёслол нь гуравдугаар сарын 7-ны өдөр болжээ. Хутагтын есдүгээр дүр Данзанлувсантүдэв нь бага наснаасаа сүм хийдэд шавилан суусан нэгэн гэнэ. Тэрбээр 1984 оны хулгана жил Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт төржээ.  Аав Отгон-Амжилт, ээж Өрганцагаан нар нь эгэл жирийн малчид бөгөөд тэрбээр айлын долоо дахь хүү юм байна. Говийн хутагт ирэх сард Монголдоо ирж, Хамарын хийддээ сэнтийд залах ёслол хийх ажээ.

Д.ЦЭЭНЭ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment