1878 оны энэ өдөр болсон Францын академийн хуралдаан дээр Европт анх удаагаа Томас Эдисоны фонографыг үзүүлсэн байна. Яг сарын өмнө буюу хоёрдугаар сарын 19-нд зохион бүтээгч дуу авиаг механик аргаар бичиж, дахин дуугардаг багаждаа патент авсан байлаа.
Эрдэмтний дотны нөхөр унгар инженер Тивадор Пушкаш удирдан танилцуулгыг хийсэн байна. Пушкашийг нэртэй физикч Эдисоныг бишрэгч Теодор дю Монсель Европт урьсан байв. Гэхдээ франц эрдэмтэд Эдисоны "ярьдаг машиныг" хүлээн авсангүй. Хайрцагнаас дуу гарах үеэр хэл зүйч профессор Жан Буйяр үсэрч босоод Монселийг заамдан авч сэгсрээд "Өөдгүй новш, чээжний хөндийн дуу гаргагчаар биднийг хуурах гээ юу? Нэг муу металл хүний үгийг хуулбарлаж чадна гэсэн зальтанд та хэрхэн итгэж чадав аа" гээд дуу алджээ.
Фонограф гэж нэрлэсэн шинэ бүтээл нь дуу бичлэгийн эрин үеийн эхлэлийг тавьсан юм.
Мөнгөн цаасан дээр бичсэн дуу авиаг (анхны бичлэг нь мөнгөн цаасны гадаргуу дээр гарсан хонхорхой дүрс хэлбэртэй байжээ) дахин дуугаргаж болдог байж. Дуу авиаг дахин сонсохын тулд цилиндрт мөнгөн цаас ороосон байна. Энэ төхөөрөмж 18 долларын үнэтэй байжээ. Эдисон эхний хэсэг фонографыг нас дээр гарсан нэр цуутай хүмүүсийн үгийг авч үлдэхийн тулд тэдэнд явуулсан байна. Ингэснээр одоо бид Оросын зохиолч Лев Толстойн дуу хоолойг сонсож чадна.
Хүн төрөлхтний түүхэнд томоохон гавьяа байгуулж, амьдралыг үлэмж ихээр хялбарчлах нээлт хийсэн хүн бол Томас Эдисон билээ. Амьдралаа бараг л тэр чигт нь элдэв туршилт хийхэд зориулж байсан тэрээр фонографаас гадна улайсдаг чийдэн, харилцуур утас, кино гаргадаг аппарат гээд маш олон зүйлийг хойч үедээ үлдээсэн юм. Тэрээр мөн л анхны гэж хэлж болох туршилт хийх зориулалттай үйлдвэрлэл ба судалгааны иж бүрэн лабораторийг байгуулж байсан байх юм. Эдисон өөрийн нэр дээр мянга хол давсан зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан байсан гээд бод доо. Уйгагүй, асар их хөдөлмөрийнхөө үр дүнд л тэдгээр чухал нээлтүүдийг хийж байжээ. Тэрбээр ердөө гуравхан сар л сургуульд сурсан гэж байгаа. Улаан эсэргэнэ гэдэг өвчин туссаны улмаас сонсгол нь муудсан учраас юм сонсож ойлгохгүй гээд сургуулиас нь хөөчихсөн гэдэг. Харин ээж нь түүнд гэрээр боловсрол олгожээ. Уншиж, бичиж сурсан Эдисон энэ үеэс л аливааг сонирхох эцэс төгсгөлгүйд автсан гэж хожим нэгэнтээ дурссан нь бий.
Эх сурвалж: "Тв7 хоног" сэтгүүл
0 comments:
Post a Comment