“Mongolian Bling” олон улсын кино наадмын дэлгэцнээ гарна

Монголын хип-хоп ямар төвшинд явааг, мөн дэлхийн реппэрүүдтэй харьцуулсан томоохон ялгааг харуулсан "Mongolian Bling" бүрэн хэмжээний баримтат кино Нью-Йоркийн "First Time" болон тавдугаар сард болох Сан-Диегогийн уламжлалт кино наадамд дэлгэцнээ гарах аж.

Энэхүү бүтээлийг Автралийн залуу найруулагч Бенж Бинкс бүтээжээ. Тэрбээр 2004 онд анх манай улсад ирэхдээ Чингис хааны үр сад тал нутагтаа морио унан салхи татуулан давхиж, малаа хариулахаас өөр юм бараг л мэдэхгүй нүүдэлчин хүмүүс гэхээс өөр төсөөлөлгүй байсан аж. Гэтэл Улаанбаатар хотын шөнийн цэнгээний газар, графит зураг болон хүлхгэр өмд, саравчтай малгай өмссөн рок залуусыг хараад энэ бодлоо гээсэн байна.

Түүний энэхүү бүрэн хэмжээний кинонд Америкийн хип хопчид "мөнгөний төлөө" явж байгаа бол Монголынх "бодит амьдралыг дуулж" Монголын өнөөгийн нийгмийн талаар хүүрнэж байна. "Урлаг бол мөнгө олох хэрэгсэл биш, харин нийгмийн эм, уран бүтээлчид бол эмч" гэж ивээн тэтгэгчдийг хүлээн зөвшөөрснийх нь төлөө Quiza-г рэппэр Gee олны өмнө шүүмжилсэн  зэрэг олон асуудлууд уг баримтат кинонд багтсан аж. Тухайлбал, Америкийн алдарт рэпчин Тринидад Жеймс "миний гинж ч алт, миний бөгж ч алт" гэж сайрхаж байхад Монголын рэпчид томоохон уул уурхайн компаниудаас болж газар нутаг нь эвдэрч доройтож байгаа, улс төрчид нь авлига, хээл хахуульд, улс орон нь архидан согтууралтад автагдсан талаар илүү дуулж байна."Ардчилал, хүний хөгжил, эрх тэгш байдал, боловсрол, Монголын ирээдүйг илүү сайжруулахын төлөө дуугаараа дамжуулан бяцхан ч болов хөрөнгө оруулахыг хичээж байна" гэж Монголын шилдэг рэпэрүүдийн нэг Quiza уг баримтат кинон дээр хэлдэг байна.

Бенж Бинкс энэ талаар "Улс орондоо тулгамдаад байгаа асуудлуудын талаар хүмүүс дуулж байгаа нь үнэхээр содон, бас миний хүсч байсан зүйл байсан. Орчин цагийн Монголын соёлын талаарх анхны киног хийсэндээ таатай байна" хэмээн өгүүлсэн аж.

П.Наран

0 comments:

Post a Comment