Улаанбаатарт 17 шинэ хороолол барина

Цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус гэхчлэн дэд бүтэц байгуулахад 2013 онд улсын төсвөөс 200, нийслэлээс 40 гаруй тэрбум төгрөг зарцуулна. Ирэх онд мөн ийм хэмжээний хөрөнгийн ажил хийгдэх юм байна. Энэ дэд бүтцийг дагаад Улаанбаатарт 17 шинэ хороолол баригдана гэж Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан сэтгүүлчидтэй хийсэн нээлттэй ярилцлагын үеэр онцоллоо. Энэ баасан гаригт Буянт-Ухаа хорооллын шав тавих ёслол болно. Тэнд 1700 гаруй айлын 25 байр монгол барилгачдын хөдөлмөрөөр бий болно. Энэ онд эхний байрууд ашиглалтад орно гэж Ц.Баярсайхан сайд хэллээ. Иргэдээ орон сууцжуулах "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийг үргэлжүүлнэ, үүний хамт амины орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. 6 хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөр хөрөнгийн эх үүсвэргүйгээс зогсоход хүрсэн. Гэсэн ч энэ хөтөлбөрт хамрагдсан иргэдээ төр хохиролгүй болгоно гэж сайд хэллээ. 2003 оноос хойш орон сууцны урт хугацааны зээлийн хөтөлбөрт 29000 иргэн хамрагдаж, 845 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Эргэн төлөлт хэвийн явагдаж байгаа юм. Тиймээс хөтөлбөрийг үргэлжүүлэх гэхдээ моргейжийн зээлийн хугацаа 20 жил байх, бэлэн болсон орон сууцанд зээл олгох, урьдчилгаа төлбөрийг 10-30 хувьтай байлгах нь зүйтэй гэсэн бодлогыг Барилга, хот байгуулалтын яам баримталж байна. Ахмад настан, залуу гэр бүлд тохирох орон сууцны хөтөлбөр гаргахаар төлөвлөж байгаа талаар ч  сайд танилцууллаа.

Барилгын салбарт мөрдөгдөж байгаа норм, стандартыг боловсронгуй болгоход тус яам анхаарч байна. Энэ салбарт 577 стандарт мөрдөгдөж байгаагийн 331-ийг нь хэвээр үргэлжлүүлнэ, 224-ийг нь шинэчилж, боловсронгуй болгоно, 20 гаруйг нь хүчингүй болгоно. Мөн бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилт тавьж, иргэдэд буцааж хариу өгдөг, нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлжээ. Засгийн газар барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх тогтолцоог өөрчлөх тогтоол гаргаж, барилгын зөвшөөрлийг аймаг, нийслэлд нэг цэгийн үйлчилгээгээр олгодог болсноор тусгай зөвшөөрөл авахын тулд 200 орчим хоног зарцуулж байсан бол 30-35 хоногт авах боломжтой болжээ. Барилгын материалын үйлдвэрийг дэмжих хөтөлбөр гаргаж, арматур, цемент зэргийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэдэг болоход анхаарч ажиллаж байгаа талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан сэтгүүлчдэд танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй  харилцах албанаас мэдээлээ.

0 comments:

Post a Comment