Нийслэлд шинээр 85 уулзвар замыг нээж, авто замын сүлжээг сайжруулна

Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулж, түгжрэлийг багасгах зорилгоор нийслэлийн зүгээс хэд хэдэн томоохон ажлыг хийгээд байгаа ч Улаанбаатар хотын машины тоо жилд 22,4 хувиар нэмэгдэж байгаа нь авто замын ачааллыг нэмэгдүүлж, замын түгжрэлийг үүсгэсээр байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын авто замын сүлжээний ашиглалтыг сайжруулж, түгжрэлийг бууруулахын тулд нийслэлийн гол болон туслах гудамж уулзварын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, олон төвшний огтолцол барих зорилгоор Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулж, түгжрэлийг бууруулах төслийг боловсруулжээ. Энэхүү төслийн тухай Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.

Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, түгжрэлийг бууруулах төлөвлөлтийн хувилбарт төлөвлөгдсөн 212 байршлаас эхний ээлжинд шууд хэрэгжүүлэх боломжтой 173 байршил байгаа юм байна. Эдгээр 173 байршлын авто замын саадыг арилгаж, хорооллын дотор шинээр 103,460 метр квадрат замыг байгалийн чулуугаар, бусад байршилд 25,8 км авто замыг шинээр барьснаар 85 уулзвар замыг нээх юм байна.  Байгалийн чулуугаар авто зам тавих нь өртөг хямд, нэг удаагийн хөрөнгө оруулалтаар барьсан тохиодолд байнгын засвар арчлалтын зардлыг хэмнэх боломжтой, өнгө загварын хувьд орчны байдалтай сайн зохицдог, авто машинууд хурдаа сааж явах тул осол аваар багатай, түүхий эд материалыг дотоодтоо үйлдвэрлэх боломжтой зэрэг олон давуу талтай юм байна. Тиймээс хорооллын доторхи замуудыг байгалийн чулуугаар барих нь илүү зохимжтой гэдгийг тэрээр онцлон хэлсэн.

Мөн Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах төслийн хүрээнд нийслэлийн 5 дүүргийн авто замын саадыг арилгаж, шууд нэвтрэх боломжтой болгох юм байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 1-9 дүгээр хороонд шинээр 27,597 метр квадрат авто зам тавьж 51 саадыг арилгах, Чингэлтэй дүүрэгт 1-6 дугаар хороонд нийтдээ 8 428  метр квадрат зам тавьж, 12 замын сайдыг арилгаж нийтдээ нийслэлийн 5 дүүргийн 35 хороонд 103,460 метр квадрат авто замыг барих юм байна. Өөрөөр хэлбэл Чингэлтэйгээс Баянгол, Баянголоос  Сүхбаатар дүүрэг хүрэхийн тулд заавал олон замаар тойрч явахгүйгээр шууд очих боломжийг нээх юм.

Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, түгжрэлийг бууруулах төслийн үр дүнд хорооллын дундах авто замын саадыг арилгаж, шинэчилснээр хороолол доторхи хөдөлгөөний эрчим сайжирч, замын хөдөлгөөний ачаалал 20 гаруй хувиар буурна гэж тооцжээ. Удирдлагын зөвлөлийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд энэхүү төслийн хөрөнгийн асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран яаралтай шийдвэрлэж, төслийг хэрэгжүүлэх бүтээгдэхүүний үнийн санал, судалгаа гаргахыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт үүрэг болгосон юм. Хөрөнгийн асуудлыг эцэслэн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 comments:

Post a Comment