"Орчин тойрондоо харагдаж буй асуудлуудыг шийдэхээр оюунаа уралдуулж, сэтгэж олсноо бүтээл болгон харуулж, шинэчлэлийг өөрөөсөө эхлүүлж яваа монгол залуус бахархалтай байна" гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Залуу зохион бүтээгч 2013" уралдааны нээлт дээр хэллээ.
Ерөнхий сайдын ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээн энэ жилээс олон улсын чанартай болон өргөжиж, ОХУ-ын Буриад болон БНХАУ-ын ӨМӨЗО-оос 45, дотоодын 300 гаруй баг нийт 3500 гаруй бүтээлээр өрсөлдөж байна. Эдгээрээс ахуйн хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлэн ашиглаж болох, хүний хөдөлмөр хөнгөвчилсөн шилдэг 36 бүтээлийг өнөөдөр нээгдсэн үзэсгэлэнд дэлгэжээ. Ерөнхий сайд залуу зохион бүтээгчдийн бүтээлүүдийг үзэж сонирхох үеэрээ илүү сайжруулан, хэрэглэхэд хялбар болгох талаар заримд нь зөвлөгөө өгч байв. Шинийг санаачлагчдыг ямагт дэмждэг, өөрөө ч зохион бүтээх хүсэл сонирхолдоо хөтлөгдөн цөөнгүй тооны бүтээл гаргаж байснаа хуваалцлаа. 1963 онд манай улсад анх зохиогдсон шинийг санаачлагчдын тэмцээнд Ерөнхий сайдын аав оролцон ноос хурдан хатаагч төхөөрөмжөөр шинэ бүтээлийн гэрчилгээ авч байсныг ч дурссан юм.
Хэдийгээр дэлхий дахинаа хурдацтай хөгжиж буй өндөр технологи хэрэглээний бүх түвшинд өргөн нэвтэрсэн ч зөвхөн монгол ахуйд л байдаг зарим нүсэр хөдөлмөрийг хөнгөвчлөх, цаг хугацаа хэмнэх дэвшилтэт төхөөрөмжүүд хэрэгтэй байна. Хүүхэд залуус маань үүнийг соргог анзаарч, аав ээждээ туслах шинэ санаанууд олжээ. Та нарын сэдсэн шилдэг шийдлүүд гэр бүлийнхээ төдийгүй улс орныхоо хөгжилд нэмэр болно гэж Ерөнхий сайд оролцогчдыг урамшууллаа. Түүнчлэн, энэ удаагийн тэмцээнд Говь-Алтай аймгаас олон хүн шилдэг бүтээлээ сойсныг сайшааж, Монголын өөдлөх ирээдүйг бүтээх шинийг сэдэгч залуустаа амжилт хүслээ.
Өнгөрөгч хоёр жилийн тэмцээнээс олон шинэ бүтээл зах зээлд нэвтэрч, эрэлттэй бүтээгдэхүүн болсон, олон шилдэг инженер төрөн гарсныг зохион байгуулагчид хэлж байв. Өнөөдрийн үзэсгэлэнд монгол гэрийн вакуум тооно, ааруул, борц, эмийн ургамал хатаагч, арвайн гурил тээрэмдэгч, автомашины түгжээ боолт тайлагч, дугуй засварлагч, өөдөөс ярьдаг ухаалаг хогийн сав, солигддог ухаалаг самбар, ус цэвэршүүлэгч, худгийн ус түгээгүүрийн гар түгжигч, теннисний ширээнд нөөц бөмбөг тогтоогч, хилийн зурвасын хөдөлгөөнт хяналтын төхөөрөмж, үүлэнд нөлөөлж бороо оруулдаг нисэх аппарат, халдаг улавч, зөөврийн хувцас хатаагч, шил зүсэгч, механик ажиллагаатай угаалгын машин, гал ноцоох шахмал үйлдвэрлэгч, тоосго цохигч, ноолуурын механик сам, шалгалтын хариу бөглөх дардас, нарийн ногооны үр суулгагч, гутал цэвэрлэгч зэргийг дэлгэн танилцуулж байна.
МҮОНТВ-ээр үдэш бүр хардаг бүтээлүүдтэй биечлэн танилцах боломж олгож буй "Залуу зохион бүтээгч 2013" үзэсгэлэн Монголын залуучуудын холбооны байранд хоёр өдөр олон нийтэд нээлттэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 comments:
Post a Comment