УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдааныг хаяж гарсныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. "МАН-ын зүгээс хаврын чуулганы хуралдаанд сөрөг хүчний байр суурийг илэрхийлэхээр үг хэлэхийг хүссэн ч УИХ-ын дарга үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй учраас чуулганы хуралдааныг хаяж явахад хүрсэн" гэж тус намын зүгээс тайлбарлаж байна.МАН-ын дарга Ө.Энхтүвшин МАН-ын байр суурийг илэрхийлж, Засгийн газарт хариуцлага тооцохыг санууллаа. Тэрээр хэлэхдээ, "УИХ-ын чуулганы хуралдаанд өөрсдийн байр суурийг илэрхийлэх гэсэн боловч УИХ-ын дарга зөвшөөрөөгүй учраас хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгсэлд хандаж байна. Засгийн газар байгуулагдаад найман сар болсон ч шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны үр дүн гарах боломжтой хугацаа байсан. МАН-ын зүгээс ч эрх баригчдын үйл ажиллагааг шүүмжлэхээс илүү хийх ажилд нь боломж гаргах нь зүйтэй гэж үзэн Засгийн газрын хэрэгжүүлэх ажил, холбогдох хууль тогтоомжийг цаг тухайд нь батлалцаж өгсөн. Засгийн газар 11 11 төвийг нээн ажиллуулж, Төрийн ордныг иргэдэд нээлтэй болгосон, Батаарын араас хөөцөлдсөн зэрэг сайшаалтай ажил хийснийг үгүйсгэхгүй ч Монгол Улсын хөгжлийн төвшин, бүтээн байгуулалтыг хэрхэн эхлүүлсэн, иргэдийн орлогыг яаж нэмэгдүүлсэн, ардчилал шударга ёсыг хэрхэн дээдэлж ажилласан зэргийг нь дүгнэвэл Засгийн газрын үйл ажиллагаа нэмэх биш хасах түвшинд байна" гэлээ. Товчхондоо бол тэд МАН-ын зүгээс Засгийн газарт хариуцлага тооцохыг хүсч байгаагаа илэрхийлсэн юм.




Ш.ЧИМЭГ
0 comments:
Post a Comment