Аав ээжийн хайранд өлгийдүүлсэн хүүхдүүд

 

"Үртэй хүн жаргалтай, үндэстэй мод цэцэглэдэг" гэдэг ардын сайхан сургаал бий. Тиймдээ ч үр хүүхэд нь өдрөөс өдөрт өсөж торнихийг харна гэдэг үртэй хүний жаргал билээ. Гэвч хорвоогийн амьдрал эрээнтэй бараантай, хүн бүрийн амьдрал тэгш  заяадаггүй. Хамгаас хайртай үр нь бусад хүүхдийн адил эрүүл саруул, өсөж бойжиж, дэгэж дэрвэхгүй байна гэдэг харамсалтай тохиол хэдий ч эцэг эхчүүд тэднийгээ байгаагаар нь хайрлаж, хамгаалж өсгөн торниулдаг билээ.

Хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн тэдгээр хүүхдүүд уйгагүй хичээл зүтгэлийн үрээр оюун санаа, биеийн хөгжлөөрөө эрүүл хүүхдийн адил сэтгэн бодож, өөрийнхөө хэмжээнд сурч боловсордог гэдгийг батлан харуулсан арга хэмжээ өнөөдөр боллоо.

Тодруулбал, нийслэлийн 33 дугаар сургууль дээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд "Би чадна" тэмцээн, өдөрлөг зохиогдов. Энэхүү арга хэмжээг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Сувиллын цэцэрлэг яслийн 10 цогцолбор, Баянзүрх дүүрэг, Монголын тархины сааны холбоо, AYAD хөтөлбөр хамтран зохион байгуулсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй цэцэрлэг яслийн 10 цогцолборын хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг энэхүү өдөрлөг 16 дахь жилдээ зохиогдож байгаа аж. Энэ талаар тус цогцолборын нийгмийн ажилтан С.Энхбат хэлэхдээ "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрийн хүсэл зоригоор аливаад тэмүүлж чаддаг, урагш тэмүүлэх чадвартай, оюун ухаан нь хэвийн ажиллаж чаддаг гэдгийг батлан харуулах зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ удаагийн өдөрлөгт Нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл 100 гаруй хүүхэд оролцлоо. Анх 1996 онд биеийн хөгжил нь сэргээгдэх боломжтой, оюун ухаан нь хэвийн, дауны хам шинжтэй хүүхдүүдийг хөгжүүлэх зорилгоор Сувиллын цэцэрлэг яслийн 10 цогцолбор байгуулагдсан. нийслэл хот, 21 аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сувилдаг бөгөөд сүүлийн таван жилд 750 гаруй хүүхдийг асарсан байна. Албан ёсны статистик тоогоор өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 0-16 насны 1600 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүртгэгдсэн байгаа. Харин манай цогцолборт сурч хүмүүжсэн хүүхдүүд эхнээсээ насанд хүрч, эрүүл хүүхдийн адил биеийн хөгжил, оюун ухааны түвшин нэмэгдэн их дээд сургуульд суралцаж, компьютерийн мэргэжил эзэмшиж  байна. Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгмээс тусгаарлах ёсгүй. Тэд ч бас бусдын адил өсч, хөгжиж, сурч боловсрох эрхтэй гэдгийг хүмүүс ойлгоосой" гэв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдтэй ярилцаж тэдэнд тулгарч буй саад бэрхшээл, зайлшгүй шаардлагатай чухал асуудал зэргийг тодруулсан. Тэд хэлэхдээ "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй байна гэдэг хэцүү. Гэхдээ бидний үр хүүхэд учраас тэднийгээ хайраар дутаахгүй өгсөхийг хичээж явдаг. Нийгмийн зүгээс жаахан буруу хандлага ажиглагддаг. Гадуур хүүхдээ тэврээд, автобус унаанд сууна. Тэр үед зарим хүмүүс дөлсхийх, том хүүхэд тэврээд эрхлүүлээд гэх зэргээр буруугаар ойлгож, хэлдэг. Төрөлхийн болон олдмол хөгжлийн бэрхшээлтэй тархины саажилттай хүүхэдтэй болох нь хэнд ч тохиолдох учрал. Тийм болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, томчуудыг нийгмээс тусгаарладаг үзэгдэл арилаасай гэж бодож байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хүмүүст олгодог халамжийн мөнгө авах эрхийг жил бүр сунгуулах асуудал их төвөгтэй. З-4 байгууллагаар оруулж хянуулдаг, болж өгвөл хасчих гээд байдаг. Нэгэнт л манай улсын эрүүл мэндийн салбар бүрэн оношилж чадахгүй гэдэг нь тодорхой болсон. Тийм болохоор урт хугацааны сунгалт хийдэг болчихвол зүгээр байна. Түүнчлэн үр хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй, бусдын хүүхдээс өөр төрлөө хэмээн хэн нэгнийг буруутгаж, тэднийг голон хаяад явдаг эцэг эхчүүд маш олон бий. Тэд үр хүүхдээ голж, орхиод явах сонголт хийж болох ч "Үхтэл үр харам" гэдэг үгийг бодоод нэг үзээсэй. Үр хүүхдийнхээ заяаг гомдооно гэдэг энэ орчлонгийн хамгийн том нүгэл" хэмээн хэлж байв.

"Зарааны хүүхэд эхдээ өргөсгүй харагддаг" гэж үр хүүхэд нь ямар байх хамаагүй байгаагаар нь хүлээн авч, чин сэтгэлээсээ хайрлах нь чухал хэмээн эрт дээр үеэс манай ахмадууд сургаж ирсэн. Түүнчлэн үр хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй, бусдын хүүхдээс өөр төрлөө хэмээн хэн нэгнийг буруутгаж, тэднийг голон хаяад явдаг эцэг эхчүүд цөөнгүй бий. Тэд үр хүүхдээ голж, орхиод явах сонголт хийж болох ч "Үхтэл үр харам" гэдэг сургаалийг санаж, үр хүүхдийнхээ заяаг битгий гомдоогоосой. Хамгийн гол нь эцэг эхдээ үр нь болон заяасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг буруугаар ойлгодог хүмүүс тэднийг зүгээр л онцгой төрсөн хүүхдүүд хэмээн хүлээн авахыг хүсэж байна. Магадгүй тэд та биднээс илүү насан туршдаа аав ээжийн хайранд өлгийдүүлэх гэж энэ орчлонд мэндэлсэн бизээ.

П.Наран

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

0 comments:

Post a Comment