Шөнийн хүнийг цэрэг эрийн дүрд хувиргажээ

Үзэшгүй муухай царайтай шөнийн хүн үзэсгэлэнт хэлгүй бүсгүйд дурласан түүхийг өгүүлдэг "Хязгааргүй" моно опера энэ удаа дайнд яваад эрэмдэг болсон цэрэг эрийн хайр дурлалын тухай өгүүлэх аж. Моно операгийн гол дүрд  жүжигчин Д.Алтанхүү тоглох бол түүний дурлалт бүсгүйн дүрийг жүжигчин А.Болормаа бүтээж байгаа аж. Шинэчлэгдсэн бүтээлийн нээлт өнгөрсөн долоо хоногт ЦДБЭЧ-ын тайзнаа тавигдсан байна.
"Гэгээн муза 2010" наадмаас зургаан шагнал хүртэж, театрын үзэгчдийн анхаарлыг татсан "Хязгааргүй" моно опера-гийн найруулагч Ч.Ганхуяг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дэд дарга, уран сайхны удирдагчаар ажиллаж байгаа. Тиймээс энэхүү уран бүтээлээ цэрэг, эх орны сэдэвтэй болгон өөрчилж, тус театрын уран бүтээлчдийг гол дүрд нь тоглуулж байгаа аж.
Тус чуулгын уран бүтээлчид "Хязгааргүй" моно опера болон шилдэг бүтээлийн тоглолтоо зүүн аймгуудад толилуулахаар хөлгийн жолоо залаад буй. Тэд Багануур дүүргээс эхлэн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь зэрэг долоон аймгийн 23 суманд хүрэх гэнэ. Түүнчлэн аймаг бүрт байгаа цэргийн анги, нэгтгэл, хилийн заставт очиж тоглох аж.
Дашрамд дуулгахад, ганц хүн дуулахад зориулагдсан "Хязгааргүй" моно операд одоо найрал дуучид түрлэг нэмж байгаа учраас илүү хүчирхэг, сэтгэл хөдлөм болон өөрчлөгдсөн гэнэ шүү.
П.Наран

0 comments:

Post a Comment