Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Олон улсын Холбоо ICIJ офшор компани эрхэлдэг дэлхийн баячуудын жагсаалтыг нийтэлсэн нь ид шуугиулж байна. Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Олон улсын Холбоо байгууллага нь АНУ-ын Вашингтон хотноо төвтэй, Их Британий Guardian болон бусад олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажилладаг байгууллага. Энэ удаагийн төслөө олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хүрээнд хамтран ажилласан хамгийн том төсөл хэмээн нэрлэж буй. Үйл ажиллагааны явцад цуглуулсан 2.5 сая нууц материалын үр дүнд 120.000 офшор компани, итгэмжлэгдсэн байгууллага, 130.000 хувь хүн, төлөөлөгчид, дундын хүмүүсийг илрүүлсэн бөгөөд 170 орчим орон хамрагджээ. Их Британий Виргиний арлууд дээр үйл ажиллагаа эрхэлдэг нууц компаниуд руу гол үйл ажиллагаагаа чиглүүлсэн ч Сингапур, Гонконг, Кукын арлууд ч багтсан хэмээн эх сурвалжид дурджээ.Эрэн сурвалжлах Сэтгүүлчдийн Олон Улсын Холбооны захирал Джерард Райл цуврал нийтлэлийнхээ талаар "хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн хууль бус ажиллагааг шүүх гэсэнгүй, харин тэдний нууц данс, компаниудыг илрүүлэхийг зорьсон" хэмээн тэмдэглэжээ. Цуврал нийтлэлийн эхнийх нь "Илрүүлэлт-мөнгөө офшорт нуудаг баячуудын жагсаалт" гарчигтайгаар нийтлэгдсэн. "Орон орны нийт мянган баяны нууц мөнгийг анх удаа нэг дор илрүүлсэн" гэж сэтгүүлч Дэвид Ли бичсэн байна. Түүний хэлсэнээр энэ мянган хүний дотор ерөнхийлөгчөөс эхлээд жирийн баячууд, Филиппиний дарангуйлагч Маркосийн охиноос эхлээд эхнэрээсээ орлогоо нуусан хэмээн буруутгагдаж буй Британы саятан хүртэлх хүмүүсийн жагсаалт хөвөрнө гэжээ.
Офшор бол татвар, хяналт, нууцлалын хамгийн таатай хялбар нөхцөлийг санал болгодог бүсэд аливаа компани, итгэмжлэгдсэн байгууллагууд үйл ажиллагаа эрхлэхийг хэлдэг. Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Олон улсын Холбооны цуврал нийтлэлүүд офшорыг цэцэглүүлэгчдийн хувьд жинхэнэ газар хөдлөлт болж байна гэж зохиогч тэмдэглэсэн бол, чөлөөнд гарсан эдийн засагч Маккинзи албан ёсны орлогоос гадуурх 32 триллион буюу их наяд ам.долларыг илрүүлжээ хэмээн ажиллагааг дүгнэв.
Азербайжан, ОХУ, Канад, Пакистан, Филиппин, Тайланд, Монгол зэрэг орны Засгийн газрын албаны хүмүүс, тэдний гэр бүлийнхэн болон холбогдох хүмүүс эдгээр нууц компаниуд, дансыг дуртайяа ашиглаж байсны зэрэгцээ UBS, Clariden, Deutsche Bank зэрэг санхүүгийн байгууллагууд үйлчлүүлэгчдээ нууцлалаар хангахын төлөө маш их чармайлттай ажиллаж байсныг тэмдэглэх ёстой. Санхүүчид, дундын зохицуулагчид зэрэг өндөр цалинтай хүмүүс офшор компанийхаа ашиг сонирхлыг хамгаалах, эздийнхээ нууцлалыг хангах, хууль бус мөнгийг нь зохицуулах зэрэг ажлыг дээд зэргээр гүйцэтгэж ирсэн нь төслийн явцад харагдаж байж.
Британийн Guardian сонин Виргиний арлууд дээрх хуурамч фирмүүдийнхээ үйл ажиллагаагаар дамжуулан 750 сая фунтын ашгаараа толгой цохьсон Ахиллеас Каллакисын нэрийг онцолжээ. Мөн Канад, АНУ, Энэтхэг, Пакистан, Индонез, Иран, Хятад, Тайланд болон хуучин социалист системийн орнуудын шинэ баячууд тэдгээрийн гэр бүлийнхний нэрийг ч жагсаалтаар илрүүлсэн юм.
Виргиний арлууд офшорын амжилтаараа дэлхийд тэргүүлдэг бүс. Энд нууц үйл ажиллагаа эрхэлдэг дэлхийн баячуудын урт жагсаалт бий ч маш нууц, орон нутгийн санхүүгийн байгууллагууд ч мэдэх аргагүй байдаг юм. Виргиний арлуудын захиргааны санхүүгийн нарийн бичгийн дарга Нейл Смит "манай хууль–хууль үйлчилдэггүй нөхцөлөөс ч аюултай орчин" хэмээн нэгэн ярилцлагадаа тэмдэглэжээ. Үнэхээр Британийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд Оросын олигархууд, орон орны татвараас зайлхийсэн дээрэмчид ноёлох болсныг Guardian нэг бус удаа баримтаар нотолж байжээ. Харин Британийн иргэд нэрээ ашиглуулж үл хөдлөх хөрөнгө эзэмшигч жинхэнэ эздийг нуун дарагдуулах үйлдэлд оролцдог.
"Нууц данс эзэмшигчдийн хөрөг" нэртэй хэвлэгдсэн ээлжит цувралд "Энд нэр дурдагдсан хүмүүс бүгд хууль бус үйл ажиллагаа эрхэлсэн гэж бид баталж байгаа юм биш. Офшорыг хуулийн хүрээнд ч явуулж болно. Гол нь эдгээр хүмүүсийг нууцлалыг хадгалах хууль зүйн үйлчилгээ авсан явдал нь нэгтгэж байгаа юм" хэмээн тэмдэглэжээ.
Жагсаалтад Монгол Улсын Сангийн сайд асан, УИХ-ын дэд дарга Сангажавын Баярцогт, Канадын сенатор Пан Мерчантын нөхөр, нэрт хуульч Тони Мерчант, Америкийн нефтийн дуулиант наймаачин Марк Ричийн өмнөх эхнэр Дениз Рич, Филлипий экс Ерөнхийлөгчийн охин Мария-Имельда Маркос Маноток, Путины ойрын хүн, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Игорь Шуваловын эхнэр Ольга Шувалова, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевын охидууд Арзу, Лейла болон эхнэр Мехрибан нарын нэрс багтжээ.
Офшор компаны эздийн дунд АНУ-ын шүдний эмч, Грекийн дундаж аж ахуйтан, Уолл Стрийтийн нэртэй санхүүч, Индонезийн тэрбумтан, ОХУ-ын албаны хүмүүс, олон улсын зэвсгийн наймаачдаас эхлээд Ираны цөмийн зэвсгийн төлөвлөгөөг хаацайлагч хэмээн сэжиглэгддэг компани хүртэлх урт цуваа хөвөрч буй. Нийт 170 гаруй орныг хамарсан эрэн сурвалжлах төслийг Эрэн сурвалжлах Сэтгүүлчдийн Олон Улсын Холбоо удирдан Guardian, BBC, Le Monde, Suddeutsche Zeitung, Norddeutscher Rundfunk, Washington Post, Канадын Өргөн нэвтрүүлгийн Корпорац СВС болон өөр 31 хэвлэл мэдээллийн байгууллага оролцсон төсөл юм.
Офшорыг хамгаалагчид жирийн бизнес эрхлэгчдийг хүртэл нэрлэсэнд дургүйцэж байгаа ч Жерард Райл офшорын мөнгө эдийн засагт тухайлбал, Кипрт тохиолдсон шиг хямралыг авчирч болзошгүй хэмээснээр төслийнхөө эерэг талыг тодруулж байгаа юм.
Оросын олигарх асан Березовскийн хамсаатан гэгддэг Британий иргэн Скот Янгын жишээг нийтлэлд онцлон дурдсан байна. Хууль зөрчигчид офшорыг хэрхэн ашиглаж болох тод жишээ хэмээн Guardian түүнийг нэрлэсэн юм. 2005 онд тэрээр 400 сая ам доллартай байж. Гэтэл 2008 онд дампуурч, харин ч хэдэн саяын өрөнд орсоноо зарласан байна. Гэвч тансаг амьдарсан хэвээр, түүнийгээ баян бизнесмэнүүдийн ивээлд байгаагаар тайлбарладаг байж. Үнэндээ бол Янг офшор компаниудын сүлжээ бий болгох замаар гэр бүл цуцлах үйл явцад эхнэрээсээ хэдэн сая фунт стерлингийг нууцлан үлдэхэд ашиглахаар бэлдсэн байж. Одоо тэрбээр хуулийг хүндэтгээгүйнхээ төлөө шоронд сууж буй. Нуун далдалсан хөрөнгө мөнгийг нь гүйцэд илрүүлж хууль зүйн хүрээнд шийдвэрлэх ажил үргэлжилж байгаа юм.
Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Олон улсын Холбооны санаачилсан энэхүү төсөлд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бэлэн эх сурвалжийг ил болгодог Wikileaks-ын шуугианаас илүү ач холбогдол өгч байна. Эрэн сурвалжлах мэргэжлийн сэтгүүл зүй хүрээгээ тэлж байна хэмээн олон хэвлэлүүд онцлон тэмдэглэжээ.
С.ЦЭЦЭГ
0 comments:
Post a Comment