БНХАУлс болон Исламын Бүгд Найрамдах Иран улсууд нь өөрсдийн бүс нутагтаа эдийн засаг, хүн ам, газарзүй болон цэрэг зэвсгийн хүчээр нөлөөтэй орнууд юм. Хоёр орон агуу их соёл уламжлалаа одоог хүртэл хадгалж ирсэн ба тэдгээрийн харилцаа нь Торгоны замаас эх сурвалжтай билээ. Энд дурдан бичих зүйлсээр хоёр орны түүхэн харилцаа, орчин үеийн түншлэл болоод энэ харилцаанд тулгарч буй асуудлыг танилцуулахыг зорив.Хоёр орон агуу их түүхтэй улс бөгөөд Иран улс бол агуу Персийн үр хойч гэдгийг сануулах нь зүйтэй боловуу. Хоёр улсын хоорондын харилцааг хөгжүүлэхэд торгоны замын оруулсан ач гавьяа их ба Хятадын Хан гүрэн болон Перс улсын худалдаа наймааны олдворууд Хятад болон Ираны нутгаас одоог хүртэл олдсоор байна. Перс улсаас гаралтай морин Поло хэмээх тоглоом нь Тан гүрнийхний чөлөөт цагаа өнгөрөөх нэг арга байсан хэмээн Хятадын түүхнээ тэмдэглэгдэн үлдсэн байдаг ба Иран Перс улсын шүлэг Хятадын уран зохиолд зохих хэмжээний нөлөөг үзүүлжээ. Хоёр орныг бас нэгтгэн хамааруулах нэг зүйл бол 13 дугаар зууны Монголчуудын байлдан дагуулалын үед Перс болон Хятад улсууд нь Монгол улсын захиргаан дор байсан нь тэдний хоорондын харилцааг улам гүнзгийрүүлсэн. Хоёр улсын онцолж авдаг бас нэгэн зүйл бол газарзүйн байршилын хувьд хол оршдог болон тус тусын ашиг сонирхолын үүднээс хоорондоо нэг ч удаа дайн болж байгаагүй явдал юм. Энэхүү харилцаа нь түүхийн явцад өөрчлөгдөж бас шинэчлэгдэж байсан боловч хэзээ ч тасалдаж байсангүй. Одоо үед хоёр орны төрийн зүтгэлтэнүүд уулзах үед тэд үргэлж түүхэн найрсаг холбоотой байснаа дурддаг.
Хятад болон Иран улсын харилцаа ХХ зуунаас өнөөг хүртэл сайн муу олон талтай байсаар ирсэн. Хоёр орны хооронд нийтлэг зүйлс мөн олон байгаа. Тухайлбал: бүс нутгийн нөлөөллийн цар хүрээ, соёлын өв уламжлал болон хамгийн гол нь барууны хэт давамгайлсан бодлого, гэх мэт.
Дэлхийн II дугаар дайнаас хойшхи хоёр улсын харилцааг авч үзвэл: Иран болон Хятад улс Нэгдсэн Үндэсний Байгууллагад 1945 онд нэгдэн орсон боловч Ираны зүгээс улс төрийн тодорхой бус үндэслэл гарган Хятад улсыг 1969 он хүртэл гишүүнчлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байсаар ирсэн. Улмаар Хятадын гишүүнчлэлийг зөвшөөрөөд тун удаагүй байхад буюу 1971 онд Хятад улс нь Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орноор ажиллах болов. Мөн тухайн жил Хятад болон Иран улсад албан ёсны дипломат харилцаа тогтоон элч төлөөлөгчөө солилцон ажиллахаар тохиролцлоо. Хоёр орон нэгнийгээ олон улсын тавцанд дэмжих хандлагатай болсон ба үүний тод жишээ болгож Хятад улс Америкийг Ираны хүн тээвэрлэх онгоцыг буудаж унагасныг ил тод буруушаав. Үүний хариуд Ираны засгийн газар Тянамьены талбайд болсон золгүй явдлыг засгийн газраас эмх замбараагүй байдалд хяналт тавьсан арга хэмжээ хэмээн дэмжив. Хоёр орны хооронд төрийн хэмжээний айлчлалууд олонтаа болж байлаа. Тухайлбал, Иран дахь Хятадын элчин сайдын яамны сайтын мэдээлснээр, Ираны ерөнхийлөгч Али Хумейнигийн 1989 онд Хятадад хийсэн айлчлалын үр дүнд хоёр орны нийт худалдаа 1 тэрбум орчим доллараар ихссэн ба соёлын тал дээр хамтарч ажиллах олон гэрээ хэлэлцээр хийгджээ.
Иран болон Хятад улсын хувьд энэхүү харилцааг цаашид үргэлжлүүлэх гэсэн өөр өөрсдийн ашиг сонирхол байдаг юм. Хятадын хувьд, Иран улс нь геополитикийн хувьд маш чухал орнуудын тоонд ордог. Учир нь Ойрхи Дорнодод АНУ-ын давамгайлал зонхилдог ба Хятад улс үүнд хяналт тавихын тулд газар нутаг, зэр зэвсгийн хүчин чадлын хувьд томоохонд тооцогдох Иран улстай сайн харилцаатай байх гадаад бодлогыг баримтлаж байна. Мөн эдийн засгийн хувьд, Иран улсын нефтийг харьцангуй хямд үнээр авч, дотоодын зах зээлд ашиглах зэрэг давуу талтай. Харин Иран улсын хувьд Хятад улс нь худалдааны хамгийн том түнш нь бөгөөд олон улсын харилцаанд Хятад улсын хориг тавих эрх нь Ираны аюулгүй байдалд хэзээ нэгэн цагт том дэм болох боломжтой.
Хоёр орны эдийн засгийн харилцааг дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Харолд болон Надерийн 2012 онд бичсэн "Хятад ба Иран" гэсэн нийтлэлд:
"Үйлдвэрүүдийг нь тасралтгүй ажиллуулах газрын тосны эх үүсвэр Хятад улсад маш их хэрэгцээтэй болсон ба дотоодын хангамжаар хангаж чадахгүй болсон тул гадаад орнууд руу ялангуяа Ойрхи Дорнод руу анхаарлаа хандуулах болсон. Үүний үр дүнд газрын тосоор баялаг Саудын Араб болон Иран улсуудаас газрын тос худалдаж авах гэрээг байгуулан ажиллаж байна". Хэдийгээр Саудын Арабаас арай их хэмжээтэйгээр газрын тос худалдан авдаг боловч Саудын Араб нь Америк улсын дотно түнш учир Хятад улсын хувьд баталгаатай нефтийн ханган нийлүүлэгч байж чадах үгүй нь тодорхой бус юм. Харин Ираны газрын тосны хувьд 1974 оноос хойш худалдаж авахдаа жил ирэх тусам худалдаа нь нэмэгдэх хандлагатай байсаар ирсэн. Эрчим хүчний мэдээлэлийн удирдлагын төвийн мэдээлж буйгаар Иран улс нь 173 биллион баррел газрын тосны нөөцтэй ба дэлхийд 4 дүгээрт жагсдаг. Мөн газрын тосны нөөцөөрөө Оросын араас 1046 триллион м3 –ийн нөөцтэйгээр 2 дугаарт ордог юм.

Дээрхи хүснэгтэнд харуулснаар Хятад улс нь дангаараа өдөрт 543,000 баррел газрын тос импортолдог ба энэ нь хятад улсын нийт газрын тос импортын 10% -ийг бүрүүлж байна.
Хоёр орны найрсаг харилцаанд саад болж буй хэд хэдэн хүчин зүйлсүүд байна. Хоёр улсын удирдагчдын хувьд Америк Израил улсын зүгээс Иран улсад тавьж буй хоригууд том асуудал үүсгэдэг юм. Вуу Лей болон Жиун нарын "Хятад-Ираны харилцаан дахь гол асуудлууд" гэсэн өгүүлэлдээ:
"3өвлөлт Холбоот Улс бутран унаснаар Америк улсын эсрэг бат зогсох гүрэн байхгүй болсон ба өөр өөр хэлэхэд АНУ нэг туйлт ертөнцийг бий болгож чадсан. Энэ байдлаа ашиглан АНУ дэлхийн өнцөг булан бүрд өөрийн хүссэн зүйлсийг хийж байв". Иран улсыг терроризм болон лалын хэт даврагсдыг хөхүүлэн дэмжиж байна хэмээн үзэн 1950 оноос эхлэн Мохаммад Мусадакийн засгийн газарт төрөл бүрийн дарамт шахалтыг үзүүлэн олон тооны хоригуудыг тавьж байлаа. Энэхүү хоригууд нь 1979 онд Иранд болсон Исламын Хувьсгалын дараа улам ч чангарах болсон. Ингэснээр Иран дахь АНУ-ын элчин сайдын байр луу дайран орж Америкийн дипломатчдыг 1979 оны 11 сарын 4-ний өдрөөс авхуулан 444 хоног барьцаанд байлгасан хэрэг гарсан билээ. Энэхүү барьцаалалт нь өмнөх Шейхийн үхэл болон Ирак улсын Иран руу хийсэн дайралт зэргээс хамааран Ираны засгийн газар, АНУ-тай зөвшилцөл хийхэд хүргэсэн ба энэхүү гэрээнд тухайн үеийн ерөнхийлөгч байсан Жимми Картер Иран улсад дахиж өөрнэмэлт хориг тавихгүй гэсэн амлалт өгөв.Байдал хэсэг намжсаны дараа буюу 1996 онд АНУ-ын ерөнхийлөгч Клинтоны засгийн газар Иран улсыг терроризмийг өөгшүүлэн дэмжиж байгаа болон цөмийн зэвсгийн араас хөөцөлдөхийг оролдож буй зэргийг нь буруушааж Ливи-Ираны Хоригийг батлан гаргав. Энэ хоригт зааснаар аливаа гадаадын компани эсвэл хувь хүнИран улсын газрын тосны хэсэгт 20 сая америк доллараас илүү хөрөнгө оруулалт хийвэл АНУ доорхи шийдвэрээс дор хаяж 2-ыг авч хэрэгжүүлэхээр заасан байв. Үүнд:
- АНУ-ын Экспорт Импортны Банкнаас зээл кредитийн тусламж үзүүлэхгүй байх.
- Тухайн компанид экспортын лиценз олгохгүй байх.
- АНУ-ын санхүүгийн институтээс жилд 10 сая доллараас дээш хөрөнгө оруулалт хийхийг хориглох.
- АНУ-ын агентаар эсвэл АНУ-ын засгийн газрын сангуудтай хамтран ажиллахыг хориглох.
- АНУ-ын засгийн газрын бондын анхдагч дилер-ээр ажиллахыг хориглох.
- АНУ-ын засгийн газарт тухайн улсын аж ахуйн нэгж ямар нэгэн хуулийн этгээдээс хийгдэх нийлүүлтэнд хориг тавих.
- Тухайн аж ахуйн нэгж эсвэл хуулийн этгээдээс АНУ–д орж ирэх бүх бараанд хориг тавих.
АНУ болон Ираны харьцааг таагүй болгосон зүйл бол Ираны ерөнхийлөгч Ахмадинежадын 2006 оны 4 дүгээр сард телевизээр хийсэн мэдэгдэл байлаа. Тэрээр хэлэхдээ: Иран улс нь албан ёсоор цөмийн технологитой орнуудын тоонд нэгдлээ гэж хэлэв. Ингэж хэлсний дараахан буюу 7 дугаар сарын 31-нд НҮБ-аас 7-н хоригийн анхных болох Ираныг уран баяжуулалтаа зогсоох тухай Тогтоол (№1696-г) НҮБ-ын тунхагийн 7 дугаар бүлгийг үндэслэн гаргав. Иран улсыг үйл ажиллагаагаа зогсоохгүй гэж мэдэгдэсний дараа Иран улсад хориг тавих тухай тогтоол (№1737-г) баталлаа.
-Энэхүү Ираны цөмийн зэвсгийн араас хөөцөлдөх явдал нь Израиль улсын хувьд ихээхэн ноцтой асуудал бөгөөд Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаняахугийн мэдэгдэснээр энэ нь Израилийн үндэсний аюулгүй байдлын хувьд асар том аюул заналыг дагуулж байгаа хэрэг гэжээ.
Түүний хэлсэн энэ зүйл нь үнэхээр ортой учир нь Израиль улс нь Ойрхи Дорнодод орших АНУ-ын хамгийн ойрын холбоотон ба Иран улстай бүс нутагт нөлөөлөлөө тогтоохын төлөө үргэлж зөрчилдөөнтэй байсаар ирсэн. Ойрын хэдэн жилүүдэд Израиль болон АНУ, Ираны цөмийн үйл ажиллагаан дээр маш их анхаарлаа төлөврүүлэх болсныг бид бүхэн дэлхийн мэдээллийн олон хэрэгсэлээр сонсож байгаа билээ. 2012 оны НҮБ-ын Ерөнхий Чуулганы индэр дээрээс Нетаняаху хэлэхдээ "Цөмийн зэвсэг бүхий Иран хэр их аюул хөнөөлтэй болохыг дурдаад Ираныг цөмийн зэвсэгтэй болгоно гэдэг Аль-Каеда-г цөмийн зэвсэгтэй болгож буй хэрэг хэмээн цохон тэмдэглэв". Мөн цааш нь тэрээр Ираны цөмийн зэвсэгээр хөөцөлдөж буй үйл ажиллагаанд улаан шугам зайлшгүй зурах хэрэгтэйг санууллаа. АНУ-ын хувьд сонгуулийн өрсөлдөөний үеэр хийгдсэн хоёр өрсөлдөгчийн гадаад бодлогын тал дээрхи мэтгэлцээнээс бүх юм тодорхой харагдаж байв. Хоёр өрсөлдөгч Ираны энэхүү үйл ажиллагааг илт буруушааж, хэрвээ Иран улс цөмийн зэвсэгтэй болбол бүс нутгийн тогтвортой байдал алдагдах тал дээр санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн. Мөн Митт Ромни Ираны хоригийг улам чангатгахыг хүсэж байгаа дурдсан.
Мэдээж хэрэг Ираны тал энэ бүх шүүмжлэлийн эсрэг дуугүй байсангүй. Ахмадинежад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс энэхүү цөмийн төхөөрөмжүүд нь зэвсэглэлийн бус харин эрчим хүч гарган авах зорилгоор ашиглагдах болно гэдгийг дурдаад НҮБ-д байгаа ялгавартай байдал болон их гүрнүүдийн монополь нь байж болзошгүй зүйл гэлээ. Ингэж хэлснээрээ тэр НҮБ нь зөвхөн том орон нь жижиг орнуудыгаа дарлах гар хөл нь болон ажиллаж байна гэсэн утгыг агуулж байв. Чуулганы дараа сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа бид АНУ-тай ширээний ард суухад бэлэн байна гэж мэдэгдэв.
Иран-Хятадын харилцаанд сэв суулгаж буй зүйл нь шашинтай холбоотой зөрчилдөөн юм. Исламын шашины хувьсгал гарснаас хойш Иран улс нь Исламын шашныг тэргүүн зэрэгт авч үзэн түгээн дэлгэрүүлэх тал дээр онцгой анхаарах болсон. Гэвч энэ нь Хятадын засгийн газраас цөөнхи болох Исламын шашинт Уйгарчуудын талаархи бодлоготой зөрчилдөж эхэлсэн. Уйгарчуудын талаар хатуухан бодлого барьж ажилласан нь хоёр орны харилцаанд таагүй байдал үүсгэсэн юм. Хятадын хүн амын 4%-ийг бүрдүүлдэг ба Баруун Хойд хэсэг болох Шинжаны бүс нутагт Уйгарчууд амьдран оршдог. Хятадын үндсэн хуулинд "Ямар ч төрийн болон олон нийтийн байгуулага, хувь хүн, иргэн хүнийг шашинд итгэх, үл итгэхийг албан хүчээр тулгах эрхгүй ба тодорхой нэг шашинд итгэдэг итгэдэггүйгээс хамаарч ялгаварлан гадуурхахыг хориглоно" хэмээн заасан байдаг. Гэвч амьдрал дээр шашин шүтэх явдал маш олон хяналттай байх ба Будда, Ислам, Католик, Протестант болон Таоизм гэсэн шашиныг албан ёсоор хүлээн зөвшөөрдөг. Мөн сүүлийн үед Исламын шашинт Уйгарчуудыг гадуурхах үйл явц газар авах болсон ба үүний эсрэг жагссан элдэв жагсаал цуглааныг цэрэг, цагдаагийн хүчээр дарж байлаа. Хамгийн ойрын жишээ гэвэл 2009 онд болсон Уйгарын оюутнуудын засгийн газартаа ялагаваргүй хандахыг уриалан жагссан жагсаал байв. Энэ жагсаал эхэндээ зөвхөн оюутнууд оролцож байсан бол улмааргазар авч олон нийтийг хамрах болов. Үүний хариуд Хятадын засгийн газар цэрэг, цагдаагийн хүч илгээн энэхүү жагсаалыг хүчээр зогсоосон ба жагсагчид болон хүчний байгууллагынхны мөргөлдөөний улмаас 197 хүн нас барьж 1500 орчим хүн хүнд болон хөнгөн бэртэл авсан юмаа. Энэ нь Тиананьмений золгүй явдалаас хойш гарсан хамгийн том мөргөлдөөн байлаа. Хүний эрхийн байгуулагууд болон олон улс орон энэхүү үйл явдлыг маш их буруушааж байв. Энэ үйл явдал нь Иранд Исламын хувьсгал ялсны 30 жилийн ойтой давхцсан ба Иран улс нь Хятадын засгийн газартай найрсаг харилцаагаа хэвээр байлгахын тулд энэ үйл явдал дээр чимээгүй өнгөрөв. Зөвхөн Ираны шашны удирдагчид өөрсдийн зүгээс Исламын ахан дүүсийг нь ингэж хавчин гадуурхаж байгааг таатай бусаар хүлээж авч буйгаа мэдэгдэж байв.
Энэхүү цаг мөчид Хятад улсын хувьд Ирантай сайн харилцаагаа хадгалж үлдэн АНУ-тай ирээдүйд зайлшгүй тулгарах Их гүрний төлөөх тэмцлийн үндсийг тавих эсвэл АНУ-ын шаардаж байгаагаар Ирантай хийх худалдаанд хориг тавьж эхлэх гэсэн мухардмал замд ороод байна. Хятад улсын хувьд аль ч замыг сонгоход алдаа болон ололттой талууд бий. АНУ-тай хамтарснаар Хятад улс нь Ойрхи Дорнод дахь нөлөөгөө алдахаас гадна томоохон худалдааны түншээ алдах юм. Ингэснээрээ АНУ болон Европын Холбоотой харилцаагаа дээшлүүлэх ба НҮБ-ын хэмжээнд нэр хүндийг олж авах явдал юм. Харин Ираныг дэмжвэл Уйгарын талаархи хатуу бодлогоо зөөлрүүлэх, Ираны, Исламын шашины толгойлогчидын дунд нэр хүнд олж авах явдал юм.
АНУ болон Европын Холбооны зүгээс Ираны талд тавьж байгаа хориг арга хэмжээ нь Хятад улсын оролцоогүйгээр олигтой үр дүнд хүрэхгүй байсаар байна.Одоогийн байдлаар Хятад улс аль замыг тууштай шийдэх нь тодорхойгүй байна.
Хятадын Гадаад хэргийн сайд Хонг Лэй, Ираны Төв банктай худалдаа хийж буй олон улсын санхүүгийн байгууллагуудын эсрэг АНУ-ын үйл ажиллагаа авч буй нь Ираны дотоодын хэрэгт оролцсон олон улсын хууль тогтоомжоос дээгүүр чиг бодлого явуулж байна хэмээн шүүмжлэлтэй хандаж байгаа гэдгээ илэрхийлсэн. Цаашид болох үйл явдал олон нийт дэлхийн анхаарлыг татаж байгаа. Дээр дурдсан бүх орнуудад саяхан сонгууль явагдсан бөгөөд Барак Хусейн Обама, Бенжамин Нетаняаху болон Махмууд Ахмаденижад нар улиран сонгогдон ажиллахаар болсон харин Хятад улс Си Зинпин-ийг ирэх 10 жил Хятад улсыг удирдах удирдагчаараа сонгосон. Мэдээж хэрэг АНУ, Израиль болон Иран энэ асуудал дээр өмнөх бодлогоо баримтлах нь ойлгомжтой харин Хятадын шинээр сонгогдсон дарга энэ асуудал дээр Ху Жинтао-ийн баримталж байсан гадаад бодлогыг үргэлжлүүлэх эсвэл ямар нэгэн өөрчлөлт хийх эсэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа юм.
олон улсын харилцааны 4 дүгээр дамжааны
оюутан Жав овогтой Занданпүрэвийн Даваажав
2013 оны 3 дугаар сарын 01
Дубай хот
0 comments:
Post a Comment